Өөрийгөө хайрлах алхам ЮУНААС ЭХЛЭХ вэ?

2023 оны 10 сарын 23

Бид нийгмийн харилцаа, хүрээлэл дунд өөрийгөө тодорхой хэмжээгээр алдаж байдаг. Өөрийгөө хайрлаж байгаа гэж бодовч хангалттай хайрлаагүй байх нь бий. Тэгвэл энэ алхам юунаас эхэлдэг талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.


Өөртөө үнэнч бай

Энэ нь хэлэхэд амархан ч үнэн хэрэгтээ ялимгүй төвөгтэй зүйл. Хүн өөрийгөө үнэмшүүлэхдээ хэтэрхий сайн учир өөртөө худлаа хэлж байгаагаа ч ялгахгүй өнгөрөх нь бий. Үнэн байх нь бүх л харилцааны гол түлхүүр бөгөөд таны өөртэйгөө харилцах харилцаанд ч үнэн байдал маш их хэрэгтэй. Та өөрөө өөртөө худлаа хэлээд байгаагаа мэдэж буй бол өөрийгөө хангалттай хайрлаж чадахгүй шүү дээ.

Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөр

Хүн бүр өөртөө өндөр шалгуур тавьдаг. Бусад хүмүүсийн шаардлагаас илүү өөрийн тань шаардлага танд илүү хүндээр тусах нь бий. Тиймээс өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, хүн гэдгээ мэдрэх нь чухал. Алдаа гаргах нь хэвийн үзэгдэл бөгөөд хэн алдаанаасаа хэрхэн суралцсан бэ гэдэг нь гол зүйл.

Өөрийгөө уучилж сур

Бид зарим нэг харуусал, зүхлээ үргэлж өөртөө тээж явдаг. Ямар ч алдаа байсан өөрийгөө уучилж, тухайн цаг үед, тэр үеийнхээ мэдлэг, мэдрэмжээр л үлдчихсэн үйлийг эргэн засах боломжгүй гэдгийг ухаарч, өнөөдөртөө илүү дээр байхад анхаар.

Зарим хүмүүст та таалагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөр

Та ямар ч байлаа гэсэн, өөрийгөө хэчнээн найрсаг, үзэсгэлэнтэй хүн гэж боддог байлаа ч гэсэн танд дургүйлхэх хүмүүс үргэлж байх болно. Энэ нь ч хэвийн үзэгдэл. Тиймээс тэдгээр хүмүүсийн санаа бодлыг өөрчлөх гэж цагаа гарздах хэрэггүй. Өөрөөрөө байх гэдэг нь бусдад таалагдах гэж хичээлгүй, өөрийн жинхэнэ дүр төрхөө бардам гэгч илчлэхийн нэр юм.

Мэдрэмжээ гарга

Танд тухайн мөчид төрч байгаа мэдрэмжээ эерэг байсан ч, сөрөг байсан ч ил гарга. Мэдрэмжээ нуун дарах нь хамгийн аюултай зүйл.

Биеэ арчил

Эрүүл мэнд бол хамгийн үнэтэй зүйл. Өөрийн биеийн эрүүл мэндэд анхаарах нь өөрийгөө хайрлах нэг арга юм. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллож, ус ууж, 7-8 цагийн нойр авч байх нь таны өөрийгөө эрхлүүлж байгаа нэг хэлбэр юм шүү.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top