Хилийн боомтуудыг шалгах Түр хорооны ажиллах хугацааг сунгав

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

 Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.12.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, найман асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үг хэлэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар: “Нүүрсний хулгай”-н хэргийг ард түмний хяналт дор ил тод, үнэн зөвөөр шийдвэрлэх үйл явцад Улсын Их Хурал бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана

Улс орны нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Үнийн өсөлт, инфляц, орлогын хомсдол иргэдийн амьжиргааг доройтуулж, шударга ёс алдагдсан, гэмт хэрэг, түүний дотор баялгийн хулгайтай тэмцэх асуудал ард иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Тиймээс залуус тав дахь өдрөө жагсаал цуглаан хийж, шаардлага тавьж байна. Тэд шударга ёсыг нэхэж, ард түмний баялгийг хулгайлсан гэмт үйлдлийг түргэн шуурхай шийдвэрлэхийг шаардаж байгаа нь зүй ёсны шаардлага гэж үзэж Улсын Их Хурлаас ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг өчигдөр хуралдаж “Нүүрсний хулгай”-н асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж, тус Байнгын хорооноос хуулийн дагуу 14 хоногийн дотор бэлтгэл хангаад энэ сарын 21-нд 11.00 цагаас хийхээр шийдвэрлэлээ.

Бэлтгэл хангах 14 хоногийн хугацаанд ард иргэдийн саналыг авах, гэрч, холбогдох албан тушаалтнуудыг хамруулах ажлыг зохион байгуулна. Энэ талаар шүгэл үлээсэн, үнэлгээ тогтоосон, мэдээлэл, нотолгоотой байгаа Улсын Их Хурлын гишүүд бүгд оролцож мэдээлэл өгөх хэрэгтэй. Эс бол гэмт хэргийн нуун дарагдуулсан гэмт үйлдэл болж эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй. Холбогдох хууль хяналтын байгууллагууд мэдээллээр хангах шаардлагатай. Тиймээс Ажлын хэсэг, холбогдох Байнгын хороод, Тамгын газар ард иргэд, ялангуяа жагсаал цуглаанд оролцож буй залуусын төлөөллийг оролцуулан, нээлттэй сонсголыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад онцгой анхаарах шаардлагатай байна.

Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурал гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээдэггүй. Бид Үндсэн хуулийнхаа хүрээнд ажиллах учиртай. Үндсэн хуулийн дагуу гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээсэн эрх бүхий байгууллагууд гэмт хэрэг, хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг ард түмэн шаардаж байна. Улсын Их Хурал гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй боловч үүссэн нөхцөл байдал биднийг Үндсэн хуулийн дагуу шаардлага, хяналт тавьж, хурдтай, хариуцлагатай ажиллахыг шаардаж байна.

“Нүүрсний хулгай”-г зөвхөн хулгайлсан нүүрс гэж хязгаарлахгүй, нүүрс экспортын бүх шатанд гэрээ, тээвэр, хөрс хуулалт, олборлолт, жишиг татвар, АМНАТ, НӨАТ, хил гааль гээд олон хүрээг хамарч байгааг анхаарч, бүх талаас нь шалгах нь зүйтэй.

Нийт 21 эрүүгийн хэрэг байгаа гэж мэдээлж байна. Тэдгээрээс шүүхэд шилжсэн хэргүүдэд холбогдсон улстөрчид, албан тушаалтнуудын нэрсийг иргэдэд ил тод зарлаж, мэдээлээд явах нь зөв гэж үзэж байна.

Эзэн бие, холбогдогчгүй хэрэг гэж байхгүй. Эзэнгүй хулгайн тухай яриад байхаар ард түмэн бухимдах нь аргагүй. Тийм учраас мэдээлэлтэй, үнэлгээ тогтоосон Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнууд хуулийн байгууллагад мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудаа өгөх шаардлагатай. Нээлттэй сонсголд оролцож, үүнийгээ мэдээллэх үүрэгтэй. Гэмт хэрэг нуун дарагдуулах нь эрүүгийн хариуцлага. Ямар нэг байдлаар уг асуудалд холбогдсон гишүүн байвал төр, ард түмний өмнө өргөсөн тангараг, иргэний үүргээ биелүүлж, хууль хяналтын байгууллагад очиж шалгуулах хэрэгтэй. Хэн нэгнийгээ улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх гэсэн, эс бол гэмт хэргийг нуун дарагдуулах, “нүүрсний хулгай”-г замхруулах гэсэн аливаа үйлдэлтэй Улсын Их Хурал хатуу тэмцэх шаардлагатай. “Нүүрсний хулгай”-н хэргийг ард түмний хяналт дор ил тод, үнэн зөвөөр шийдвэрлэх үйл явцад Улсын Их Хурал өөрөөс шалтгаалах дэмжлэгийг бүрэн үзүүлэхэд бэлэн байна гэдгийг тэмдэглэж хэлье.

Хэрэг удааширч, холбогдогчид нь илэрхгүй байгаад хуулийн буруу байхгүй. Хууль хэрэглээний буруу л байгаа. Тиймээс бүх түвшинд зөвхөн хуульд захирагдаж, хуулийг мөрдөж ажиллах ёстой гэдгийг зориуд хэлье. Шаардлагагүй бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулья. Авлигатай тэмцэх багц хуулийн төслийг бид ярилцаж байгаа. Ялын бодлогыг чангатгая, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх бүх талын боломж бий.  

Улс орны өнөөгийн нөхцөл байдал, маргааш ирээдүйн зорилттой холбоотойгоор Улсын Их Хурал илүү ачаалалтай, хариуцлагатай ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байна. Ойрын үед хувийн хэвшлээ дэмжих, эдийн засгаа солонгоруулах, төрөлжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр, эхлээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүн хангах хэрэгтэй. Олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатай, жил гаруй ярьж байгаа. Хэтэрхий удаж байна. Энэ чинь “нүүрсний хулгай”-г шийдэх том үндэс. Олон улсын байгууллагуудтайгаа ярилцаад, өгсөн авсан гээд эрдэс баялгийг олборлох бүх шатны үйл ажиллагааг ил тод болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлаа шуурхайлах хэрэгтэй байна.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах, энэ төрлийн гэмт хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй байх, хөрөнгө хураах зэрэг шинэ санкцуудыг хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарын бүх төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох хэрэгтэй байна.

Зөвхөн “нүүрсний хулгай” гэлтгүй нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авилга, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалах, төрийн хүнд суртлыг арилгах, төрийн албан хаагчдын ёс зүйг хууль, дүрмээр зохицуулах зайлшгүй шаардлага байна.

Иймээс энэ асуудлуудыг Улсын Их Хурлын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулна. Хянан шалгах түр хороод ч идэвхтэй, эрчимтэй ажиллах хэрэгтэй. Даваа гарагт Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн ахалж ажиллаж байгаа Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо гэрч дуудах, албан тушаалтнуудын нэрсийг тодорхой болгохоор төлөвлөөд байгаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдын ахалж ажиллаж байгаа Хилийн боомтуудаар ачаа,тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгаж, бүх бололцоог нь ханган, гишүүд дэмжиж ажиллах хэрэгтэй.

Тайван жагсаалаар үзэл бодлоо илэрхийлж байгаа ард түмний саналуудыг түргэн шуурхай шийдвэрлэхийг гэмт хэрэгтэй тэмцэх эрх бүхий байгууллага, гүйцэтгэх засаглалаас шаардаж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон холбогдох Байнгын хороод эрчимжүүлэхийг үүрэг болгож байна.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нэгдсэн хуралдааны эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2022 оны арван хоёрдугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр хуулийн төслүүдийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээр нягтлан хэлэлцэж, төслийн нэр томьёоноос эхлээд боловсронгуй болгож, олон талаас нь ярилцах нь чухал хэмээн хуралдаан даргалагч хэлэлцүүлгийг хойшлуулсныг ийнхүү өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооноос хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн бөгөөд эл саналыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 55 гишүүний 42 нь 76.4 хувийн саналаар дэмжив. Иймд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав

Дараа нь “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" зорилго бүхий хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай санал ирүүлснийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Монгол Улсын хилийн боомтын асуудлыг хянан шалгах явцад холбогдох байгууллагуудаас авсан нотлох баримтуудыг нэгтгэн боловсруулах, нотлох баримтыг сонсголоор шинжлэн судлах зэрэгт тодорхой хугацаа шаардлагатай байгаа талаарх саналыг үндэслэн Эдийн засгийн байнгын хороо “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг тэрбээр танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, С.Чинзориг, Ж.Батжаргал, Б.Жаргалмаа, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд болон Байнгын хорооны даргаас хариулт авав. Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" тусгай сэдвийн хүрээнд хяналт шалгалт хийх явцад нууцын зэрэглэлтэй гэрээ, бичиг баримтуудтай танилцаж байгаагаа Г.Ганболд гишүүн хэлсэн.

Гэхдээ нууцын зэрэглэлтэй учраас энэ талаар олон нийтэд мэдээллэх, ил тод дэлгэх боломжгүй байгаа аж. Энэ сарын 21-ний өдөр зохион байгуулах Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголоос өмнө оффтэйк гэрээнүүдийг нууцын зэрэглэлээс гаргах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлээд байгаагаа мөн мэдээллээ.

Засгийн газар шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох гэрээнүүд ил болж, тэр хэрээр иргэдийн хүсэж байгаа мэдээлэл тодорхой болно гэж үзэж байгаагаа Г.Ганболд гишүүн хэлсэн. Хянан шалгах түр хорооны өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар тодруулсан гишүүний асуултад тэрбээр хариулт өгөхдөө “Хилийн мэдээлэл, гаалийн бүрдүүлэлт хоёрын зөрүүг тогтоохоор ажиллаж байна. 2013 онд Монгол Улс, БНХАУ-ын гаалиудын мэдээллийг тулгахад анх илэрсэн, тогтоогдсон баримтуудыг тухайн үед хууль хяналт, шүүхийн байгууллагууд нь шийдээд явсан бол асуудал өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Тэр үед хэрэгсэхгүй болгосноос өнөөдрийг хүртэл уг нөхцөл байдал даамжирсан гэж бид үзэж байна.

Эдгээр мэдээ, баримтыг тодруулж, нотлох гэж ажилласаар зургаан сар өнгөрлөө. Монгол Улсын гаалиар “хоосон” гэдэг бүрдүүлэлттэй гарсан нүүрс тээврийн машинууд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ нүүрс тээвэрлэж орсон байна уу, үгүй юу гэдгийг тулгахаар БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Хариу өгөөгүй тул Монгол Улсын ГХЯамаар дамжуулан тус улсын Хөгжил, шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулсан. Хариу ирсэн нь БНХАУ-ын гаалийн байгууллага руу хандаарай гэсэн байсан.

Энэ дагуу дахин ГХЯамаар дамжуулан БНХАУ-ын гаалийн байгууллага руу албан хүсэлтээ илгээгээд байна. Үүний зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудаас төлбөртэй мэдээлэл авч, шинжилж байна. Бүх баримт мэдээллийг боломжит хэрээр цуглуулж, тогтоож, шинжилж, асуудлыг бодитой болгож байж Улсын Их Хуралд тайлагнахгүй бол аль нэг талын мэдээллийг барьж, хөнгөн хуумгай тайлан тавьж болохгүй байсан юм” гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны саналаар “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах томьёоллоор санал хураахад Улсын Их Хурлын 61 гишүүний 59 хувь нь дэмжив. Үүгээр Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг зургаан сараар сунгахаар шийдвэрлэв.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал8 дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Хэлэлцэж буй хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2022 оны арван хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Байнгын хороо арван хоёрдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгажээ. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй завсаруудыг хийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв.

Х.Ганхуяг гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Чинзориг, Б.Пүрэвдорж, М.Оюунчимэг, Б.Бейсен, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, хариулт авав. Ингээд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Эдийн засгийн банйгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2022 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо Лхагва (2022.12.07) гарагийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарийг бэлтгэжээ. Мөн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн гэв. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дуусаад, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Хуралдаанаар "Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ" хэмээн заасан байдаг. Дээрх тогтоолын төсөл нь төрийн нууцад хамаарах асуудал тул чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв. Үүгээр Улсын Их Хурлын үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top