Өрх бүрийнхээ хоймор руу өгсөж яваа “Сүхбаатарын өнгө”

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Намар намартаа чуулах хунгийн сүрэг ганганан шаагиж, үзэсгэлэнт Дарьгангын тал нутагт хүн зоны хөл их. Намаржаа дэлгэр байна. Энэ л агшинд нутаг орондоо цор ганц цаасан хэвлэл болох “Сүхбаатарын өнгө” сонин тав дахь намартайгаа золгосны баяраа тэмдэглэн хүндэт зочдоо урьж, ойн баяраа хөл хөөртэй тэмдэглэв.

Тус аймаг сүүлийн 20 гаруй жил өөрийн гэсэн цаасан хэвлэлгүй байсан ч 2017 оны тэр нэгэн намраас Их жанжиныхаа алдраар дуурсагдах сонинтой болж, өнөөдрийг хүртэл тогтмол хэвлэгдэж байна. Тэд өдгөө долоо хоног бүрийн даваа гарагийг шинэ мэдээ мэдээллээр угтаж, нутгийнхаа амжилт бүтээл, алдаа оноог  “Сүхбаатарын өнгө”-ндөө баринтаглаж, нэгэн үеийн түүхээ хамтран бичилцэж, архивлан хадгалж явна.

Анх “Сүхбаатарын өнгө” сонинг гаргахад “Дэлхий нийт цахимд шилжиж, онлайн ертөнц гэрлийн хурдаар хөгжиж байхад цаасан сонин гаргах нь хэр ирээдүйтэй вэ” гэсэн асуулт олон хүнээс үүсгэн байгуулагчид ирдэг байж. Гэвч тэр шантраагүй. “Соёлт хүний өглөө сонин уншихаас эхэлдэг” гэдэг итгэл үнэмшилтэйгээр сониноо үүсгэн байгуулж, гаргасаар иржээ. Өдгөө ийнхүү 5 дахь жилээ үдэж, Монголын сонины сэтгүүл зүйд чиг мөрөө гаргасан том айл болж чаджээ.

Ойн арга хэмжээний тод “өнгө” бол тус сонины үүсгэн байгуулагч, эрхлэгч, Сүхбаатар аймгийн унаган охин Д.Улаанхүүхэн. Тэрбээр 14-хөн настай бяцхан охин байхаасаа л сонин дээр юм бичээд нэрээ тавьдаг, мундаг сэтгүүлч болохыг мөрөөдөн шүлэг тэрлэдэг байж. Түүний энэхүү гэгээн мөрөөдөл ч биелж, МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгсөөд “Ардын эрх” сонин, МҮОНР болон орон нутгийн BBS телевиз гээд сэтгүүл зүйн салбартаа тасралтгүй 20 шахам жил ажиллаж яваа мэргэшсэн, туршлагатай уран бүтээлч юм.

Сүхбаатарын өнгө” сонин аль нэг улс төр, бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалтгүй, бие даасан чөлөөт хэвлэл болон хөгжиж байгааг, олон түмнийг соён гэгээрүүлэх сэтгүүл зүйн үндсэн үүргийн дагуух зарчмыг нийтлэлийн бодлогоо болгож, аливаа мэдээллийн тэнцвэртэй хүргэх, мэдрэмжтэй мэдээлэх, нийтэд хүртээмжтэй байхад анхаарч, сэтгүүлчийн хөдөлмөр шингэсэн, эх сурвалж баталгаатай, уншууртай, сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтлэл түгээх зарчмыг баримталж, түүгээрээ онцгойрч явааг эдүгээ хэвлэл мэдээллийн салбарын шүүмжлэгч судлаач нар онцолдог.

Ойн хүндэтгэлд танхим дүүрэн зочид уригджээ. Тухайлбал, тус орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, МСНЭ-ийн төлөөлөгчид, мэргэжил нэгт нөхдүүд нь болоод эл нутгаас төрөн гарсан долоон гавьяат, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, хамтран ажилладаг төр, олон нийтийн байгууллагын ажилтнууд, үнэнч уншигч, захиалагчид гээд “Сүхбаатарын өнгө”-ийг тодлогч бүхэн нь энд цуглажээ. Ойн баярын хүндэтгэлийн хоймроос зочид төлөөлөгч олон сайхан мэндчилгээ, сэтгэлийн үг, талархлын дуу хуур эгшиглүүлж, энэ сонин орон нутгийн төдийгүй улсын хэмжээний тогтмол хэвлэлийн нэг болж чадсаныг талархан дурдсан.

Долоо хоног тутмын сонины эрхлэгч, сэтгүүлч, редактор, гэрэл зурагчин, захиалга болон реклам сурталчилгааны менежер гээд бүх ачааг шавилхан нуруундаа үүрч яваа Д.Улаанхүүхэн эрхлэгч “Би яг сэтгэлийнхээ дуудлагаар ажиллаж бга. Сүхбаатар аймаг 20 мянган өрхтэй. Айл бүрт сониноо захиалуулах нь миний мөрөөдөл” гэсэн нь түүний тод томруун атлаа товч тодорхой хүсэл байлаа.

Бүс нутгийн хэвлэл бол тухайн нутаг дэвсгэр, ойр орчмынхондоо хамгийн үнэ цэнэтэй, эрэлт хэрэгцээтэй мэдээллийн суваг байдаг. Нутаг орныхоо асуудлыг эрэн сурвалжилж, хэвлэн нийтэлж, төр засгийн анхааралд хүргэж, алдаа оноогоо дэнслэн ярилцах талбар  болох нь бий. Энэ ч утгаараа орон нутгийн хэвлэлийн орон зайг түүчээлж яваа Д.Улаанхүүхэн эрхлэгчийн өрх бүрт сониноо хүргэх мөрөөдөл нь мөдхөн биелэх буй за. Хун чуулсан нутгийнхаа хүн зоны оюуны хэрэгцээнд хөрөнгө оруулж яваа “Сүхбаатарын өнгө” ирээдүйд улам тод гэрэлтэнэ гэдэгт эргэлзэх зүйл үгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top