Б.Энхбаяр: Д.Ганбат аа! энэ сонсгол бол сураг ажигаар хүн гүтгэдэг тэр чуулган чинь биш

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18


УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.18/  гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөлд зориулж "Эрдэнэс Монгол" ХХК нь Хөгжлийн банкнаас 170.6 тэрбум төгрөгийн зээлийг 2014 онд авчээ. Ингэхдээ зээлийг нэг жилийн хугацаатай байхаар тооцсон байна. Өнөөдрийн байдлаар 42.87 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, хэвийн ангилалд байгаа гэх мэдээллийг шинжээчдээс өглөө.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК Энержи ресурс” ХХК Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгаж байжээ.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016-2016 онд Б.Бямбасайхан, 2016-2018 онд Ц.Түмэнцогт, 2018-2020 онд П.Ганхүү нар ажиллаж байв. Харин Хөгжлийн банкнаас зээл авах үед удирдаж байсан дарга нарыг шинжээч зарлаагүй тул УИХ-ын гишүүн Д.Ганбат шүүмжлэв.  
 


УИХ-ын гишүүн Д.Ганбат: Барих ашиглах шилжүүлэх нөхцөлөөр гэрээ байгуулагдсан байна. Гэрээ 2020 онд дуусах ёстой ч 2014 онд Хөгжлийн банкнаас зээл авч, “Эрдэнэс Монгол”-д авч өгчээ. Гэрээний хугацаа дуусаагүй байхад яагаад ингэж төрд авч өгч байгаа юм бэ. Тухайн үеийн Хөгжлийн банкны мөнгийг өөр зүйлд зарцуулах боломж байсан. Яагаад энэ гэрээг дуусгалгүй шилжүүлэв. Ямар ашиг сонирхолын зөрчил байна вэ. “Эрдэнэс Монгол”-ыг төлөөлж хэн гарын үсэг зурсан бэ. Яагаад түүнийг нууцлаад байгаа юм бэ. Зээл авах үед захирал нь хэн байсан юм бэ. Хувийн хэвшил бол гэрээний дагуу энэ замаа ашиглуулна. Хувийн хэвшил хэнд ч ашиглуулахгүй байна гэж байхгүй байхад нөгөө талаас нь тайлбарлаад байх ямар шаардлага байна вэ. Ж.Бат-Эрдэнэ гишүүн тухайн үеийн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан учраас гарын үсэг зурсан юм шиг байна. “Энэ гэрээ сайхан болсон” гээд байх юм. Ийм тохиолдолд түр хорооны гишүүн байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй юм биш үү...

Түр хорооны дарга Б.Энхбаяр “Ямар ч тохиолдолд шинжээчийг буруутгахыг зөвшөөрөхгүй. Олон хоног нойр хоолгүй, гэртээ очилгүй ажиллаж байгаа. Өдөрт 2 цаг унтаж, өргөн хүрээтэй шалгалт, нотлох баримтаар ярих бололцоо олгож байхад тэнэж тэнэж ирчихээд, шинжээчийн дүгнэлт сонсоо ч үгүй байж сураг ажигаар буруутгаад байна. Энэ хурал бол тэр чуулган чинь биш. Нотлох баримтын дагуу асуу гээд дэг баталсан. Хоцорч орж ирчихээд юу хэлэлцэж байгаа юм гэх мэтээр асуудалд хандаж, сураг ажигаар хүн гүтгэж болохгүй” гээд Д.Ганбат гишүүний микрафоныг хааж, зэмлэв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.187.25) 2023 оны 01 сарын 18

Энхбаяраа нэр холбогдсон уих гишүүдээ сонсголдоо оруулж чаддаг бол тэхгүй цаг үрсэн сонгол биш ирц бүртгэл болж болоод өнгөрч бна

0  |  2
.(59.153.115.231) 2023 оны 01 сарын 19

Монгол улсад наад ганбат мэтийн хөлдүүсээс хэд дахин илүү чадвартай чадалтай залуус хаа сайгүй зөндөө байгаа, яаж яваад гишүүн болдог байнаа

3  |  0
Top