"Оюунлаг" ЕБС мэргэжлийн хоол зүйчтэй хамтран "Үдийн хоол"-ны менюгээ шинэчилнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 29

"Эрхэт Монгол" медиа группийн харьяа Zindaa.mn сайт, ТВ8 телевиз, "Өглөөний сонин"-ы редакциуд хамтран сургууль, цэцэрлэгийн хоолны стандартыг сайжруулах санаачилга гаргаж, “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг энэ арваннэгдүгээр сарын турш онцолж байгаа билээ.

Өнөөдөр бид сургуулийнхаа "Үдийн хоол"-ны менюг шат дараатай шинэчлэн, мэргэжлийн хоол зүйчийн олон өдрийн сургалтаар цайны газрын тогооч, ажилтнуудаа чадавхжуулж буй "Оюунлаг" Ерөнхий боловсролын сургуулийн сайн жишээг онцолж байна. 

Ерөнхий боловсролын "Оюунлаг" сургууль Ирланд улсын "Institute of health sciences"-ын “Qualified nutrition & lifestyle coach / nutritionist & health coach” буюу мэргэжлийн хоол зүйч, зохистой амьдралын хэв маягийн дасгалжуулагч Б.Аззаяагийн зөвлөгөө, зааврын дагуу сургуулийнхаа хоолны газрын бүх ажилтан, ажиллагсдыг 45 хоногийн сургалтад хамруулж, сурагчдын "Үдийн хоол"-ны меню шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

"Оюунлаг" сургуулийн сурагчдад зөв хооллох зохистой амьдралын хэв маягийг хэвшүүлэх, сургуулийн гал тогооны хоол үйлдвэрлэх явцад хоол хүнс, шим тэжээлийн талаар баримтлах зарчмуудыг тодорхойлж, меню шинэчлэхэд сургалтын гол ач холбогдлыг чиглүүлсэн байна. 

Монгол Улсын Засгийн газраас "Үдийн цай" хөтөлбөрийг 2007 оноос эхлэн бага ангийн сурагчдын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн бол тус сургуулийн тухайд 1-12-р ангийн бүх сурагчдаа "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулж иржээ. 

"Үдийн хоол" хөтөлбөрийг тус сургууль зөвхөн цай ууж, хоол идэх гэсэн утгаар бус энэ үед болж өнгөрдөг бусад үйл явц нь хүүхдүүдийн сэтгэл ханамж, зөв хандлагыг авчрахаас гадна тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, зөв хооллолт, сурах идэвхийг дэмжих, эрүүл ахуйн зөв дадал, зуршилд суралцахад чиглэдэг гэж үздэг. Тийм ч учраас "Оюунлаг" сургуулийн захиргаанаас санаачлан хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хоолны илчлэг, шим тэжээлийн менежментийг анх нэвтрүүлэхдээ БНСУ-ын эрүүл ахуйн НАССР тогтолцоонд тулгуурлан явуулж эхэлсэн байна. 

Энэ хүрээндээ хоолны цэс, бүтэц, найрлага, давтамж, хүүхдийн өдрийн хоолны шаардагдах илчлэгийн хэмжээ, хоолны мэргэжилтэнгүүдийн хүлээн зөвшөөрсөн баталгаат технологи карт, хүнсний хадгалалт хамгаалалт, тээвэрлэлтийн журмыг мөрдөхийн зэрэгцээ хоолны бэлтгэлийн өрөө, дотоод тохижилт, заал, техник тоног төхөөрөмж гэх мэтчилэн бүхий л шаардлагатай зүйлсийг бүрдүүлж чаджээ. 
 


Түүнчлэн хоол, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчим” буюу худалдан авах, тээвэрлэх, хүлээн авах, хадгалах, үйлчлэх гэсэн зарчмыг чанд мөрдөн ажилладаг ба хоол үйлдвэрлэлдээ мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоог “Тусгай гэрээт” компаниас, сүү, сүүн бүтээгдэхүүнийг “Сүү” ХХК-иас гэхчлэн шинээр нь захиалж, хүргүүлэн, ашиглаж хэвшжээ.

Сурагчдын өдөрт авах илчлэгийг нарийн тооцож, хоолны жор, бэлтгэх технологийг мэргэжлийн байгууллагаар 14 хоногийн цэс хийлгэж, сургуулийн захирлаар баталгаажуулан, өдөр бүр салат, зууш, I ба II хоол, жүүс, нэмэлт бүтээгдэхүүний багц хоолоор үйлчлэхийн сацуу улирлын онцлогоос хамааран намар, өвөл, хаврын улиралд сурагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор аньс, чацаргана, витамин, аарц, мах, махан бүтээгдэхүүний орцыг нэмэгдүүлж өгдөг нь сайшаалтай байлаа. 

“Оюунлаг” сургуулийн тухайд жил бүр I-XII ангийн нийт суралцагчдын эцэг, эхчүүдийг “Үдийн хоол”-ны өдөрлөгт урьж, орц, амт, чанарт амталгаа хийлгэдэг уламжлал тогтоосон нь мөн давуу тал юм.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.176.136) 2023 оны 11 сарын 30

Хөөсөн охиноо хичээлд нь оруулсан уу.охины буруу биш шүүдээ. Охины ачаар шинэчлэл хийж байгаа биздээ. Гадуурхаж болохгү ээ.

0  |  0
zzzzzz(202.126.90.122) 2023 оны 11 сарын 29

teglee gd yaxaw de nuguu xooson xuuxdee yaa geed baigaan uzel bodloo xelsnii toloo saijruulxiin orond xoodog ni tgd xariun yawdal uu

0  |  0
Top