Батмөнх даян сэцэн хааныг алдаршуулах ажлын гол хэлбэр нь урлаг, утга зохиол

2023 оны 05 сарын 09

“Батмөнхийг эрэх биш олж алах, тэгснээрээ Чингисийн угсаа, алтан ураг бүрмөсөн тасрав “[20т] гэсэн яриа үүсгэх зорилго агуулсан 15 зууны нэн хүнд цагийн дундуур Халхын өмнөд говиос хагас мянганы тэртээд алтан ургаас өргөмжлөгдсөн Батмөнх даян сэцэн хааны талаар мэдээ баримт түүхэнд балархай  цогц судалгаагүй ч түүний түүх намтар урлаг соёлын бүтээлээр биежин боссоор байна.

Халхын өмнөд говийн Хүрэмт хэмээн авгайлан дуудсаар ирсэн Хүрмэнхайрхан их говийн Тавансухайн хөндийдхи Эрднийн ухаагийн орчим нутаг “Батмөнх даян хаан[гурамсан роман].УБ.2023” романд түүхэн байдлаар нь, түүхэн хүний дүрийг түүхэн хэвээр нь үлдээж дүрсэлснээр, “Худагдэрстэйд нар хормойлж явна гэж зүүдэлсэн ээж Шихэр тайху хатнаас 1464 онд мэндэлж(Д.Хүү.Бхтмөнх даян хаан роман 3 тал), Батмөнх нэрийг олон учир таниж эхлэх 7 нас[1470 он]-аасаа эхлэн Даян хаан ор суун ард түмнийхээ дунд “Сэцэн”  нэрээр алдаршиж Монголын түүх бичлэгийн хоосон зай мэт хоцорч баримт хамгийн бүрхэг, ихэвчлэн домог шинжтэй яриагаар үлдсэн үеийн турш амьдрахдаа бараг хагас зуун жилийг улираан Монгол улсын их эзэн хаанаар тасралтгүй явж 1517 онд ТНгГРИ-т хальсан хаан юм.

Батмөнх бол Чингисээс Лигдэн хүртэлх 38 их хаадын отгон хүн, 31-дхи их хаан юм. Даян хааны тухай яг яс түүх намтрын бичвэр нь бяцхан домог юм. Аман домогт, “Тангудад булаалгасан”-аас айдас хүйдэс сэтгэл санаашралаар бэтэг өвчтэй болсон гэдэг л үгүүлэмж байх аж. Тэр домгоор дамжиж, түүхэн хүмүүс болох Төмөрхадаг болон эхнэр Саахай нар есөн цагаан ингэний сүүгээр тэжээж гурван мөнгөн аяга цоортол илэн байж Батмөнхийн өвчнийг нь эдгээсэн гэх баримтын аман хууч л уран дүрслэлийн эх ундраг болж байна. Батмөнхийн дүрийг “Сэтгэл муутантай толгой холбоотой, хөл хэрээтэй яваагүй[10т]-г харагдуулдаг“-аар харуулах боломж ийнхүү домгоор уламжилж  иржээ.

Гэтэл 15 зуунд Батмөнх даян сэцэний өөрийн нь нэр өргөмж, хүндэтгэлээр нь нэрлүүлж уламжилсан “Даян хааны зургаан түмэн Монгол[магтаал]” нэртэй шүлэглэсэн зохиол бий. Мөн дайн байлдааны ялалт тэмдэглэсэн түүхэн газар, овоо хайрхад болон хад чулуундхи бичвэрийн мэдээ,   дурсгалууд говь нутагт нь төдийгүй Монгол орны өнцөг, булан бүрт тааралддаг байна. Шинэ үеийн уран бүтээлчид ч зохиолдоо Батмөнх хаанаа дүрслэн алдаршуулж эхэллээ. Эдгээрээс цөөнийг нэрлэвэл, төрийн шагналт  Ш.Гүрбазар, хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров нарын “Батмөнх даян сэцэн хаан” гэдэг дуу, МУ-ын СГЗ Д.Хүүгийн “Батмөнх даян хаан[1 бяцхан домог гурамсан роман болов].УБ.2023” роман, орон нутагт хаанаа алдаршуулсан бүрэн хэмжээний “Даян хаан Батмөнх” жүжиг, нутгийн зохиолчдын богино хэлбэрийн шүлэг цөөнгүй бичигдээд байна.

Ариун жонон цолтой Баянмөнх алтан ургийнхан дотор хүү Батмөнхөө төрүүлсэн юм. Батмөнх бол Чингис хааны удмын тайж ноёдын угсааны 16-дхи үеийн ач юм. Өмнийн цэнхэр хязгаар бол Батмөнх даян хааны мэндэлсний түүхт 560 жилээс урагших түүх сүвлэсэн тэгш ойг тэмдэглэж байгаа хүнд үйлдвэр хөгжсөн уул уурхайн нутаг. Өнөөдрийн их говьтой нь Батмөнхийг холбох, эсвэл “Хаанд өргөмжлөгдсөн зөвхөн 7 нас” нь л гэхэд аль ч төрөл хэлбэрийн ямарч зохиолд сэдэв болж, алдаршуулах боломж юм. Учир мэдэхгүй багачуулд ууц бүү тавь гэдэг хэрнээ, Төр улсаа 7-наст хүүхдээр удирдуулдаг гайхамшигт үндэстэн бол Монгол юм. Энэ бол Батмөнх даян хааныг алдаршуулахад үл дундрах мөнхийн санаа, “Ухаад үл барагдах уурхай” мэт эрднэс, эрдэнэ баялагтай дүйцэм оюуны том сэдэв. Өөр нэг жишээ татвал: Говь нутгийн газар усны домог, зарим нэрийн түүхэнд Батмөнх даян хаан түүний гэр бүл, авга нагац нарын амьдрал адал явдлыг холбон хэлэлцсээр ирсэн байна. “Зээгийн бууц[41т]”, “Ихрийн худаг[210т], [Хүрмэн, Хүйс шар толгой] гэх мэт. Энэ мэтээр “Хааныг алдаршуулах сан” ажиллуулах, нэрэмжит байгууллага буй болгох, бас бүдэг бадаг улбаа мөрийг нь амилуулан алдаршуулах ажлын оновчтой хэлбэрийн нэг бол урлаг, уран зохиол болж байна.

Харин их говь буюу нутгийнхан нь Батмөнх даян сэцэн хааныхаа талаар нэг санаатай явдгийг гаргаж сониноор дамжуулан илэрхийлсэн манай нэртэй нэг уран бүтээлчийн эшлэлийг уншье. “...Цээл их говийн Хүрмэн хайрхан, тунгалаг усан Худагдэрстэй, Хүйс шартолгой зэрэг газар орноор баримжаалж, Батмөнх даян хааныхаа төрсөн газрыг нь(До.Цэнджав.Өглөөний сонин.2023№38) тогтоосон” гэжээ. Ийнхүү Монгол орны нийт ард иргэд болон, Өмнөговь аймгийн нутгийн удирдлагуудын зүгээс хүндэтгэлтэй хандаж хаанаа алдаршуулах ажлыг ямагт эрчимжүүлсээр ирснийг зохиолч хүний хувьд миний бие ямагт талархаж, дэмждэг юм. Домгийн хаан Батмөнх бол түүхэн хүн. Тэр дүр зуун зууны турш тухай тухайн цаг үеүүдэд зохицож баяжин шинэчлэгдсээр ирсэн. Даян хааныг зохиолчийн хуурай зориг, хоосон санааны дүр болгож үл болно. “Шихэр ээжийн хормойд өнгөтийг үсэргэж, энгэрт нь сүү ивэлгэж төрсөн[9т]” түүхэн хүн даяар Монголын их хаан Батмөнх юм. Тиймээс Монгол орны нутаг нутагт Батмөнхийг өөррүүгээ татаж, ойртуулдаг. Харин эртний өвөр Халх болон, арын говийнхан Мандалын говь, Шандын говь, галба Шанхын говийнхний түүхэн хүн. Өөрөөр хэлбэл 1464 онд мэндэлж 1470 онд Алтан ургаас магадгүй эрж хайж, үлдсэн цорын ганц гэгдэж 7 насандаа 31-дхи их хаанаар өргөмжлөгдөж, сүүнээсээ гараагүй  нялх унага адил Монголын төрд үнэнчээр зүтгэсэн амьдралтай түүхэн их хаан.

Алтан ургийг устгаж Халхын ноёдын сүүл тасарлаа гэсэн ойлголтыг тараах зорилготой(Ч.Үл-олдох ярилцлага. “Өг\сонин”.2023№3839) хүнд цаг үед Батмөнх өсч өндийсөн аж. Батмөнхийг олох биш алахын төлөө тэмцэлдэж байсан тэр ээдрээт цаг үед нүүдлийн аян замд тэмээний бөхөнд өлгөсөн ууттайгаа мултран унаж эзгүй хээр  хаягдахад нь авалгүй тэр чигт нь орхиод явчихсан. Хүн гэж ч тоогоогүй. Тэр бол нагацын талынх нь хүн Булгачны Бахай хэмээгч эмэгтэй[муу ээж] юм. Бахайн хэлж буй үг нь “Босвол богд, үрэгдвэл буг болно” гээд аян зам нүүдлийг даахгүй гэх шалтгаар хээр хаяад явчихсан нь түүх юм. Аав Баянмөнхийг нь алчихсан ээжийг нь Нисман гэгч булааж аваачаад төөрүүлчихсэн ингээд Батмөнх өнчин хоцорч үлдээд мөлхөж явсан говь[бусдын] нутгийнхний дэмээр амьдарч, 7 насандаа их хаанаар өргөмжлөгдөж байжээ.

Ийнхүү хагас зуун шахам жил Монгол улсаа удирдаж, өөрийн хаанчлалыг тогтоож явсан түүнийг тодруулан бичнэ гэдэг хэцүү. Мэдээж судалгаагүйгээр юм хийнэ, бичнэ гэж байхгүй. Бие ухаан билиг чанар гээд олон талаас хандах учиртай. Судалгааны тухайд ч Өвөрмонголын болон Хятадын эрдэмтдийн хийсэн судалгаа ч бас хомс. Мөн Оросын эрдэмтдийн хийсэн хоёр, нэгийн зэрэг ном бий. Монгол эрдэмтэд бүрэн судалгаагүй байна. Харин эхлэл төдий байнаа шинэ судалгаа, бас олдаршуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Одоогоор байгаагаас арай дэлгэрэнгүй мэдээлэлтэй нь  Саган сэцэний ”Эрднийн товч[17 зуун]” зохиол юм. Үе, үед мэдээ төдий үлдсэн[Г.Гомбоев.Алтан товч.М.1858, мөн Тэмэгэтийн хувилбар.Бээжин.1925]-ийг хэрэглэж ирэв. Эртний түүхэн сурвалжид даян хаан Батмөнхийн тухай  нэн ховор, түүнтэй холбоотой эд өлгийн дурсгал бүр ч байхгүй, музейн тавиур  хоосон байна.

Харин түүхийн хэсэг тасархай үйл явдлуудаар нь тухайлбал, Мандухай хатан, Даян хаан нарын холбогдлыг дүрсэлсэн дэлгэцийн болон уран зургийн бүтээл эхэлсэн төдий байна. Энэ байгаа байдлыг зохиолч, кино найруулагч Ж.Дэнсмаа үгүүлэлдээ, “...Гэтэл түүхийг нь аваад үзтэл 7, 8 хүүхэд төрүүлж өсгөсөн тийм агуу хатныг хоёр хүүхэд гаргаад өөрөө 30, 40 насандаа мөнхөрсөн ойлголтыг хүмүүст өгснөөр “Мандухай сэцэн хатан” кинонд үзүүлж байна. Түүхэн кинонд тэгтэл үнэнийг үгүйсгэн хэтрүүлж, түүхээ мөхөөж болохгүй[Ж.Дэнсмаа. “Түүхт хүний дүрийг мөнхлөх гээд мөхөөж болохгүй(Өглөөний сонин.2023.04.24№072\3873)]” гэсэн байна.

Нөгөө талаас Батмөнх даян сэцэний болон гэр бүлийн түүхэн хүмүүст үлдсэн төрийн бодлого, гэрийн сургалтын ухаан тэд нарын оршин амьдарч нутаглаж явсан газар шороо уул ус өнөөдөр хэвээрээ байна. Тиймээс хүүхдийн хүй эцгийн буурь газрыг дагадгаас Батмөнхийн хүй дарсан тоонотын хөх чулуу эцсийн амьсгал татахад ”Хөшөө болон хувирч” хоцорсон аж. Тэр газар бол Хүрмэн сумын нутаг Хүйс шар толгой байлаа. Түүхт их хаан Батмөнхийн дурсгалыг Шихэр ээжийн хормойд өнгөтийг үсэргэж, энгэрт нь сүү ивэлгэж төрсөн тоонотод нь мөнхжүүлж, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг “Хүйс шартолгой”-д гэрэлт багана, мөлхөж бойжсон газар шороо Даланбулагийн хөвөөнд байршсан өдгөөгийн Даланзадгад хотын төвд өвч хуягтай морьт хөшөөг нь босгож өмнөх жилүүдэд нутагт нь мөнхжүүлсэн. Энэ бол 20, 21 зууны үеийн шинэ Монгол улсын дээд “Хүндэтгэл”.

“Монголын уламжлалт ёс заншил, төрт ёсыг бэхжүүлэхэд хамгийн өндөр хувь нэмрээ оруулсан Чингис хааны алтан ургийн 31-дхи их хаан[Б.Бадраа(ИТХ-ын дарга), Р.Сэддорж(Засаг дарга) нарын гарын үсэгтэй “ХҮНДЭТГЭЛ(2023.02.27)”бичгийн үгээс] хүн” гэж Өмнөговь аймгийн нийт ард иргэд, орон нутгийн удирдлагуудын зүгээс  тодорхойлж байна. Батмөнх даян хааны талын яриа бол хэн нэгний хөнгөн хийсвэр үйл ажиллагааны дунд явж өнгөрөх зүйл огт биш аж. Сэтгүүлч Ч.Үл-олдох, нутгийн нийт ард иргэд, өнөө цагийн нутгийн удирдлагууд нь хүндэлдэг, говь нутгаа алдаршуулан уул уснаа мөнхөрсөн түүхээр аргамжаа уяа нь тодорсон даяар Монголын их хаан Батмөнх даян сэцэний тухай “Өглөөний сонин(2023.03.02№038\3839.1,4 нүүр)”-д нийтлүүлсэн саяхны нэг ярилцлагаа “Даян хааныхаа түүхийг хуушуурын мөнгөөр худалдчихгүйн тулд өнөө хүрлээ” гэж ном бүтээл, уран зохиолыг дээдэлсэн хүндэтгэлийн агуулгаар гарчигласан байсныг зориуд дурдъя.

Хаан хүний тоонот ТНгГРИ-т ивээгддэг биз. Хааны тоонот ус нутаг, газар шороо нь өнөөдөр өөдөөс түүх хэлж байна уу? гэмээр тийм дурсамж судалгаа энэ танхимд хэрхэн өрнөж байгааг, та бидний ЭШХ-ын үйл ажиллагаа  харуулж байна. Би уран бүтээл, утга зохиолын салбарт ажилладаг хүн. Би “Батмөнх даян хаан[УБ.2023]” нэртэй гурамсан романы нээлтээ олон жил хүлээсэн. Яагаад гэвэл би энэ романыг хувь хүний зүгээс хандаж гудамжинд тавиад хуушуурын мөнгөөр үнэлээд зарчих сэтгэл байгаагүй.  Нөгөө талаас тийм хэмжээнд гүйлгэх дүр ч бас биш. Даян хаан бол түүхэн хүн даяар Монголын их хаан. Гол үйл явдал нь Батмөнх даян хааны удам судар гэр бүл, авга нагацын хүрээнд бичигдсэн. Түүхэн талаас нь хэлбэл олон түүхийн уулзвар үеийг харуулсан бүтээл. Танин мэдэхүйн ховор баримтууд орсон учраас МУЗ-д орж ирж байгаа анхны танин мэдэхүйн роман юм.

Эхний ботид[1464-1482] Даян хааны бага залуу нас, удаах ботид[1483-1500] хааны идэр залуу нас сайн, саар явдал, бутарч хоорондоо дайсагнасан “Зургаан түмэн Монгол” цусаа садруулан ясаа үйрүүлэн сарниж задарсан олон овог, аймгийг Их Монголын захиргаанд оруулж улсыг дахин нэгтгэж захирч чадсан түүхэн үйл явдлын тухай гарна. Романд,  Хасарын удам угсаа, Халх, Ойрадын хоорондын зөрчил эмгэнэлт болоод гайхамшигт үйл явдал харагдаж, Монгол улс хүч сулран самуурсан төрөө өөд татаж бэхжүүлэх шаардлага тулгарсан 1399-1470 онууд буюу энэ далан жилийн түүхийн “Харанхуй үе”-ээс хойших Халх, Ойрад хоорондын тэмцлийн сүүлийн шийдвэрлэх 47 жил буюу 15-16 зууны заагдхи Монголын нийгмээс энэ хүнд харанхуйг зайлуулж чадсан түүхэн цаг үе болсныг Батмөнхийн төр барьсан үетэй холбож дүрсэлсэн юм. Батмөнх, Их Монгол улсаа нэгтгэн захирсан нь 1206 онд өндөрхаан авга Чингис хаан улсаа нэгтгэж хумьж үлдээсэнтэй эн тэнцэх түүхийг давтсан болохыг уран сайхны төвшинд харуулж дүрслэв.

Энэ цагт Мин улс “Дахин мандсан Монголын гэгээн эзэн” гэж түүхийн тавцанд оройлон гарч ирсэн Батмөнх даян хаантай харилцаж байв.  Батмөнхийн хаанчлалын он жилүүд нь хойч үедээ, Монгол хүний мах цусанд үлдсэн дотоод ухаарал, сэтгэлийн таатай хүлээлт болж өнөөгийн Монгол улсын гал голомт өөдөө яваагийн эхэн сууриар уламжилсан юм. Урансайхны хэлбэрээр “Батмөнх даян сэцэн хааныг” бүрэн хэмжээнд харахыг уншигчид хүлээж байв. 20 зууны шилдэг кино бүтээл, алтан ургийн бодлогыг тэвэрч хоцорсон бүсгүй “Мандухай сэцэн хатан[Ш.Нацагдорж]”-ы өнгө дэвсгэр, хэллэгээс арай өвөрмөцөөр[Огт өөр] харуулахыг уншигчдын энэ оюун сэтгэлгээ, өнөөгийн мэдрэмж тоссон хүлээлтийг роман тусгасан.

Батмөнхийн түүхэн үнэ цэнийг “Халж хадууралгүй” урлаг, утга зохиолын бүтээлээр төгс төгөлдөр харуулах гэсэн Батмөнх хааны балчир бага насыг намтарчлан харуулсан эхний боть бол дараа дараагийн ботийг дүрслэх үндэс суурийг тун аятайхан тавьсан байна[До.Цэнджав]” гэж Мандухайн тэвэрч үлдсэн “Алтан ургийн бодлого”-ыг угтан атгаж улсаа залснаар дүрсэлсэн “Батмөнх даян хаан” роман бол эсэн бусаас ялгарсан байна гэж “Танин мэдэхүйн роман юм билээ[Өглөөний сонин.2023.03.20№47\3848.6 нүүр]” нэртэй шүүмждээ До.Цэнджав олзуурхан тэтдэглэжээ. Романыг уншсан хэн боловч өөрийн угсаа гарвал хошуу нутгаа бодоход хүргэм сэтгэгдэл төрөхөөр байдаг нь даян хаанаас Лигдэн хааныг хүртэлх 115 жилд Батмөнхийн удмын бага хаад тасраагүй Халхын долоон хошууг залган захирч, дээд өвгө болцгоосонтой холбоотой. Сүүлийн ботид[1501-1517] хааны өтөл буурай нас тэр үе, цагийн түүхийг дурдсан. Энэ насан дээрээ их хаан эцэг Батмөнх, ном сургаал үг хэлээр айлдавч эвээр нэгдэж чадахгүй явсан бурангуй түүхэн хүнд үед эмээлт хүлгийн хурц туурайгаар хүрэх газраа хүрч ирт сэлэм барьж ярихаас өөрөөр хэлэх аргагүй үеийг зогсоож, улс орон төвхнөж гар газар, хөл хөсөр амар тайван сайн сайхны түүхийг хэдэн арван жилээр үргэлжлүүлэхэд хамгийн үнэт хувь нэмэр оруулснаа уламжлуулж, бага хаадыг захирч бас сургаж төлөвшүүлсэн юм.

Монгол Улсаа мөнх үлдээж, нуган үрс, бага хааддаа нутаг хушууг нь эзэмшүүлж захируулж үлдээснээр өдгөөгийн Монгол улс тогтворжсон түүх гарна. Мөн хаан болон их хатан Мандухай бас бага хатад урт насалж үр хүүхдээ бүрэн өсгөсөн тухайг дүрслэл болгосноороо МУЗ-ын роман бичлэгт шинэчлэлийг авч ирлээ. Романд хүний амьдралын аз жаргалтай төгсгөл ямар байдгийг бүрэн бүтэн харуулав. Монголын уламжлалт ёс заншил, төрт ёсыг бэхжүүлэхэд хамгийн өндөр хувь нэмрээ оруулсан Чингис хааны ач алтан ургийн 31-дхи хаан Батмөнх даян сэцэний түүх намтрыг судлан залуу хойч үедээ үнэн бодот түүхэн үйл амьдралыг сурталчлан таниулах гэсэн Даланзадгад хотод болох ОУ-ын ЭШ-ий хурлын ажиллагаа гэгээн саруулаар гийж, илүү сайхнаар бүрдэн бүтэж даян бүгдийн таалалд хүрэх болтугай. Даяар Монголдоо цуутай даян сэцэн их хаан өвгө дээдэс Батмөнх таныхаа нутаг нэгтүүдийн чуулгад амжилт хүсч мөргөн биширч гүнээ сүслэмү би. 

ДАНЗАННОРОВЫН ХҮҮ МУСГЗ, /доктор профессор/

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top