Цар тахлын үед туршлага сууж, сургамж авснаа хэлэлцэв

2023 оны 05 сарын 31

Эрүүл Мэндийн Яам, Улсын Онцгой Комисс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улс дахь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгчийн газар хамтран “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг тус сургуулийн Соёлын төвд зохион байгуулав. Уг эрдэм шинжилгээний хуралд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын эрдэмтэд болон Зоонозын өвчин судлалын салбарын нийт мэргэжилтнүүд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөлөгчид албаны бусад хүмүүс оролцов.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, Улсын онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөлийн дарга Н.Хүрэлбаатар, Монгол Улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлсэн юм.

Энэ үеэр Н.Хүрэлбаатар захирал “Цар тахлын үеэр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хамт олон халдварын үүсгэгч эмнэл зүй, оношилгоо, эмчилгээ вакцины дараах дархлал тогтоцыг үнэлэн 20 гаруй судалгаа хийж,, эмч нарт зориулсан цахим сургалт зохион байгуулж, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад чиглэсэн 111 зөвлөмж, 16 видео контент, 37 тойм судалгааны үр дүнг түгээж, мэдээллийн хэрэгслээр найман удаагийн ярилцлага, зөвлөгөө өгсөн байна. Бид Засгийн газар, Онцгой комисс, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны дэмжлэгээр Эмнэл зүйн молекул оношилгооны төвийг шинээр байгуулан, вирусын халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуурыг бүтээж, 550 гаруй ор дэлгэн, цар тахлын үеийн ачлаалыг бодитойгоор хуваалцаж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол, Японы эмнэлэг ковид-19-өөс шалтгаалсан нас баралт хамгийн бага гарган ажилласныг онцлон тэмдэглэж байна” хэмээсэн юм.

Харин Онцгой комиссыг ахалж ажиллаж байсны хувиар Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөх, хэзээ, ямар мутаци дахин дэгдэх, хэр зэрэг хор хохирол учруулахыг хэн ч тааж мэдэх боломжгүй үед Монгол Улсын Засгийн газар, УОК-оос иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ цар тахлын улмаас уналтад орсон эдийн засгаа сэргээх, ажлын байр хадгалж, ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих бодлого баримтлан ажилласан. УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий эрдэмтдийн зөвлөл байгуулан ажилласан нь маш үр дүнтэй байлаа.

Эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх гол найдвар нь вакцин байсан учраас төр, засаг ард иргэдээ цаг алдалгүй вакцинд хамруулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ. Бид цаашид тайвширч өнгөрснөө мартах бус алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, болзошгүй гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах,  эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Гамшгийн эрсдэл үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлж, үнэлгээ хийх, улмаар экосистемийн доройтол, халдварт цар тахал  зэрэг нийлмэл хүчин зүйлсийг шийдвэрлэх чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээнд тулгуурласан эрсдэлийн менежментийг хөгжүүлэх, инновац, шинжлэх ухаанч онол, арга зүйн боловсруулалтыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Мөн Гамшгаас хамгаалах болон Эрүүл мэндийн тухай хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог үе шаттай шинэчлэн чадавхижуулж, иргэдээ мэдээлэлжүүлэх, нийгмийн суурь өвчлөлийг багасгах нийтийн эрүүл мэндийн чиглэлд онцгой анхаарах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрсдэлийн үеийн ажиллах горим, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээв. Хуралдаанаар цар тахлын үеийн бодлого, эрх зүй, нийгэм, эдийн засаг, эрсдэлийн үнэлгээ, харилцаа холбоо, логистик, шуурхай хариу арга хэмжээ, халдварын хяналт сэргийлэлт, тархвар зүй, оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүний нөөцийн бэлэн байдлын чиглэлээр хийгдсэн нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн бүхий илтгэлүүд хэлэлцэгдэж, 200 гаруй эрдэм шинжилгээний илтгэлээс бүрдсэн хурлын эмхэтгэлыг олны хүртээл болгосон.

Мөн үеэр салбарын алба хаагч, эрдэмтэн мэргэд илтгэл тавьсан. Тухайлбал, ид цар тахлын халдвар дэгдэж байх үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, өдгөө Дэд сайдаар ажиллаж буй С.Энхболд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, Улсын онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Хүрэлбаатар, Онцгой байдлын газрын дэд дарга Бригадын генерал Б.Ууганбаяр, Хууль зүйн поктор Г.Нарантуяа, Физикийн ухааны доктор Т.Бэгзсүрэн, Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Оюунсүрэн, эдийн засгийн шинжлэх ухааны магистр Б.Батжаргал тэргүүтэй эрдэмтэн мэргэд илтгэл тавьсан. Үүний зэрэгцээ Бодлого эрх зүй, эдийн засаг, бие анагаах-биотехнологийн, эмнэлзүйн, нийгмийн эрүүл мэндийн гэсэн салбар хуралдаанууд болж, үүгээр тулгамдаж буй асуудлаа ярилцаж, салбар хуралдаануудын зөвлөмж төслийг танилцуулсан юм.

С.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 Хуваалцах  Жиргэх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top