Катарт Касабланка аялагдсан ҮДЭШ

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин, Катараас мэдээлж байна.

"Катар-2022" өдрийн тэмдэглэл #17

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээний хасагдах шатны шилдэг 16 багийн тулаан өндөрлөж , шөвгийн 8 багийн нэр тодорлоо. Шилдэг наймд Европын тав, Өмнөд Америкийн хоёр, Африкийн нэг төлөөлөл үлдэв.

МАРОККО-ИСПАНИ 0:0(0:0,0:0,0:0,0:0)

Торгуулийн цохилт 3:0

120 минутын өрсөлдөөнд ялагч тодорсонгүй. Испаничууд уламжлал ёсоор бөмбөгийг илт давуу эзэмшиж тоглосон ч хөлбөмбөгт гоол оруулж байж хождог билээ л. Мароккод ч тэр, Испанид ч тэр гоол оруулах боломж гарсан ашиглаж чадсангүй. Ялангуяа нэмэлт цагийн төгсгөлд Испанийн Сарабиагийн цохилт шон оносон нь энэ өдөр тэднийг хөлбөмбөгийн бурхан ивээхгүй гэдгийн дохио ч байсан байж болох.

Тоглолт үндсэн болон нэмэлт цагт 0:0-ээр өндөрлөж, бүх зүйл 11 метрийн торгуулийн цохилтоор шийдвэрлэгдэнэ. Энэ бол сэтгэл зүйн "тулаан" болдог. Мароккочууд нэмэлт цаг дуусангуут л сэтгэл зүйн дайнаа эхлүүлэв. Талбай дээр тэд хэдийнээ хожсон юм шиг бие биедээ баяр хүргэж, харин испаничууд хожиж чадаагүйдээ харамссан, сандарсан царайтай толгой гудайлган байгааг харахад л "пенальти"-д хэн нь итгэлтэй байгааг мэдэж болохоор.

Үнэхээр Испаний Сарабиа дахин шон онож, Солер, Бускетс нарын цохилтыг Мароккийн хаалгач Буну хааснаар 3:0-ээр Африкийн баг илүүрхэн, түүхэндээ анх удаагаа ДАШТ-ий шөвгийн наймд үлдлээ.

"Атласын арслангууд" хэмээн нэрлэгддэг Мароккогийн хожилд хөгжөөн дэмжигчдийн үүрэг маш их хэрэг болсон. Энэ тоглолтын мянгаар тоологдох тасалбарыг Катарын Эмир мароккочуудад үнэгүй бэлэглэсэн мэдээ ч байна.

ПОРТУГАЛ-ШВЕЙЦАР 6:1

"Бор ах" (Криштиану Роналду)-ын "Бор тугал" энэ өдөр дийлдэшгүй тоглолт үзүүллээ. Дасгалжуулагч Сантуш зөвхөн энэ тоглолтод тактикийн нэлээдгүй өөрчлөлт хийсний нэг нь КР7 сэлгээнд суулган, түүний оронд гараанд 21 настай довтлогч Гонсалу Рамушийг гаргасан. Португалийн шигшээгийн гараанд анх удаа тоглосон Рамуш Катарт хоёр удаа сэлгээгээр тоглохдоо талбай дээр ердөө л 10 минут өнгөрүүлсэн байсан.

Тэгвэл Сантуш дасгалжуулагчийн "нууц зэвсэг" Рамуш Швейцарийн хаалганд гурван гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгч, үүргээ 200% биелүүллээ. Энэ ДАШТ-ий анхны хет-трекийн эзэн нь бас Рамуш болов.

Өнөөдөр , маргааш ( 12.7-8) дэлхийн АШТ "амарна".

12 сарын 9-нд Бразил-Хорват, Холланд-Испани, 12 сарын 10-нд Португал-Марокко, Англи-Францын тоглолтууд биднийг хүлээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top