Бондуудын маневр Монголын ЗГ-ын зээлжих зэрэглэлийг ТОГТВОРТОЙ барьж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Сүүлийн жилүүдэд эдийн засаг гадаад, дотоод аль аль талдаа үргэлжилсэн сорилтуудтай тулгарч, өрийн удирдлага хэрэгжүүлэхэд амаргүй байгаа ч  Монгол Улсын Засгийн газар гадаад зах зээл дээр өөрсдийн нэр сүр, нүүр царайны толь болж үзэгдэх "ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ"-дээ дорвитой анхаарч, бондуудын төлбөрүүдийг цаг хугацаанд нь хийж байна.

Тухайлбал, Засгийн газар 2012 оны 12 дугаар сард гаргасан Монгол Улсын анхны гадаад үнэт цаас болох “Чингис бонд”-ын  үлдэгдэл төлбөр болох  136.8 сая ам.долларыг энэ сард төлж барагдуулах ёстой талаар өмнө нь zindaa.mn  мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус бондын үлдэгдэл төлбөр 136.8 сая ам.долларыг 2022 оны 12 дугаар сарын 5-ны  өдөр төлснөөр хугацаанд нь бүрэн төлж дууслаа гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.

“Чингис" бондын эхний 5 жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр төлж барагдуулсан бол дараагийн 10 жилийн хугацаатай , 5.125 хувийн хүүтэй 1.0 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ын төлбөрийн үлдэгдэл болох 136.8 сая ам.долларыг ийнхүү барагдуулж байна.

Сануулахад, Сангийн сайд Б.Жавхлан "Чингис", "Гэрэгэ" бондын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүлж өрийн зохицуулалтын арга хэмжээ авсан талаар 2021 оны зургадугаар сард мэдэгдэж байв.

Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сард олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол 2021 оны зургадугаар сард  “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж, өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм.

Чингис бондын зарцуулалтын хувьд анх гадаад зах зээлээс мөнгө босгож оруулж ирэхдээ тухайн үеийн төр засгийн нөхдүүд чухам юунд зарцуулах эсэхээ оновчтой тодорхой болгоогүй байсан нь шүүмж дагуулдаг.

Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр мэдээлэл хийх үеэрээ "Чингис" бондын төлбөрөөс дотоодод авах ёстой сургамжийг  ил тод ярих ёстойг онцолсон.

"Чингис" бондын санхүүжилт  2012 оны 12 дугаар сард орж ирсэн бол үүнээс  зургаан сарын дараа 2013 оны зургаан сард анхны төсөлд санхүүжилт гаргаж байжээ. Гол нь энэ хооронд бондын хүүгийн төлбөр нэмэгдэж бодогдсоор байсан. Улмаар  2014 онд бондын 1.5 тэрбум ам.долларыг  ашигласан  бөгөөд 63 хувь нь төсвийн шинжтэй санхүүжилтэд зарцуулагдсан байдгийг Сангийн сайд хэлсэн.

Тодруулбал, нийт эх үүсвэрийн 12.6 хувийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарт зээл хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд олгосон бол 24.0 хувийг  эрчим хүч, хүнд үйлдвэрлэл, барилгын салбарын томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд, үлдсэн 63.4 хувийн эх үүсвэрийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төмөр зам, авто зам, инженерийн дэд бүтэц, уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор тус тус зарцуулжээ.

Бонд гэдэг бол өр төлбөр. Гадаад зах зээлээс өр тавьж олж ирсэн санхүүжилтийг хөгжлийн төслүүдэд зарцуулж чадвал эдийн засгийн агуулгаараа хөгжлийн хөрөнгө оруулалт болох учиртай.

"Чингис" бондын тухайд эдийн засагт ийм нөлөө үзүүлж чадаагүй. Өөр нэршил бүхий шинэ бондоор уг бондын төлбөрийн дийлэнхийг төлж барагдуулаад байна. Тэгэхээр энэ бол сургамж авах ёстой  асуудал юм.

Тодотгоход,  Хөгжлийн банк 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5%-ийн хүүтэй 30.0 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг ирэх онд буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай юм.

Энэ хүрээнд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны нэгдүгээр улирлаас эхлэн Монголбанкан дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулаад байна.

“Самурай” бондын үндсэн төлбөр болох 30.0 тэрбум иен нь өнөөгийн ханшаар нийт 751.5 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой болж байршуулсныг Сангийн сайд мэдэгдсэн.

Монгол Улсын Хөгжлийн банканд 2022 оны  нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 795.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Үүнээс 707.5 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна. 2022 оны эцэс гэхэд зээлийн эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөж байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн таван  жилийн хугацаанд Гэрэгэ, Номад болон Сенчури гэсэн бондууд гаргаж, өрийн маневр хийгээд байна. Монгол Улс бондуудын төлбөрөө хугацаанд нь төлж олон улсын санхүүгийн зах зээл дээрх нэр хүндээ өсгөснөөр хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж Монгол Улсын Засгийн газрын олон улс дахь нэр хүндийг өсгөх эерэг нөлөөтэйг Сангийн сайд онцолсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.21.109.69) 2022 оны 12 сарын 07

oriig oroor darsanaa manevr ch geh shig goe ner olchjee

0  |  0
Top