Үүх түүхээ мөнгө болгохсон

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Өвөрмонголын Ордос хотод байрлах Чингисийн онгонд аялал зугаалга, ажил амьдралаар очих бүрдээ л ийм бодол төрж, битүүхэн дотроо атаархдаг юм. Хэдийгээр тус газрын зарим зүйл нь хэтрүүлэгтэй, түүхийг гуйвуулсан мэт боловч дэлхийн аялагчдыг их хааны нэр сүрээр даллан дуудаж, асар их хэмжээний мөнгийг улсынхаа төсөвт оруулсаар хэчнээн ч оныг үдэв. Гэтэл бид “Монголд тавтай морил” хэмээн уриалсан ч өнөөх л бие засах газрын асуудлаа ярьсаар, хэрэлдсээр сууна.

Уг нь бидэнд хар дээр цагаанаар биччихсэн бэлээхэн түүх нь байна. Түүхийн эх сурвалжуудад дурдагдсан олон сайхан газар ус, элдэв бүтээн байгуулалтын туурь нь ч байна. Хэнтий аймагт л гэхэд Ордосын дайны хэд хэдэн газар байгуулж, “Дэлхийн суут хүмүүн энд төрсөн юм” хэмээн итгэл дүүрэн, нүүр бардам хэлээд зогсож байвал дэлхий бидэн дээр ирэх л учиртай. Зөвхөн үүгээр ч зогсохгүй эрт галавын үлэг гүрвэлээс эхлээд энэ орчлонгийн анхны төрт улс Хүннүгийн түүх нь ч биднийх л шүү дээ.

Туулын хар шугуйд Хэрэйд аймгийн ван хааны орд өргөө байсныг гэрчилсэн туурь, буурал Орхоны хөндийд Түрэгийн эзэнт гүрний түүхэн олдворууд гээд бидэнд уг нь түшиц газар нь бий. Харамсалтай нь энэ бүхнийг хийх, эхлүүлэх сэтгэл л дутаад байх шиг.

Жаахан сэтгэл гаргаад, багахан хөрөнгө зарчихвал бидний яриад байгаа “400 сая жуулчин” ирэхгүй гэх газаргүй л санагдана.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.227) 2023 оны 10 сарын 12

монголчууд үүх түүхэн сонирхдог ард түмэн бишээ.

0  |  0
ЗОЧИН(139.5.219.227) 2023 оны 10 сарын 12

өвөрмонголчууд чинь сэргэлэндээ ч биш. тэд чинь үүх түүхээ чин сэтгэлээсээ хайрладаг улс.. тийм учраас энэ салбар нь хөгжөөд байгаа юм. манайх бол ер нь цөөхөн хүмүүс за бүр хэдэн судлаачдаас нь өөр хүмүүс түүхээ тоодгүй. өнгөрсөн түүх өнөөгийн амьдралаас нь хол. өнөөгийн амьдрал нь бол гое утас, машин, караоке, мөнгө мөнгө . амьдралыг үнэлдэг зүйл нь огт өөр. ар монголчуудын хувтд гадагшаа явж ажил хийх. тэнд гайгүй байвал монголын амьдрал нэг их шаардлагагүй. амьдралын үнэлэмж нь огт өөр. өвөрмонголчууд сэтгэл арай зөөлөнтөй

0  |  0
Top