Б.Цэцэгсайхан: Сэргийлэх боломжтой хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

Хавдрын Үндэсний зөвлөлийн үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.


-Манай улсын иргэдэд ямар төрлийн хавдар зонхилон тохиолдож байна вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ч хавдрын өвчлөл их байна. Эмэгтэйчүүдийн хувьд хөхний хавдар зонхилон тохиолдож байна. Мөн бүдүүн, шулуун гэдэсний хавдараар өвчлөх нь ихэссэн. Манай улс ч хавдрын тохиолдол өндөртэй орны тоонд орж байгаа. Монголд эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн дунд элэгний хорт хавдар хамгийн өргөн хүрээтэй тархсан байна. Бусад улс оронд эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний болон хөхний хорт хавдар хамгийн түгээмэл байдаг бол манайд элэгний хавдар нэгдүгээрт бичигдэх болсон. Газрын зураг дээр харах юм бол дэлхийд эмэгтэйчүүдийн дунд тархсан элэгний хорт хавдраар манайх тэргүүлж байна. Харин эрчүүдийн дунд ходоод, уушгины хорт хавдар элэгний хорт хавдрын дараа орж байгаа судалгаа бий.

Дэлхий нийтэд өргөн тархсан бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар манай оронд төдийлөн өндөр тархацтай биш байгаа нь нэг талаараа сайшаалтай. Манай улсын эмэгтэйчүүдэд элэгний хорт хавдрын дараа умайн хүзүүний хорт хавдар зонхилон тохиолдох болсон. Мөн бүс нутагтаа харьцуулбал хөхний хорт хавдраар өвчлөх тоо харьцангуй бага байгаа. Үүнээс үзвэл манай улсын иргэд урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна. Жишээлбэл, дэлхийн хэмжээнд бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломж маш хомс. Харин элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Дархлаажуулалтад хамрагдах, эрт илрүүлэгт хамрагдах гэх мэт боломж бий. Мөн эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдраас сэргийлж эрт илрүүлэгт орох, дархлаажуулалтад хамрагдах, эмчлүүлэх бүрэн боломжтой юм.

-Ходоодны хорт хавдрын гол шалтгаан юу вэ?

-Тус өвчнийг үүсгэгч гол шалтгаан бол хеликобактери хэмээх халдвар үүсгэгчтэй холбоотой байдаг. Түүнээс гадна давсны өндөр хэрэглээ нөлөөлдөг. Монголчууд цайндаа ч давс хийдэг болохоор тодорхой хэмжээнд ходоодны хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.

-Цаашид дэлхий нийтэд хорт хавдрын эмчилгээний арга юунд чиглэж байгаа вэ?

-Маш олон зүйлд анхаарах хэрэгтэй. Өвчилснийх нь дараа олон эмнэлэг барих бус өвчлөлөөс аль болох сэргийлэх эрт илрүүлэх аргыг дэлхий нийтээр хэрэглэж буй. Мөн хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, шалтгаантай тэмцэх чиглэлд анхаарч байгаа. Түүнээс гадна урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой умайн хүзүүний хорт хавдартай дэлхийн орнууд тэмцэж байна. Дэлхийн хэмжээнд 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн устгах томоохон стратеги төлөвлөгөө хэрэгжих болсон.

Үүнээс гадна хүүхдийн хавдрын асуудал нэн чухал. Өмнө нь хүүхдийн хавдрыг эмчлэх боломжгүй, зөвхөн өндөр хөгжилтэй оронд л эмчилнэ гэж үздэг байсан. Тухайн үед бага, дунд орлоготой оронд хийсэн эмчилгээний үр дүн тийм ч сайн биш байлаа. Харин сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр маш олон сайн санаачилга гарснаар хүүхдийн хавдрын эмчилгээний чанарыг сайжруулъя, амьдрах чадварыг нь нэмэгдүүлье гэсэн чиглэлд онцгой анхаарах болсон. Мөн хавдрын эсрэг эмчилгээний эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа.

-Хавдрын эрсдэлт хүчин зүйлд багтаж буй гол шалтгаан нь юу байна?

- Дэлхий нийтийн хэмжээнд хамгийн гол шалтгаанд тамхи орж байна. Манай орон тамхинаас үүдэлтэй нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Газрын зураг дээр нарийвчилж харвал Ази тив дотроо тамхины хэрэглээ маш өндөртэй оронд орж байна. Тамхи дотроо 7000 орчим химийн хортой нэгдэл агуулдаг тул эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үүн дотроос 70 нь хорт хавдар үүсгэгч бодис гэдгийг нотолчихсон. Мөн тамхи зөвхөн уушгины гэлтгүй өөр бусад 16 төрлийн хорт хавдар үүсэх шалтгаан болдог. Улаан хоолой, залгиур хоолой, төвөнхийн гэх мэт хавдар үүсэх гол шалтгаанд тамхины хэрэглээ нөлөөлнө. Уушгины хавдрын хувьд бусад төрлийн хавдрыг бодвол эмчлэгдэх боломж хомс. Мөн хамгийн өндөр нас баралтын зэрэгтэй хавдарт ордог.

Дараагийн томоохон эрсдэлт хүчин зүйл бол архи, согтууруулах ундаа байдаг. Согтууруулах ундааг тогтмол, хэтрүүлэн хэрэглэх нь хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсэх гол шалтгаан болж байна. Толгой хүзүүний, улаан хоолойн, элэг болон бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын шалтгаанд архины тогтмол хэрэглээ нөлөөлдөг. Манай оронд нэг хүнд ногдох архины хэмжээ жилээс жилд өсөж байна. Жишээлбэл, 1998 онд гэхэд нэг хүнд жилд 4.7 литр архи ногдож байсан бол 2020 онд гэхэд 12 литр болж нэмэгдсэн. Үүнд дотоодын архины үйлдвэрлэл, импорт нэмэгдэж байгаа нь нөлөөлсөн. Түүнийг дагаад хэрэглээ нэмэгдэнэ. Архи согтууруулах ундааг жижиглэн худалдаагаар борлуулах нь манайд ямарч хяналтгүй. Найман нэрийн хүнсний дэлгүүрт хүртэл архи зардаг. Харин дэлхийн өндөр хөгжилтэй оронд хүнсний дэлгүүрт архи, согтууруулах ундааг худалдаалдаггүй. Тусдаа архи, согтууруулах ундаа борлуулдаг төрөлжсөн дэлгүүрт зарж байна. Ингэснээр хэрэглэх боломжийг нь бага ч болов хумиж буй юм.

Хоол хүнстэй холбоотой эрсдэлт хүчин зүйлс байдаг. Ялангуяа боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн болох зайдас, хиам, утсан мах зэргийг тогтмол хүнсэндээ хэрэглэх юм бол шулуун гэдэсний хорт хавдрын гол шалтгаан болно. Баруун Европ, өндөр хөгжилтэй орнуудад шулуун гэдэсний хорт хавдрын тохиолдол өндөр байгаа нь үүнтэй холбоотой. Үүнийг ДЭМБ-аас албан ёсоор хавдар үүсгэгч бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн гэж зарласан.

Түүнээс гадна халуун хоол улаан хоолойн хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл болдог. Манай орны иргэд ихэвчлэн хоолоо бүлээсгэхгүйгээр халуунаар нь идэх сонирхолтой байдаг. Энэ нь улаан хоолойд тогтмол механик гэмтэл үүсгэж байна. Бидний сайн мэдэхээр нарийнтах гэж зүйл бий. Тус зовуурь нь улаан хоолойн хорт хавдрын гол шинж тэмдэг байдаг.

Жишээ нь, цайг аягалсны дараа эхний хоёр минутад уух юм бол дөрвөн минут хөргөөд уусантай харьцуулбал улаан хоолойн хорт хавдар тусах магадлал дөрөв дахин ихэснэ. Тэгэхээр цай уухдаа аль болох бүлээсгэж уух хэрэгтэй.

Мөн илүүдэл жин хорт хавдар үүсэх шалтгаанд ордог. Сүүлийн үед суугаа ажил эрхлэх хүмүүс олширсон. Хотжилтоос үүдэж амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр хөдөлгөөний хомстол нэмэгдсэн. Манай улсын хувьд хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа гарсан. Мөн таван хүн тутмын нэг нь таргалалттай байгаа нь зөвхөн хавдар гэлтгүй зүрх судасны өвчний шалтгаан болж байна. Дэлхий нийтэд 1970 оноос хойш хийсэн судалгаагаар өдөр бүр 30 мин идэвхитэй дасгал хөдөлгөөн хийснээр нас барах эрсдэлийг 40 хувь бууруулдаг гэсэн үр дүн гарсан. Энгийн алхалт хүртэл дасгал хөдөлгөөнд орно.

Орчны бохирдол буюу хорт утаа хавдрын өвчлөлд маш ихээр нөлөөлж байна. Уушгины хорт хавдраар өвчлөх гол шалтгаанд утаа ордог. 2019 онд хийсэн судалгаагаар агаарын бохирдлын улмаас үүссэн нас баралтын хэмжээгээр манай улс дэлхийд тэргүүлж байсан. Тэгэхээр манай улс Энэтхэг, Африк тивийн агаарын бохирдол ихтэй улсуудтай эн тэнцүү хэмжээнд утаанаас үүдсэн нас баралтаар тэргүүлж байна.

Хорт хавдар үүсэх өөр нэгэн шалтгаан бол янз бүрийн вируснууд байдаг. Тухайлбал, папилома вирус нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг. Энэ вирусний талаар мэдлэг хүмүүсийн дунд төдийлөн сайн биш байна. Тус вирус нь дотроо 100 гаруй хэв шинжтэй. Үүний 40 гаруй хэв шинж нь бэлгийн замаар дамжиж халдварладаг. Тиймээс ихэнх хүн тус вирусний халдварыг амьдралынхаа аль нэг хугацаанд авсан байдаг гэж үздэг. Гэхдээ хэдэн жилийн дараа энэ вирус хүний биеэс өөрөө гадагшилж болно. Харин олон жил хүний биед үлдэж, арилаагүй тохиолдолд хорт хавдар үүсгэх шалтгаан болдог. Тус вирусний 16, 18 дугаар хэв шинж нь хорт хавдар үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт орно. Энэ нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг. Харин бусад хэв шинж нь өөр олон төрлийн хорт хавдрыг хүний биед үүсгэж болно. Мөн эрчүүдэд шодойн, хошногоны хорт хавдар үүсгэж өвчлүүлдэг. Түүнчлэн аль ч хүйсийн хүнд залгиур хоолойн хорт хавдар үүсгэдэг гол вирус юм.

-Папилома вируснээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга юу вэ?

-Тус вирус дэлхийн хүн амын 11.7 хувьд тархсан байна. Энэ нь нэлээд өндөр тоо юм. Үүн дотор тус вирусний тархалт манай оронд 36-37 хувьтай байгаа. Дэлхийн хэмжээнд тус вируснээс сэргийлэх вакциныг хэрэглэж байна. Анх 1970 онд Германы эрдэмтэн тус вирусийг нээж байсан. Түүнээс хойш 1990 онд Австралийн хоёр эрдэмтэн тус вирусний эсрэг вакциныг зохион бүтээсэн байдаг. Улмаар 2006 онд албан ёсны эрх нь баталгаажиж 2007 оноос хойш дэлхийн улс орнууд хэрэглэх болсон. Тус орнууд энэхүү вакциныг дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө оруулж охидоо вакцинжуулж эхэлсэн. Одоогоор 116 орны 60 хувь нь тус вакциныг дархлаажуулалтын товлолдоо оруулсан байна. Зарим улс орнууд хөвгүүддээ ч хийгээд эхэлсэн. Манай орны хувьд 2012 онд тус вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн.

Тухайн үед тулгарсан хамгийн хүнд асуудал нь хэсэг бүлэг хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан буруу мэдээлэл түгээж олны сэтгэл зүйд нөлөөлсөн явдал. Тэд “Гардасил” гэх вакцин нь асар хортой, охидыг үргүй болгодог гэх мэт мэтээр буруу мэдээлэл өгч нэлээд асуудал үүсгэсэн. Үүнээс үүдэн тус мэдээг үзсэн эцэг эхчүүдэд айдас бий болж тус вакцинжуулалтын хөтөлбөр зогссон. Тэр явдлаас хойш даруй 10 жил бид тус вакцинжуулалтын хөтөлбөрийг үргэлжлүүлж чадахгүй зогсонги байдалд орчихсон байна. Биднээс хойно тус хөтөлбөрийг эхлүүлсэн орнууд амжилттай хэрэгжүүлж хүүхдүүдээ дархлаажуулсан. Нэгэнт тархсан буруу мэдээлэл асар хурдацтай түгдэг учир одоо хүртэл бид ойлголтын зөрүүгээс болж тус вакцинаас айсаар байна. Манай Хавдрын үндэсний зөвлөлөөс гаргасан судалгаагаар 2012 онд вакцин хийлгэсэн охид үнэхээр үргүй болж уу, яаж нөлөөлсөн байна вэ гэдгийг илрүүлсэн. Тэгэхэд судалгаанд оролцсон охидод ямар нэгэн нөхөн үржихүйн асуудал үүсээгүй байсан. Хамгийн чухал үзүүлэлт нь вакцины бүрэн тун хийлгэсэн охидод папилома вирусний тархалт 10 дахин буурсан гэж гарсан. Харин вакцин хийлгээгүй хүүхдүүдэд тус вирусний халдварт өртөх магадлал 10 дахин өндөр байна. Улмаар тэдгээр хүүхдүүд 10, 15 жилийн дараа умайн хүзүүний болон бусад хавдраар өвчлөх магадлал 10 дахин өснө гэсэн үг юм. Ийм учраас ДЭМБ-аас 2030 он хүртэл маш том зорилт гаргасан. Умайн хүзүүний хорт хавдрыг устгая гэсэн зорилт тавиад 90, 70, 90 гэсэн стратеги боловруулсан. Энэ нь өсвөр насны охидын 90 хувийг папилома вирусний эсрэг вакцинд хамруулж, 35-45 насны эмэгтэйчүүддээ вирус илрүүлэх шинжилгээ хийе, нийт өвчилсөн хүний 90 хувийг бүрэн эмчилж чанартай эмнэлгийн тусламж үзүүлье гэсэн санаа агуулсан уриа юм. 

-Гэхдээ тус вакциныг сайн дураараа хийлгэх боломж одоогоор Монголд байгаа болов уу?

-Манай орны хувьд тус вирусний халдварыг авч өвчилсөн эмэгтэйчүүдийн 50 хувь нь хожуу оношлогдож байна. Тэдний 96 хувь нь 30-аас дээш насны буюу ид нөхөн үржихүйн насан дээрээ байгаа нь харамсалтай. Мөн оношлогдсон тохиолдолд 50 хувь нь л тав болон түүнээс дээш жил наслах магадлалтай байгаа. Анх 2012 онд тус хөтөлбөрийг эхлүүлж байхад 9700 охинд тус вакциныг хийсэн. ХӨСҮТ-ийн сайн дурын кабинетад тус вакциныг хийлгэх боломж бий. Гэхдээ нэг хэсэг татан авалт нь зогсож дууссан байсан. Харин одоо дараагийн ээлжийн вакцин нь ирж байгаа байх.

-Зөвхөн өсвөр насны хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүн ч тус вирусийг илрүүлэх шинжилгээгээр халдваргүй гэж гарвал вакцин хийлгэх боломжтой юү?

-Болно гэж үздэг. Гэхдээ вакцины хүртээмжийг бодолцож хүүхдүүдэд хийхийг эрмэлзэж байгаа юм. Нэг хэсэг вакцины олдоц маш муу байсан. Ковидоос болоод үйлдвэрлэл түр тасалдаж хомсодсон учир бэлгийн харилцаанд орсон, насанд хүрсэн хүнээс илүү урьдчилан сэргийлэх боломж нь өндөр хувьтай байгаа хүүхдүүдээ түрүүлж дархлаажуулах төлөвлөгөөг дагасан. Одоо бидний тавьж буй гол зорилго нь тус вакциныг дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрт оруулж нэг жилийн өмнө ч болтугай илүү олон хүүхдийг хамруулж урьдчилан сэргийлэх байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал, цуглаан дээр очиход манай орны нөхцөл байдал тус хөтөлбөрийг хамгийн муу хэрэгжүүлсэн улс орны тоонд ордог.

-Хүүхдүүдийн хувьд хавдрын өвчлөл ихэсч буй нь манай орны тулгамдсан асуудлын нэг боллоо. Үүнд юу нөлөөлж байна. Эмчилгээний чанар хэр сайжирч байгаа вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн хавдрын 80 хувийг амжилттай эмчилж чадаж байна. Америкад гэхэд энэ тоог 95 хувьд хүргэсэн. Хавдар гэхээр л бид эмчлэгдэхгүй өвчин гэж ойлгодог. Хүүхдийн хавдрын хувьд шал өөр дүр зураг харагдаж байна. Эрт илрүүлж чадах юм бол хүүхдийн хавдрыг эмчлэх боломжтой юм байна гэдгийг баталчихлаа. Харин бага, дунд орлоготой улс орнуудад өвчилсөн хүүхдийн 20 хувийг эмчилж чадаж байгаа. Эмчилгээ, эм нь байгаа хэрнээ эдгээр улсад өвдсөн хүүхдийн 60 хувийг алдаж байна. Тийм учраас ДЭМБ-аас 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувьд хүргэе гэсэн зорилт тавьсан. Үүгээр бол 10 жилийн хугацаанд нэг сая хүүхдийн амь насыг аврах боломжтой гэсэн үг. Хүүхдийн хавдрын эсрэг эмэн эмчилгээ, оношилгооны чанарыг сайжруулах болон эмийг нь хүртээмжтэй болгож хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатай байгаа. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлбэл 2030 он гэхэд өвчилсөн хүүхдүүдийн амьдрах чадварыг 60 хувьд хүргэх боломжтой.

Хүүхдүүд томчуудаас өөр төрлийн хавдраар өвчилж байна. Тухайлбал, тархи, бөөр, нүд болон цусны гэх мэт хавдар хүүхдэд зонхилон тохиолддог. Мөн урьдчилан сэргийлэх найдвартай арга байхгүй учир шалтгаан нь одоо хүртэл тодорхойгүй байгаа. Гэхдээ зарим төрлийн судалгаан дээр дурдагдсанаар ионжуулах цацраг, хэвлийдээ тээж байхдаа ээж нь химийн хүнд, хортой бодистой ажиллах зэргээс үүсэх эрсдэлтэйг тогтоосон. Тиймээс хүүхдийн хавдрын хувьд хамгийн чухал нь эрт илрүүлэг юм. Үүнд, ийм шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах ёстой гэсэн мэдлэг мэдээллийг эцэг эхчүүдэд олгох багтана. Мөн анхан шатлалын эмч нарт хүүхдэд ч гэсэн хавдар тохиолддог шүү, ийм шинж тэмдэг илэрвэл Хавдар судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ рүү явуулаарай гэдгийг зааж сургах хэрэгтэй байгаа.

Гэвч бодит байдал дээр эмч нарт ч хүүхдэд хавдар үүсдэг гэсэн ойлголт төдийлөн байдаггүй.

Өөр төрлийн өвчин байх гэж андуурсаар хожимдсон хойно нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулах шалтгаан болдог. Олон улсын эрдэм шинжилгээний хурлууд хэлэлцэгдэж буй нэг асуудал нь хавдартай тэмцэхэд зөвхөн хэдхэн улс орон, томоохон эрүүл мэндийн байгууллагууд нэгдэх хангалтгүй байгааг дурдсан. Үүнд улс орон бүр нэгдэж бүх шатны байгууллагууд хамтарч байж ялан дийлэх ёстойг онцолж байна. Өндөр хөгжилтэй оронд сайн эмчилж байгаагын хажуугаар ядуу буурай оронд өвчлөл ихэсч эмчилгээний үр дүн муу байгааг таслан зогсоох нь бүх нийтэд хамаатай ажил болсон. Тиймээс үүний тулд эмийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон зорилт тавьсан.

Манай оронд гэхэд химийн тариа, эмүүд ихэвчлэн Энэтхэг улсаас орж ирдэг. Гэвч Баруун Европын оронд очиж хийлгэсэн химийн эмчилгээний үр дүн нэлээд ондоо байдаг.

Тиймээс энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтарч манай улсад орж ирэх хавдрын эсрэг эмчилгээнд ашигладаг эмийн чанарыг сайжруулахаар хамтран ажиллаж байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зангараа(192.82.83.79) 2023 оны 01 сарын 12

Хорт хавдрын шалтгааныг эмч нар өөрийнхөө бодлоор тайлбарладаг. Хорт хавлар бүгд эрхтний дотоодод явагддаг. Хорт хавдрын үүсэл болоод төгс эмчиогээг хүн төрөлхтөн одоогоор нээж чадаагүй байна. Архи, тамхи огт хэрэглэдэггүй, цайгаа хөргөөж уудаг хүмүүс цоо эрүүлээрээ хорт хавдраар хорвоог орхиж байгааг юу гэж тайлбарлах юм бол?

0  |  0
Top