“Самурай” бондоос бусад өр, төлбөрийг зээлээр дахин санхүүжүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Төлбөрийн тэнцэл ирэх онуудад алдагдалтай хэвээр байх төлөвтэй байгааг 2023 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын төсөлд тодотгожээ. Цаашид хилийн хязгаарлалтууд суларснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн түвшиндээ хүрч, Оюутолгойн ил уурхайн үйлдвэрлэлийн агууламж сэргэн, далд уурхайн үйлдвэрлэл ирэх  оны сүүлчээс жигдэрч эхлэхээр тооцвол экспортын орлогыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлөх хүлээлттэй байгаа аж. Гэвч нөгөө талаас, эдийн засгийн идэвхжилтэй уялдан хөрөнгө оруулалтын импорт, ачаа тээвэр болон аяллын үйлчилгээтэй холбоотой зардлууд өндөр байгаа нь урсгал тэнцлийн алдагдлыг өндөр байлгаж байна.

Ирэх онуудад санхүүгийн дансны ашиг  урсгал дансны алдагдлыг нөхөхөөргүй түвшинд байна. Санхүүгийн дансны голлох орох урсгалыг бүрдүүлж буй Оюутолгойн далд уурхайн төслийн ажлууд жигдэрч байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалт төлөвлөгөөний дагуу алгуур буурна. Харин гарах урсгалын хувьд Гэрэгэ бондын үлдэгдэл 540 орчим сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 235 сая ам.доллар, Хуралдай бондын 600 сая ам.доллар, Хятадын Ардын Банкны своп хэлцэл зэрэг томоохон хэмжээний эргэн төлөлтүүд хүлээгдэж буй юм. Түүнчлэн суурь төсөөлөлд Самурай бондоос бусад өр, төлбөрүүдийг гадаад бонд, зээлээр дахин санхүүжүүлнэ гэж үзжээ. Хэрвээ эдгээр гадаад өр, төлбөрүүдийг дахин санхүүжүүлэх боломжгүй, эргэн төлөх шаардлага үүссэн тохиолдолд гадаад санхүүжилтийн хэрэгцээ улам нэмэгдэх эрсдэлтэй юм.

Түүнчлэн төлбөрийн тэнцлийн алдагдал суурь төсөөллөөс томрох эрсдэл өндөр байна. Үүнд экспорт цаашид хүлээлтэд хүрч сэргэхгүй байх, гадаад санхүүжилтээр хийгдэж буй томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт удааширч хөрөнгийн орох урсгал саарах, ирэх онуудад төлөгдөх том дүнтэй гадаад өр төлбөрүүдийг дахин санхүүжүүлэхэд хүндрэл үүсэх, геополитик, гадаад орчны гэнэтийн өөрчлөлтөөс орлуулах боломжгүй  шатахуун гэх мэт импортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ огцом өсөх, төсвийн хэт тэлсэн бодлого үргэлжлэх зэргийг дурдаж болохоор байна. Хэрэв эдгээр эрсдлүүд биелвэл төлбөрийн тэнцлийн алдагдал огцом тэлж, гадаад валютын улсын нөөц тэр хэмжээгээр хорогдож болзошгүй юм.

Тодотгоход, Монгол Улсын гадаад өрийн дарамт өндөр хэвээр байгааг санхүүгийн байгууллагууд мэдээлж буй. Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 33.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өссөн. Үүнээс Засгийн газрын гадаад өр 8.4 тэрбум доллар буюу 24.7 хувийг, Төв банкны гадаад өр 2.6 тэрбум доллар буюу 7.7 хувийг бүрдүүлж байна.

Засгийн газар энэ оны оны 12 дугаар сард Чингис бондын 137 сая ам.доллар, 2023 онд Гэрэгэ бондын 536.6 сая ам.доллар болон 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларын өрийг төлөх хуваарьтай байгаа юм.

2023 онд Монгол Улсын Хөгжлийн банк нь 30 тэрбум иен буюу 225 сая ам.долларын Самурай бонд болон 500 сая ам.долларын Евро бондын төлбөрийг барагдуулах ёстой юм. Сүүлийн мэдээллээр Хөгжлийн банканд 2022 оны  нэгдүгээр сарын 20-ны өдрөөс  есдүгээр сарын 30-ны өдрийн хооронд 766.5 тэрбум төгрөгийн төлөлт хийгдээд байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.228.131.103) 2022 оны 10 сарын 24

Ямарч хэцүү юм бэ дээ. Өртэй айл өөдлөхгүй, өттэй мал таргалдаггүй гэж. Жаахан ухаан зараач залуучуудаа. Муу удирдагч байхаас муу ард түмэн гэж байдаггүй юм шүү. Одоо нэрийг мартжээ. Зүрхээ сугалаад ард түмнээ харанхуйгаас гаргадаг зохиол байдагдаа. Зүрхээ сугалахаа боль. Тийм зүрх зориг ч бхгүй.Сэтгэлээ зориулаач. 3-хан сая хүн шүүдээ. Даан ч яав даа...

0  |  0
Top