Б.Энхбаяр: Бусад оронд газрын үнийг 90 аргачлалаар тогтоож байхад бид ганц зүйл харж байна

2022 оны 12 сарын 01

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороор 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрйин хуралдаанаар хэлэлцэн, УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.01/ хуралдаанаар хэлэлцлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Газрын төлбөр зах зээлийн үнэлгээнд тулгуурлан татварын суурийг өргөжүүлэх, татварт тэгш шударга, үр ашигтай байх зарчмыг хэрэгжүүлж, газрын төлбөрийг бүрэн төвлөрүүлдэг болгох, газрын төлбөр ногдуулах, төлбөр төлөх харилцаа ил тод, энгийн ойлгомжтой, хүнд сурталгүй болох нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Б.Энхбаяр: Газрын төлбөрийн тухай бие даасан хууль орж ирж байна. Үүнийг хэлэлцэхийг дэмжиж байна.

Газар бол хүний хувийн өмчийн суурь. Хамгийн үнэтэй баялаг. Тэр дундаа хувийн өмчийн газар гэдэг бол үнэлэгдэхгүй үнэ цэнтэй зүйл. Үр хүүхдэдээ хэдэн үе дамжиж өвлүүлэх хамгийн баталгаатай хөрөнгө. Энэ үнэтэй баялгаа бид ихээхэн үнэ цэнгүй байлгаж байгаа. Тэр нь газрын төлбөр буюу татвар дээр харагддаг.

Газрын үнэтэй байлгах гол үндэс нь юу гэхээр үнэ тогтоох аргачлал байгаа юм.

Бид газрынхаа үнийг тогтоохдоо юуг харгалзаж үздэг вэ гэж. Одоогоор бид ганцхан үндэслэлээр газрын үнийг тогтоож байгаа нь байршил. Тухайлбал өнөөдөр Улаанбаатар хотыг дөрвөн бүсэд хувааж газрын төлбөр авдаг. Ингэхдээ тухайн газар дээр явуулж байгаа үйл ажиллагааны зорилго агуулга гэхээсээ илүү “махчлаад” А, Б, В, Г гээд дөрөв хуваачихсан.

Гэтэл яг газрын үнийг тогтоохдоо улс орнуудад шинжлэх ухааны үндэслэлтээгээр тогтоохдоо 90 гаруй шалгуураар газрын үнэлгээг тогтоодог юм билээ. Байршил, үйл ажиллагааны чиглэл, дуу чимээ буюу төмөр замтай ойр байна уу, Баянмонгол хороолол гэхэд төмөр замын чимээ ихтэй, газар хөдлөлтөд тогтвортой эсэх, тухайлбал БЗД-ийн Сансар хавь газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй бүс. Тиймээс газрын үнэлгээнд үүнийг харгалздаг.

Ийм олон хүчин зүйлүүдээр дамжиж байж газрын үнэ бодитой тогтоогддог. Ингэж бодитой тогтоогдсоны үндсэн дээр тэр газраас зүй зохистой татварын хэмжээг тогтоодог.

Энэ орж ирж байгаа хуулийн төслөөр орон нутгийн иргэдийн хурлуудад эрх хэмжээг шилжүүлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас гаргасан аргачиллын дагуу тэр хэмжээг тогтоох эрхийг Иргэдийн хуралд олгож байгааг би маш их дэмжиж байна. Энэ бол жинхэнэ өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх гэж байгаа, төсвийн хөрөнгийн хуваарилалтыг оновчтой болгох гэж байгаа арга хэмжээ байна гэж үзэж энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.84.231) 2022 оны 12 сарын 01

Төмөр замын дагуу байрладаг орон сууцны үнэ гболон газар хямд байдаг бусад улсад

0  |  0
Top