Шинэ жилээр заавал үзэх "ЦӨМӨӨХЭЙ" амилахад бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

"Монголын балетын хөгжил сан"-гийн үүсгэн байгуулагч, Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг 2014 оноос эхлэн "Цөмөөхэй" балетыг Монголын тайзнаа толилуулж, үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. 

Жил жилийн шинэ жилээр үзэгчдийн сэтгэл догдлон хүлээдэг  "Цөмөөхэй" балетын нэг тоглолтод 200 гаруй хүүхэд оролцдог бөгөөд тоглолт бүр өвөрмөц онцлог, сонин, содон дэглэлтээр арвиждаг. Мөн дүр бүтээн, бүжиглэх хүүхдүүд ч солигдож, шинэ дүр төрхтэйгөөр үзэгчдэд хүрдгээрээ онцлогтой. 

Энэ жилийн тухайд "Цөмөөхэй" балетыг арванхоёрдугаар сарын 25, 26, 27 гэсэн гурван өдрийг сонгон, Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилуулах аж. 

Тоглолтод "Монголын Балетын Үндэсний Сургууль"-ийн сурагч Т.Есүй, Х.Тэгшжаргал, З.Анирлан нар Клара охины дүр бүтээж, Дуурь, бүжгийн эрдмийн театрын жүжигчин Г.Батчимэг, Д.Нацагдорж, Б.Баасансүрэн, Ө.Мөнхжин, А.Тэмүүлэн, Б.Халиунаа, Х.Галтулга, Г.Нямцэрэн нар гоцлох юм. 

Хамгийн сонирхолтой нь, арванхоёрдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг Цөмөөхэйг урлан бүтээгч, нууцлаг авга ах Дроссельмайерий дүрд өөрөө тоглохоор болжээ. 
 


Шинээр дэглэн тавьж буй "Цөмөөхэй" балетын талаар Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг "Цөмөөхэй балетыг анх 2014 онд Монголын тайзнаа амилуулж байлаа. Тухайн үед 280 орчим хүүхдийг хамруулж байсан. Түүнээс хойш жилд дунджаар 200 хүүхэд Монголд ганц байгаа Дуурь, бүжгийн эрдмийн театрын алтан тайзнаа гардаг болсон. Энэ жилийн тоглолтод мэргэжлийн балетын жүжигчдээс гадна нээлттэй сонгон шалгаруулалтаар тэнцсэн 133 хүүхдийг оролцуулж байгаа.

Жил бүр "Цөмөөхэй" балетыг дэглэж, тоглоно гэдэг бол том ажил. Хөдөлмөр шингэсэн тайз засал, хөдөлгөөний ур чадвар шаардсан чанар хүлээж байдаг. Мөн жил бүр шинэ зүйл нэмэгддэг учир бүтээлийнхээ ард гарахын тулд олон хүн хүч, хөдөлмөр, сэтгэл, авьяасаа дайчилж ажилладаг. 

Энэ жил бид "Шинэ балет" буюу залуучуудад зориулсан, тэдний эрч хүчийг харуулсан "NEW BALLET" гэх компанийг үүсгэн байгуулсан. Эндээс "Цөмөөхэй"-д оролцох гол дүр, гоцлол дүрийн залуу уран бүтээлчдээ сонгон тоглуулж байгаа" гэлээ. 

 

 

ВИДЕО ҮЗЭХ!
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganpurev(202.21.117.108) 2022 оны 12 сарын 23

Ballet uzeed tsumuuhei gdg ugiig surtsan gsn ug ymu hahah bi law kino huuheldei uzej l meddeg bolson shu \n

0  |  0
Top