Булганы хоёр БУЛАЙ

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 09 сарын 26

Ийн нэрлэх шаардлага байсан юм шүү. Улсын төсөв баталж байхад цахим орчинд нүцгэн байр сууриа илэрхийлж суугаа УИХ-ын гишүүнийг булай гэхээс өөр арга байсангүй. Мөн нас тогтсон Төрийн түшээ охид бүсгүйчүүдтэй нүцгэн зургаа цахим орчинд тарааж байгааг булай гэхээс өөр арга байсангүй. Гэтэл үүнээс ч дор зүйл бас л булганчууд дундаас тодров. Дарга сайд, ерөөсөө эр хүнд түмэн зүйл тохиолдоно. Гэвч хэдэн зуугаар нь, мянгаар нь охид бүсгүйчүүдийг дарамталсан УИХ-ын гишүүнийг булай гэхээс өөр арга бас байсангүй. Тэгээд ч Булган аймгийг бүхий л зүйлээрээ анхдагч хэмээн тахин шүтэх нь халаг явж ирсэн. Анхны сансрын нисгэгч, анхны олимпын аварга гэх мэтээр цааш хөврөөд байна. Харин тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нар анхдагчдын түүчээг аймаг, улс, бүр олон улсын хэмжээнд даацтай тодруулж ирсэн нь Булган аймагт төдийгүй дэлхийд анхдагч болж байна. Тэгэхээр “Булганы хоёр булай” гэх нэрийг хэрхэн, яаж зүүх болсон талаар цухасхан дурдах ёстой.

Ж.БАТ-ЭРДЭНЭ:

Сүрхий эр ээ. Балетын бүжигчин бүсгүйтэй нүцгэн зургаа цахимд байршуулж  байгаад сонгуульд ялчихсан. Монгол Улсын түүхэнд анх удаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нууц амрагтайгаа татуулсан нүцгэн зургаар сонгуулийн пиар хийсэн юм. Булганчуудыг анхдагчид гэж нэрлэдэг нь дэмий зүйл биш аж. Тэр ч анхдагчдын нутгийн гишүүн гэдгээ батлан харуулсан. Хэтдээ 2024 оны сонгуульд нүцгэнээс хэтэрсэн зураг цацагдаж таарна. Цочирдох хэрэггүй. Өнгөрөгч 2020 оны хоцрогдсон арга технологио дахин хэрэглэхээр сонгуульд унах учраас давсан арга хэмжээ шаардлагатай болно гэдгээ тэр тооцоолж байгаа. Миний хувьд түүнийг нүцгэн зургаар сонгуулийн пиарыг хийж байна гэж бодсон. Гэтэл сайх бүсгүй өөрөө “Улаан бал” нэвтрүүлэгт “Ж.Бат-Эрдэнэ бол миний нууц амраг мөн” гэж хэлэхээр л  сонгуулийн пиар биш гэдгийг ойлгов. Гэхдээ би энэ үгэнд итгэх итгэхгүйн завсарт л сууна. Мөн байсан ч хорвоогийн явдал, эр хүний л ажил. Магадгүй булганчууд гишүүнийхээ нүцгэн зургийг харахдаа цочирдоод саналаа овоолчихсон байх. Эсвэл анхдагчдын нутгийн хүү гэдгээ батлан харуулсанд нь сэтгэлээ өгсөн байх.Гэтэл мань эр хатуу хөл хорионы үед УИХ-ын чуулган цахимаар хуралдахад мөн дотуур өмдтэйгөө нүцгэн хуралдаанд оролцсон. Цолоо батлана гэгч болов. Анагаахын шинжлэх ухаанд дахин дахин нүцгэн зураг дүрсээ олонд харуулах нь “Гаж зуршил” гэж үздэг байна. Анагаахын шинжлэх ухааны үүднээс аваад үзэхээр парламентад нэг “гаж зуршил”-тай гишүүн байж таарах нь. Энэ үеэр Улсын төсвийг чуулганаар баталж байсан учраас “Улсын төсвийг бандагтайгаа баталсан анхны гишүүн”-ээр аанай л тодорсон. “Өмдгүй төсөв” ч гэж л байсан. Ерөөсөө нүцгэн байх дуртай хүн байж болно л доо. Энэ утгаараа анхдагчдын нутаг гэдгийг харуулсаар яваа шийртэй нөхөр. Тус асуудал нь Булганаас бүр Монгол Улсаас хальж дэлхийн түүхэнд дотуур өмдтэйгөө чуулганы хуралдаанд оролцсоноороо анхдагч болж байна. Булганчууд ч гишүүнээ даган дэлхийн түүхэнд анхдагч аймгаар тодорч үлдэнэ. Ийм л нэг булай гишүүн байна. Одоо бол нүцгэн зургаар газар авахгүй гэдгээ эрх биш гадарлаж байгаа байх.

Нөгөө талаар эр хүний хувьд хээ шаагүй нэгэн гэдэг нь үнэн байх. Түүнийг 10 гаруй жилийн өмнө Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад тодруулга авч байсан, нүцгэн битгий хэл зургаа татуулахаар сайхан хээ шаагүй нөхөр байсан санагдана. Энэ гүдэсхэн зан нь сайдын суудалд удаан суулгаагүй байх. Яагаад гэхээр Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байхад яаман дээр хундага тулгах, нэг нэгэндээ шанаа өгөх асуудал мэр сэр байсан гэдэг. Асуудлыг нударгаар шийдэх мэт зүйлийг тоодоггүй байсан юм болов уу даа. Эр хүн ийм л байдаг даа. Эр хүн шиг загнаж байсан учраас хэтдээ хоёр алба хаагч нэгнийхээ аминд хүргэсэн байх магадлалтай. Орчин цагт “Сайхан эр хүний зан” гаргах нь зохисгүй болжээ гэдгийг л харуулсан. Тэгэхээр айсуй сонгуулиар нутагтаа нэр дэвшээд яваад очихоор булганчууд нүцгэн биш байна, хувцастайгаа ирлээ гэж бухимдаж магадгүй юм.

Ц.АНАНДБАЗАР:

Энэ нөхрийг монголчууд сайн муу аль ч талаар нь нэгэнт мэдэх болжээ. Асар өндөр эрсдэл дунд улс төрийн оролцоотой дэнчин тавьж амьдардаг учраас тэр олны танил болсон байх. Их хөрөнгөтэй өндөрлөгт амьдрах нь хуультай хуульгүй эр зориг шаардаж таарна. Нөгөө талаар нохой нь хүртэл таньж хуцахаар болсон Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Соёлын сайд байхад Шадар туслахаар нь улс төрийн захад хөл тавьсан нь түүнийг олны өмнө гаргахад түлхэц болоо биз ээ. УИХ-ын гишүүн болсон даруйд нь хэд гурав биш, хэдэн арав ч биш. Бүр хэдэн зуугаар тоологдох бүсгүйчүүд чангааж ноолсон гэх баримтыг нэгэн бүсгүй дэлгэнэ хэмээн сүрдүүлэв. Азарга хүртэл арав, хорин гүү хураадаг байтал Ц.Анандбазар гэх эр хүн хэдэн зуугаар нь мянгаар нь “хураасан” гэх хэрэг оволзоод намдсан. Гүтгэлэг байсан уу, ихээхэн мөнгөний хөлд үрэгдэж үгүй болсон уу би мэдэхгүй юм. Гэнэт шуурсан шигээ гэнэт л алга болов. Мань эр ч өрсөлдөгчдийн зүгээс барьсан “бэлэг” хэмээн төөрүүлсэн. Мэдээллийг дэлгэсэн бүсгүй нь лавтай түүний хамтрагч Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй нүцгэн зургаа дэлгэж төрсөн өдөр тэмдэглэсэн нь цахим орчинд бий. Тэгэхээр өрсөлдөгчдийн зүгээс зохион байгуулсан ажиллагаа байхыг үгүйсгэхгүй. Харин энэ шуугианы ар талд “Сүргийн манлай” гэх нэр зүүгээд үлдэнэ лээ. Энэ л утгаараа тэр сайн муу хэлүүлж л явна. Хэдийгээр муу сайн нэртэй ч ж.Бат-Эрдэнээсээ давуу талтай.

Учир нь түүний үүсгэн байгуулж, өдгөө үйл ажиллагаа явуулж байгаа “Сод Монгол” групп өөрөөсөө 14 охин компани төрүүлж, улсын төсөвт жилдээ 100 гаруй тэрбум төгрөг тогтмол төвлөрүүлж ирсэн гэхээр яах аргагүй улс орондоо өндөр хувь нэмэр оруулж байгаа хүн. Үүгээр зогсохгүй “Сод Монгол” хэмээх айлд өдгөө 2000 гаруй хүн ажиллаж байгаа гэхээр олон хүний амьдрал ахуйг тэтгэж яваа ачтан гэхээс өөр аргагүй. Харин улс төрд байх ёстой хүн мөн үү биш үү гэдгийг өнөөдөр дүгнэх боломжгүй. Ямартайч энэ булай гишүүн айсуй 2024 оны сонгуулиар “Сүргийн манлай” гэх нэр зүүсэн шалтгаан нь чамгүй саад болно доо. Үүнийг би хэлчихсэн юм биш. Хүчирхийлэлд өртсөн гэх бүсгүй нь өөрөө хэвлэл мэдээлэл, цахим орчинд нээлттэй зарлачихсан юм.

Ямартай ч тэр энэхүү үзүүлэлтээрээ анхдагч түшээгээр тодорч байгаа. Тэр их улс төрд орохыг эртнээс мөрөөдөж зүтгэсэн ч дандаа саад тотгортой тулгарч байв. Дорноговь аймгийг ч услах гэж оролдсон. Улаанбаатарт ч санаархаж үзэв. Эцэст нь ээжийнхээ төрж өссөн нутаг Булган хангайгаас чамгүй өндөр санал авснаар 2020 онд УИХ-ын гишүүн болсон. Аав нь Дорноговь, ээж нь Булган аймгийнх, өөрөө Улаанбаатарт төрсөн. Тиймдээ ч улс төрийн нүүдэл хийж, говь хангай, нийслэл аль аль талд нь “төлөг тавьж”, азаа үзсэн учраас “Олон нутагтай хүн” хэмээн нэрлүүлсэн нь ч бий. Гэхдээ “Сүргийн манлай” гэх нэр нь олон нийтэд илүү хүрч байгаа бололтой.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрөө(66.181.176.180) 2023 оны 09 сарын 27

Бузарууд холхон л байгаасай

0  |  0
зочин(202.9.40.57) 2023 оны 09 сарын 26

БУЛГАНЫ БУЛАЙЧУУД НЭР НЬ ТААРЧ БАЙНА

1  |  0
Шаврын хаалт(45.117.35.20) 2023 оны 09 сарын 26

Сонгуулийн шаврын хаалт болоод байсан түвшинбаярыг замаасаа зайлуулдаг шиг юм уу даа,

1  |  0
Шаврын хаалт(45.117.35.20) 2023 оны 09 сарын 26

Сонгуулийн шаврын хаалт болоод байсан түвшинбаярыг замаасаа зайлуулдаг шиг юм уу даа,

2  |  0
Top