Ж.Дэнсмаа: Дэлхийн шинэ трэнд мэргэжил-оюуны дасгалжуулагч

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

“Монголын үнэн” сонин олон улсын оюуны дасгалжуулагч, дөрөвдүгээр зэргийн про интеллект трейнер Ж.Дэнсмааг урьж, ярилцлаа. 


-Эхлээд Дэнсмаа гэдэг хүнтэй танилцъя?

-Намайг Тайж боржигон овгийн Жанцанбалын Дэнсмаа гэдэг. Кино зохиолч, найруулагч мэргэжилтэй, Б.Сумхүү багшийн отгон шавь нь. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн хэвлэл мэдээллийн албаны дарга, “Хаан арга” продакшны захирал, оюун ухааны дасгалжуулагч про интеллект трейнер зэрэгтэй багш гэсэн гурван ажил давхар эрхлээд явж байна.

-Сонирхол татаад байгаа оюуны дасгалжуулагч гэдэг шинэ мэргэжлийнхээ тухай ярихаасаа өмнө “Хаан арга” продакшныхаа хийж байгаа ажлуудаас цухасхан дурдаж болох уу?

-Бололгүй яах вэ. Манай “Хаан арга” продакшн уран сайхны кино зохиол дээр ажиллахаас гадна нэвтрүүлэг, баримтат кино, зар сурталчилгаа хийдэг. Хамгийн сүүлд “Удам ураг миний амьдрал” гэдэг цоо шинэ төслийг эхлүүлээд байна. Энэ төсөл маань жирийн хэн нэгний ээж, аавуудын ажил үйлсийг үзүүлж кино хальсанд буулгах зорилготой. Заавал хэн нэгэн нэр хүндтэй олны танил хүний ээж, аавыг үзүүлэх албагүй биз дээ.

XXI зуун бол оюуны зуун 

-Маш сайхан сонсогдож байна. Одоо хоёулаа оюуны дасгалжуулагч гэдэг шинэ мэргэжлийнхээ  талаар ярилцъя. Хүний оюуныг яаж дасгалжуулах юм бэ?

-Энэ бол хүн бий болгох, хүнийг дахин бүтээх сургалт юм. Хүн өөрийн тархийг яаж удирдахаа тэр болгон мэддэггүй. Тэгвэл тархиа удирдаж амьдралаа гайхалтайгаар өөрчилж болно гэдгийг бид 10 хоногийн сургалтаараа тухайн хүнд дадуулж байгаа юм. Тухайлбал, та амжилттай явахыг хүсэж байвал, түүнчлэн зорилго мөрөөдлөө бодитой болгохыг, олон түмний өмнө гарч өөрийгөө илэрхийлж сурахыг,  аз жаргалтай,  эрч хүчтэй байхыг хүсэж л байгаа бол энэ бүх боломж танд бий.

Эхлээд та өөрийгөө өөрчлөхийг үнэхээр хүсэж байна уу. Үүнийгээ мэдэхийн тулд та өөрөөсөө асуу. “Би өөрийгөө өөрчилж, зорилгодоо хүрэх замыг хайж байна уу. Илтгэх чадвараа нэмэгдүүлж, аз жаргалтай, эрүүл, эрч хүчтэй амьдрахыг хүсэж байна уу” гээд өөрөөсөө асуугаад үз. Эдгээр асуултад “Би энэ бүхнийг хүсэж байна” гэж хариулж байгаа бол тэр хүсэл, мөрөөдөл, зорилгоо яг одооноос бодитой болго. Эндээс л таны амжилтын гараа эхэлнэ.

-Нэг үгээр хэлбэл, энэ шинэ мэргэжил нь хүмүүсийн оюун санааг шинээр бодож сэтгэхэд нь туслах зорилготой гэж ойлгогдож байна?

-Тэр үнэн. Хүн өөрийг нь чиглүүлэх оюуны дасгалжуулагчаар дутаж байдаг. Бид биеийг дасгалжуулаад булчин шөрмөс суулгаад, гоолиг туяхан бие хаатай болгохоос эхлээд олимпын аварга хүртэл амжилтад хүргэж болдгийг мэднэ. Хүн уураг тархиныхаа нэгээс хоёрхон хувийг л ашигладаг. Тэгвэл уураг тархиа яаж хөгжүүлэх юм бэ. XXI зуун бол оюун ухааны зуун. Уураг тархиа хөгжүүлээгүйгээс маш олон хүн амьдрал дээр алддаг. Хүн амжилттай байхыг хүсвэл бодит амьдрал дээр батлагдсан найман үйлдлийг дадал болгож хэвшүүлэх ёстой.

-Тэгвэл оюуны дасгалжуулагч шавь нартаа юу заах юм бэ?

-Энэ бол дэлхийн нэн шинэ мэргэжил. Амжилттай байхыг хүсвэл бодит амьдрал дээр батлагдсан найман үйлдлийг дадал болгож хэвшүүлэх ёстойг би дээр хэлсэн. Тэр дадал, зуршлыг дасгалжуулж, амьдралд бодитой болгодог жишээг оюуны дасгалжуулагч бид нийгэмдээ түгээн дэлгэрүүлж байгаа юм. Хүн эхээс ямар ч нүгэлт бодолгүй ариун сайхнаар төрдөг. Амьдралын урсгал дунд жолоогоо алдаж, алдсанаасаа болоод элдвийн сөрөг бодол тархиндаа цуглуулж эхэлдэг. Үүнээсээ болоод ажил нь нэг л бүтэмжгүй, эрүүл мэнд асуудалтай болж, хүмүүстэй харилцах харилцаа урагшгүй, бусадтай сайн ойлголцохгүй байх юм шиг мэдрэмж авч эхэлнэ. Бие биеэ, байгаль дэлхийгээ, өөрийгөө хайрлах, өөрийн хүсэл зорилгоо тодорхойлох.

Зарим хүн өөрийн гэсэн хүсэл, мөрөөдөлтэй хэрнээ зорилго, чиглэлээ тодорхойлж чадахгүй яваад байдаг. Мөрөөдлөө зорилго гэж хольж хутгаж ойлгох нь ч байна. Энэ нэн шинэ мэргэжилтнүүд маань хүмүүсийг үүнд л оюун ухааныг нь чиглүүлж хүсэл мөрөөдөл зорилготой нь танилцуулж өгөх юм. Хүнд оюун ухаан дутвал бүх юмаар дутагдана. Бүх юмны эхлэл нь оюун ухаан байдаг. Зорилготой байснаар хүн эрч хүчтэй болж, юунд ч сөхөрч нугаршгүйгээр өөрийн зорилгын төлөө зүтгэж, түүнийгээ биелүүлж, хэрэгжүүлж чаддаг.

Амьдрах аргачлал

-Хүн бүр л хүсэл зорилготой байх гэж боддог шүү дээ?

-Тийм л дээ. Өнөөгийн нийгэмд зорилгоо таньдаггүй, яг юу хийхээ мэдэхээ байчихсан хүн олон байдаг. Жишээ нь, хүмүүс байр, машинтай болох эсвэл зуслангийн том хаустай болохыг амьдралынхаа зорилго мэтээр бодоод байдаг юм. Гэтэл үнэндээ бол энэ амьдралын туйлын зорилго биш шүү дээ. Өдөр болгон мөнгө олоод л байдаг үрээд дуусгачихдаг. Эргээд л мөнгөнийхөө араас хөөцөлдөөд л явах. Орчлонгийн жамаар гэр бүлтэй боллоо, үр хүүхэд гаргалаа мөн л амьдралын утга учрыг таниагүй л сууж байдаг.

Ядраад, эрч хүчээ алдаад байна уу. Таны сэтгэлд  хоосон орон зай байна уу. Нийгмээ, хажуудахаа өөрчлөхийг хүсэж байна уу. Та арай өөрөөр амьдрахыг хүсэж байна уу. Та хань ижлээсээ залхаж, гэр бүлийн харилцаа таарамжгүй, маргаантай байгаа юм биш биз. Энэ мэт амьдралын хэцүү эргүүлэгт орсон бол, тулгамдаж буй асуудлаа шийдэх гарц хайж байгаа бол өөрчлөлтийг өөрөөсөө эхэл гэж бид зөвлөдөг. Ийм хүмүүсийн туслагч нь оюуны дасгалжуулагч юм.

-Зорилго гэдгийг хүн бүр л өөр өөрөөр тодорхойлох байх. Таны хувьд шавь нартаа зорилгыг нь юу гэж дадуулах юм бэ?

-Хүний туйлын зорилго бол чи бусдын төлөө юу хийж чадах юм бэ. Бусдын зорилгот нийцсэнээрээ тэр туйлын зорилго гэдэг л байхгүй юу. Одоо түрүүний ярьснаа эргээд саная л даа. Гэнэтхэн сэтгэл нь хоосроод л, гэр бүлдээ сэтгэл ханамжгүй болоод хэрүүл маргаан хийгээд юунаас болоод байгаа нь мэдэхгүй ажил төрөл нь бүтэлгүйтээд байна гэдэг чинь нөгөө хүнийг анх төрөхөд нь л байдаг туйлын зорилгоо үгүйлээд байгаа хэрэг. Бид хүүхэд байхдаа, оюутан байхдаа ямар их эрч хүчтэй хөгжил хөөртэй, шинийг санаачилдаг байснаа эргээд сана даа. Амьдрал дээр гараад элдэв асуудалтай нүүр тулаад ирэхээрээ энэ бүхнийгээ зүгээр л мартчихдаг. Тэгэхээр аз жаргалыг, оюун ухааныг дасгалжуулж болдгийг, бодлоо удирдаж хүслээ биелүүлж болдог гэдгийг манай сургалтаас ойлгож авах юм. Эдгээрийг өөртөө дадуулж, хэрэгжүүлж үр дүнг нь хүртээд эхлэх юм. Үнэхээр гайхалтай найман дасгал, найман дадлыг багтаасан хөтөлбөрийг сургалтын явцад олгож байна. Монголчууд угийн хүчирхэг оюун сэтгэлгээтэй ард түмэн. Орчин цагт бид үүгээрээ л  дэлхийд ялгарна.

Олон улсын “веннерс” академи

-Хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-Бие биетэйгээ танилцах, 200 инээмсэглэл, бодлоо удирдах, хаан, хатны харизм, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, эрүүл мэнд болон эрч хүчээ тэтгэх, сэтгэл хөдлөлөө таньж, түүнийг удирдаж сурах, аудио трейнинг, сөрөг мэдээ, мэдээллээс болон сөрөг хүмүүсээс өөрийгөө хамгаалах, эрхэм зорилгоо тодорхойлох, мэдлэгээ бататгах зэрэг хичээлүүд орно.

Сургалтад хамрагдсанаар өөрийгөө таньж, амжилтад хүргэх зарчмуудыг мэдэж, өөрөөсөө өөрчлөлтийг эхлэх юм. Сургалт ердөө 10 хоног телеграмм буюу цахимаар явагддаг. Бас албан газар, хамт олонд хувь хүний хөгжлийн талаар лекц уншдаг.

-Сургалтын хөтөлбөрийг анх хэн, хэрхэн бий болгосон юм бол?

-Энэ сургалтыг 2019 онд олон улсын “Веннерс” академиас боловсруулж гаргасан. Одоогийн байдлаар дэлхийн 74 оронд 24 улсын хэлээр явагдаж байна. “Super jump” буюу амжилттай яваа хүний ард найман дадал байдаг гэхээр олонх хүн мэдээд байдаг. Тэгсэн хэрнээ хэрэгжүүлдэггүй, энгийн атлаа гайхалтай дадлууд байгаа юм. Энэ дадлыг хүмүүст суулгаж өгснөөр тухайн хүн хүссэн хүсээгүй амжилттай явна. Хүмүүс бүгд хүсдэг шүү дээ, энэ ажлаа ингээд нэг амжуулчих юм сан, тэрийгээ тэгж хийх юмсан гээд. Тэр хүслээ биелүүлэхийн тулд миний хэлээд байгаа найман дадлыг өөртөө бий болгочих ёстой юм. Аливаа зүйл зорилго, агуулгатай байдаг. Энэ сургалтын гол зүйл нь эхлээд  тухайн хүн өөрийгөө өөрчлөх ёстой. Эерэг бодол санаагаар цэнэглэх учиртай. Дараа нь бусдыг өөрчилнө, эцэст нь эх дэлхийгээ эерэг үзлээр аврах, ийм л зорилгод чиглэдэг. 

Дэлхийн найман тэрбум хүнд оюун ухааны хоосрол гэдэг гамшиг нүүрлэсэн. Хүмүүс хүн чанараа гээж эхэлсэн, техник, технологийн дэвшлийг дагаад сөрөг хүчин зүйлс бий болж байна. Тиймээс “Super jump” сургалт нь хүнийг хүн байлгах, эерэг чиг хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн харилцааг оюунлаг байлгах зорилготой. Үүнд ямар нэгэн шашны талаарх ойлголт байхгүй. Мөн улс төрийн элдэв зорилго байхгүй. Хамгийн гол нь хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэдэг. Хувь хүн хөгжинө гэдэг асар том ойлголт. Брэндийн хувцсаар гоёж, тансаг хаусанд амьдрах нь хувь хүний хөгжил биш. Хувь хүний хөгжил бол боловсрол, төлөвшил, хандлага, ёс зүйд оршдог.

Өнөөдөр Монголын ирээдүй, хүүхэд залуус гар утас бариад буйдан дээр хэвтэж байдаг болсон. Гэрээ цэвэрлэхгүй, эцэг эхийнхээ үгийг сонсдоггүй, гэрийн даалгавар хийхгүй, ном уншихгүй, зөвхөн гар утастай нөхөрлөдөг байдал газар авсан. Энэ бол хүүхдэд эрүүл мэндээс эхлээд оюун санааны хувьд эрсдэл авчирч байна.

Цахим ертөнцөөс зарим нь буруу мэдээлэл авч, оюун санаагаар хохирол амсаж байна. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч сэтгэлзүйн хувьд дарамтад орох, цахимаас хэт хамааралтай болох үзэгдэл газар авсан. “Super jump” сургалтаар гэр бүл, анд нөхөд, хамт олон, найз нөхдийн хоорондын харилцаа гайхалтай сайжирдаг. Дээрээс нь өөрийн ярих ур чадвар нэмэгдэнэ. Ярих ур чадвар нэмэгдэнэ гэдэг уураг тархины хөгжилтэй холбоотой. Хүн зөв мэдээ мэдээлэл авч, зөв мэдлэгтэй болж, уураг тархи нь хөгжихөөр хүссэн хүсээгүй яриад эхэлнэ. Хүний бодол санаа, үйл хэрэг эерэг сайхан болоод ирэхээр ажил үйлс нь ч бүтэмжтэй болж орлого, мөнгө санхүүгийн урсгал нь ч дагаад сайжирна. Тэр байтугай хүмүүст бий болсон ковидын дараах хүндрэл бэрхшээлүүд ч гайхалтай засагдаж байгааг сургалтад хамрагдсан хүмүүс хэлж байгаа юм.

-Танай сургалтад гол төлөв ямар хүмүүс хамрагдаж байна вэ. Одоогийн байдлаар хэд дэх төгсөлтөө хийгээд байна вэ?

-Нас насны, янз бүрийн санаа бодолтой хүмүүс бидэнд ханддаг. Ядарсан нь ч, задарсан нь ч ирж байна. Амжилттай явахыг мөрөөдөж байгаа хэрнээ учраа нэг л олохгүй байгаа залуус ирдэг. Заримдаа сэтгэл гутралд орсон хүмүүс ханддаг. Хүүхэд төрүүлээд гэртээ сууж байгаа эмэгтэйчүүд ихээхэн хамрагддаг. Бүгд өөрийн гэсэн гарц гаргалгааг олж, сургалт дуусахад баяр хөөртэй тараад явдаг. 10-хан хоногт өөрийн биед их цэвэрлэгээ, нэг ёсны том засал хийлээ гэж ярьж, хэлж, баярлаж талархсанаа илэрхийлж байгаа хүн олон байдаг. Оюун ухааны засал шиг том засал хаана ч байхгүй. Хүний бодол санааг эерэг энергээр цэнэглэж, эрч хүчтэй нэгэн болгож өөрчилнө гэдэг хамгаас чухал. “Super jump” сургалтаар дэлхийн улс орнуудад оюуны дасгалжуулагчид олноор гарч ирж байна. Одоогийн байдлаар Монголд 600 гаруй дасгалжуулагч багш бий. Миний бие тэдний нэг, одоогоор оюуны дасгалжуулалтын дөрөвдүгээр зэргийн про интеллект трейнер болсон. Манайх сард гурван анги нээж, бүрэн дүүргэлттэй 33 дахь төгсөлтөө хийгээд байна.

Бусдад эерэг энерги түгээгээрэй

-Таныг хүний амьдралыг дас­галжуулж, мөн олон дасгал­жуулагч төрүүлж байна гэж ойлголоо, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Оюун ухааныг дасгалжуулна гэдэг хүн амьдралаа хэрхэн яаж авч явах тэр ухааныг дасгалжуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр оюуны дасгалжуулагч өнөөдрийн Монголын нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна. Бид амьтан биш, гэтэл зарим хүн тийм байдалтай яваад байгаа нь нууц биш. Хүн өөрийгөө өөрчилж, хань ижлээ, бусдыг, дэлхий ертөнцийг эерэг болгоход оюуны дасгалжуулагч нар зайлшгүй хэрэгтэй. Орчин үед хүний хийдэг ажлыг робот хийх боллоо. Маш олон ажлын байр алга болж байна. Техник технологийн дэвшлийг дагаад хүн өөрөө робот шиг болоод байгаа тал бий. Ирээдүйд оюунлаг хүн хэрэгтэй болохоос робот хэрэггүй. Робот бидний эзэн, удирдагч биш шүү дээ. Робот хүний оюун санааг орлож чадахгүй. Хүний оюун ухаанаар ажиллахгүй. Тэгэхээр бид өөрийгөө болоод бие биеэ, нийгмээ, эх дэлхийгээ аврах гарц нь оюун ухаан, түүнийгээ хөгжүүлэх юм. “Super jump” буюу супер үсрэлтийг хийснээр бид дараагийн нийгэм рүү, хөгжил дэвшил рүү үсрэх боломжтой. Товчхондоо оюунлаг нийгэм рүү үсэрч орох шат гэж ойлгож болно.

-Та хүмүүст хандаж юу хэлж, зөвлөх вэ?

-Өөрийгөө азгүй гэж үзэн сэтгэл гундуу яваа нэгнээс эхлээд амжилттай яваа бизнесмэн ч бай, олимпын аварга ч бай, ер хэн ч байсан хувийн оюуны дасгалжуулагчтай болоорой гэж зөвлөе. Өөрийгөө таньсан, өөрийгөө хөгжүүлсэн, өөрийгөө удирдаж сурсан хүн хүчирхэг нэгэн болдог юм шүү. Ийм хүн амжилтыг эрж хайх бус өөрөө түүнийг “үйлдвэрлэж”, түүгээрээ эрч хүчтэй, аз жаргалтай амьдардаг. Тиймээс уураг тархиа хөгжүүлээрэй. Өөрийгөө эерэг энергиэр цэнэглээрэй. Бусдад эерэг энерги түгээгээрэй.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top