Төсвийн орлого  ₮192.5 тэрбумаар дутуу төвлөрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

2023 оны 1 дүгээр сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл  31.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Өмнөх оны мөн үеэс 326.7 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн дүнгээс 418.5 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. 

Төсвийн орлогын хувьд: 2023 оны 1 дүгээр сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1,087.6 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 192.5 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн бол өмнөх оны мөн үеэс 141.2 тэрбум төгрөг буюу 14.9 хувиар нэмэгдсэн байна. 

Төлөвлөгөөтэй харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын  төлөвлөгөө тайлант хугацаанд 85 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. 

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 192.5 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн нь татварын орлого 14.2 хувь буюу 164.4 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 23.5 хувь буюу 28.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу биелсэнтэй холбоотой байна.

Тайлант хугацаанд орлогын албан татвараас бусад төрлийн татварын орлого 0.4-71.7 хувиар төлөвлөснөөс дутуу биелсэн гүйцэтгэлтэй гарчээ. 

Татварын бус орлогын төлөвлөгөө 2023 оны 1 дүгээр сарын гүйцэтгэлээр 28.1 тэрбум төгрөгөөр дутуу биелснээр 76.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь торгуулийн орлого, түрээсийн орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого болон хөрөнгийн орлогоос бусад төрлийн татварын бус орлого төлөвлөсөнд хүрч биелээгүйтэй холбоотой байна.

Төсвийн нийт зарлагын хувьд: Нэгдсэн төсвийн нийт зарлага 2023 оны 1 дүгээр сарын гүйцэтгэлээр 1,119.2 тэрбум төгрөг болж 611.0 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 64.7 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. 

Нэгдсэн төсвийн нийт зарлагын гүйцэтгэлийг тайлант хугацааны төлөвлөгөөтэй харьцуулахад 35.5 хувиар дутуу зарцуулагдаж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар буюу 185.5 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 85.9 тэрбум төгрөгөөр өссөн бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 14.6 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй гарсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(192.82.84.93) 2023 оны 03 сарын 03

Хэн нэг нь хулгайлжээ. Хулгайчийг олоорой. Тэгэж гэнэт дутагдах ёсгүй,асар их баялаг урсан гарч байгаа шүү дээ.

0  |  0
Top