С.Ганбаатар: Зөвшөөрлийн хуулийг Та нарын нэг нь ч уншаагүй байх, ЭНЭ бол ГУРИЛДАЛТ

2022 оны 12 сарын 02

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.


Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн талаар  "Тоо гүйцээх гэж байгаа юм шиг ямар ч чанаргүй, гурилдсан асуудлууд их байна.

Энэ хууль гэхэд 89 хуулинд өөрчлөлт орж байгаа. Та нарын нэг нь ч уншаагүй байх аа. Би гэхэд бүтэн уншиж чадсангүй. УИХ-ын даргад арваннэгдүгээр сарын 21-нд өргөн барьсан гэж байгаа. Надад хоёр өдрийн өмнө ирсэн, 60 хувийг нь л уншлаа. Энэ бол гурилдалт.

Ард түмний санал бодол энэ хуулинд тусгагдах уу, үгүй юу. Энэ бол бүтэн ном. Үг болгон дээр нь хүмүүсийн амьдрал, зовлон зүдгүүр, хамгийн гол нь авилгал байгаа. Энэ зөвшөөрлийн хууль авилгалыг өөгшүүлдэг хууль байна.

Монгол ардын нам аа, сонсгол хийж, ажлын хэсэг байгуулсан төдийд хууль баталсан төдийд дохио зангаагаар хол явахгүй ээ, зул бөхийнхөө өмнө бадамладаг шиг. Одоо асуудалд бодитой, сэтгэлээсээ анхаармаар байна.

Үндсэн хууль болон бусад хуулинд хуулиар хориглосон болон хуульд зөвшөөрөлтэй эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж эрхэлж болно гэж байгаа.

Одоо 14 чиглэлээр 249 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлээр 114 энгийн зөвшөөрөл байх ёстой боловч, Та нар бод доо, 1600 болж, бизнес нь өргөжин тэлсэн.

Ард иргэдийн нус нулимс, зовлон зүдгүүр, зовоож байж авилгал авдаг тогтолцоо, энэ төр чинь хүн зовоож байж авилгал авдаг болсон.

Энэ хуулийн төсөл дээр стандарт бол заавал мөрдөх бус сонгон хэрэглэхээр зохицуулагдсан байгаа. Энэ зүйлүүдийг эргэж харах цаг болсон. Гишүүд минь ээ нухацтай үүн рүү ормоор байна.

Захиргааны хэм хэмжээний акт буюу дүрэм журмаар асуудал шийддэг болсон. Үндсэн хуулиараа бол хууль зөвшөөрөөгүй бол гэж хуулиар заасан. Гэтэл одоо Монголын ард түмнийг дүрэм журам, зөвшөөрлөөр дөнгөнд хийж зовоож байгаа" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top