Дөчин гурван жилийн дараах уран үгсийн чуулган

2022 оны 12 сарын 07

Өнгөрсөн зууны сүүл орчмоор гэж хэлэхээр шахуу нэг түүхийг эргэн саналаа. 1979 оны намар цаг говьд нар хур тэгширсэн сайхан шаргал улирал налайсан есдүгээр сарын эхээр юм даг. Монголын уран зохиолын арав хоног болдог юм байна. Аугаа их С.Удвал гуайгаар ахлуулсан Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, С.Дашдооров, С.Эрдэнэ нарын арваад зохиолч найрагчид, Казахаас Олжас Сулейменов Вл.Санж, Унгараас Побо Варго, Хаваш Даниел зэрэг зохиолчид оролцсон уран зохиолын энэ өдрүүд Даланзадгадын Цэнгэлдэх хүрээлэнд “Уран үгсийн чуулган”-аар нээлтээ хийж, хэдэн зуун хүнтэй нижгэр сайхан болж билээ.

Тэр цагт энэ бяцхан тэмдэглэлийг бичигч би Цогт-Овоо сумаас мотоциклээр давхин ирж эл ховор сонин үйл ажиллагаанд оролцож, хэнз балчир шүлгүүдээ уншсан минь тодхон санагдана. Гэтэл тэр цагаас янагш даруй 43 жил улиран одсон энэ намар их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний өдрөөр Даланзадгад хотноо Монголын зохиолчдын эвлэл, Өмнөговь аймаг дахь Зохиолчдын салбар хамтран аймгийн удирдлагууд Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр мөнөөх мартагдах шахсан “Уран үгсийн чуулган” маань боллоо. Өмнөговь аймаг шинэ театртай болж, Монголдоо толгой цохих том сайхан театр юм. Тус театрт чуулган олон уншигч үзэгчтэй нижгэр сайхан болов.

Энэ удаагийн “Уран үсгийн чуулган”-д Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Л.Дашням, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, эрдэмтэн доктор С.Байгальсайхан, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Төрбат болон Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Энхболд, М.Эрдэнэбат, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, Х.Сүглэгмаа, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, Н.Гантулга, яруу найрагч Ц.Галбадрах, Б.Бүргэд нарын хүмүүс, Өмнөговь аймгийн Утга зохиолын салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоныг бахархан тэмдэглүүштэй.

Тус салбар нь 20 гаруй гишүүнтэй өнөр өтгөн айл болж, “Эгшиглэнт говь” яруу найргийн уламжлалт наадмаа амжилттай зохион байгуулж, шинэ номын баяр хийгээд утга уран зохиолын олон шинэлэг сайхан үйл ажиллагаа явуулсаар байгаа нь уншигч олны талархлыг хүлээх болжээ. Сайн ажиллаж байгаагийн илрэл нь “Уран үгсийн чуулган”-ыг яруу найрагч С.Сумъяа, У.Насанжаргал, В.Өсөхбаяр зэрэг олон уран бүтээлчид эрвийх дэрвийхээрээ дэмжин оролцсон явдал юм.

Бид аймгийн төвийн сургуулиудаар очиж, багш сурагчидтай уулзалт зохион байгуулсан нь олныг хамарсан сайхан үйл явдал болов. Говийн хойч залуу үеийнхэн маань шүлэг зохиолд дур сонирхолтой нь уулзалт тус бүрээс тодхон харагдаж байв. Улмаар хүүхдүүд зохиосон шүлгээ уншицгаах нь бахдууштай санагдав. Өмнийн говьд минь яруу үгсийн чуулган эгнэгт аривжин дэлгэрч явах болтугай. 

Э.Хархүү

 /Соёлын гавьяат зүтгэлтэн/

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top