“Экспортыг дэмжих институци бий болгох шаардлагатай”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын Их танхимд болж байна.

Хэлэлцүүлгээр “Шинэ сэргэлтийн бодлого”, “Уул уурхайн бус экспортыг дэмжих нь: Өнөөгийн байдал, олон улсын туршлага, анхаарах асуудлууд”, “Экспортын санхүүжилтийн боломж, шийдвэрлэх асуудлууд”, “Экспортын замын зураг”, “Худалдааг хөнгөвчлөх бодлого ба цахим нэг цонхны үйлчилгээ” сэдвээр илтгэл сонсож, “Уул уурхайн бус экспорт, түүний тулгамдаж буй асуудлууд”, Экспортын санхүүжилтийн шийдвэрлэх асуудлууд, экспортын даатгал, баталгаа”, “Худалдааг хөнгөвчлөх бодлого ба цахим нэг цонхны үйлчилгээ” -ний талаар хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийг нээлтэд хэлэхдээ “Дэлхий дахины худалдаа эдийн засгийн харилцаа, ханган нийлүүлэлт, тээвэр логистикийн сүлжээ болон улс орнуудын эдийн засаг дах цар тахлын ул мөр арилаагүй байхад ОХУ ба Украйны дайнаас үүдэлтэй геополитикийн нөхцөл байдал нь эрчим хүчний үнийн өсөлт, түүхий эд материалын хомсдол, инфляц гэсэн олон таагүй үр дагаврыг нэмж бий болгоод байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас 2021 онд улс орнуудын харилцааны цаашдын төлөв байдал, үндэсний эдийн засгийн чиг хандлага, нийгэмд тэргүүлэх чиглэл, шийдвэр гаргах үйл явц цар тахлын улмаас өөрчлөгдөж байгааг зарлаад дэлхий нийтэд тулгараад буй нөхцөл байдлыг сайжруулахын тулд “The Great Reset” - Их сэргэлт санаачилгыг гаргасан. Монгол Улсын Засгийн газраас хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, Шинэ сэргэлтийн бодлогыг гарган хэрэгжүүлж байна. Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд ч энэ хэвээрээ цааш явж болохгүй нь гэсэн дохиог өгч, эрс шинэчлэх шаардлагатайг бидэнд хэлээд байна.

Эдийн засаг дан ганц уул уурхайн хараат байгаагаас өнөөдрийн олон томоохон сорилтууд тулгараад байгаа бөгөөд гаднын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх буюу уул уурхайн бус экспорт, түүний дотор аялал жуулчлал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Монгол Улсын экспортын бүтцийг өнөөдрийн байдлаар харвал уул уурхайн салбар 93.6 хувь, уул уурхайн бус салбар 6.4 хувь, үүний дотор аж үйлдвэр 2 хувь, мал аж ахуйн салбар 4.4 хувийг бүрдүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан, APTA (Ази, номхон далайн худалдааны хэлэлцээр)-т нэгдсэн, Европын бүртгэгдсэн экспортлогчдын REX системийг нэвтрүүлсэн зэрэг нь экспортын боломжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн гэж үзэж байна.

Жижиг дунд аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ экспортлохын тулд нийлж нэгдэн кластерийн зохион байгуулалтад орж байж, экспортын эрэлт, зах зээлийн шаардлагыг хангаж чадах юм. МҮХАҮТ-аас донор орнуудын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа экспортыг дэмжих төслүүдийн хүрээнд хөдөө ахуйн гаралтай бүтээгдэхүүний кластеруудыг байгуулж үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг дэмжихэд хамтран ажиллаж ирсэн. Үүнд: Европын Холбооны Монголын худалдааг дэмжих TRAM төслийн хүрээнд байгуулагдсан чацаргана, гоо сайхан, сарлагийн хөөвөр торомны ноос, арьс ширэн бүтээгдэхүүний кластер, “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах” MONMAP төслийн хүрээнд байгуулагдсан зөгийн балын кластерыг энд дурдаж болно. Дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтын чадавхыг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгохын тулд экспортын эрэлтийг хангах нийлүүлэлтийн системийг бий болгох хэрэгтэй бөгөөд үүнд холбогдох төрийн байгууллагууд ба нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал юм.

Экспортын хилийн доторх, хил дээрх ба хилийн гаднах асуудлыг цогцоор нь багтаасан стратегийг төр хувийн хэвшил хамтран гаргах, экспортын нэгдсэн бодлогыг хариуцан хэрэгжүүлэх экспортыг дэмжих институцийг бий болгох, экспортын батлан даалтын ба санхүүжилтийг тогтолцоог хөгжүүлэх гээд олон асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай байна.

Саяхан Монголбанк ба МҮХАҮТ харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд 2028 он хүртэл хэрэгжих уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний боловсруулалтын шат ахиулж, экспортыг дэмжихэд чиглэсэн мэдээлэл солилцож, судалгаа хийн төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ энэ төрлийн экспортын зориулалтаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд нэмүү өртөг шингээж, эцсийн боловсруулалт хийж экспортлох, бэлэн болсон бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл хүргэх үе шат бүрийг хамарсан санхүүжилтийн тогтолцоог үе шаттай хөгжүүлэхийг зорьж байна.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарах зөв гарц шийдлийг нийтээрээ өмнөхөөс ч илүү эрэлхийлж буй үед цаг үеэ олсон арга хэмжээ болж байгаа бөгөөд эндээс төр хувийн хэвшил харилцан ойлголцож, цаашид экспортыг дэмжих бодит алхмуудыг авч хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой үр дүн гарна гэж найдаж байна” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top