Төсвийн захирагчдад хяналт тавих дотоод аудитын нэгжийг ЗГХЭГ-т харьяалуулах нь зүйтэй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

“Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан”-г Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөл хэлэлцжээ.

Уг хэлэлцүүлгээр  улсын төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, хариуцлагын чиглэлээр анхаарах асуудлуудыг хөндөж, тэдгээрийг шийдвэрлэх чиглэлээр Үндэсний Аудитын газар, УИХ, Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг Төсвийн зөвлөлөөс санал болгожээ. Тэдгээр санал, зөвлөмжөөс дурдвал:

Төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ төсвийн захирагчдын хүрэх үр дүнгийн үзүүлэлтийн биелэлт, бодлогын хэрэгжилтийг үнэлэх, аудитад хувийн аудитын компанийг оролцуулсан бол аудитын аль хэсэгт тухайн компани оролцсон талаарх мэдээллийг тайланд тусгах;

Төсөвт тавих иргэдийн хяналтыг дээшлүүлэх үүднээс Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах, төсвийн гүйцэтгэлийн аудитын дүн, өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг олон нийтээр хэлэлцүүлдэг болох, өмнөх зөвлөмжийн хэрэгжилтийг илүү дэлгэрэнгүй тайлагнах;

Монгол Улсын Ерөнхий аудиторын “Аудитын тайланг баталгаажуулах тухай” 2022 оны A/45 дугаар тушаалын 3 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд болон Сангийн сайд нь Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар  тогтоосон төлбөрийн акт, хүргүүлсэн албан шаардлага, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж биелэлтийг 2022.12.01-ний дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхдээ биелэлтийн тайланг нийтэд мөн ил болгох;

Төсвийн ерөнхийлөн захирагчдын үйл ажиллагаанд хяналт тавих дотоод аудитын нэгжийн хараат бус байдлыг хангах үүднээс тус нэгжийг яамдад бус, ЗГХЭГ-т харьяалуулах нь зүйтэй байна. Ингэснээр дотоод аудитын нэгж нь хараат бус хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Одоогоор яамны Төрийн нарийн бичгийн дарга нь дотоод аудитын нэгжийн даргыг томилж байгаа нь тус нэгж хөндлөнгийн, хараат бус үйл ажиллагаа явуулахад учир дутагдалтай юм. Үндэсний аудитын газар нь ЗГХЭГ-т харьяалагддаг дотоод аудитын нэгжтэй хамтран ажилладаг байх нь зүйтэй байна.

Төсвийн удирдлагыг сайжруулахын тулд төсвийн төлөвлөлтийн гол зарчмуудыг Үндсэн  хуульд тусгах, төсвийн төслийг өргөн барих процессыг сайжруулах.

Монгол Улсад харилцаа, холбооны технологи нэвтэрсэн, авто зам харьцангуй хөгжсөн тул  төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх засаг, захиргааны бүтэц(баг, хороодын тоо, байршил)-ийг эргэн авч үзэх;

Төсвийн хөрөнгө оруулалтын зарим төслийн хэрэгжилт удааширч байгаа тул худалдан авах ажиллагааг бүтээн байгуулалтын улирал эхлэхээс өмнө зохион байгуулах нь зүйтэй байна. Үүний тулд төсвийн цаглабарыг боловсронгуй болгох нь зүйтэй.

УИХ-аар баталсан төсвийн мэдээллийг өргөн барьсан төсвийн төсөлтэй адил төсвийн эдийн засгийн, зориулалтаар, хөтөлбөрөөр зэрэг дэлгэрэнгүй ангиллаар ил болгох;

Төсөвт байгууллага нэмэлт орлого олох үүргийг эргэн авч үзэж, судлах нь зүйтэй. Учир нь төрийн байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй атал иргэдээс орлого олох гэж байгаа нь зохисгүй байна.

Төсвийн зөвлөлөөс дээрх хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн “Төсвийн шинжилгээ” нийтлэлийг гаргах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top