СУДАЛГАА: Хэрэглэгчид ГУТРАНГИ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

“NRCC” болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс Хэрэглэгчийн итгэлийн улирал тутмын судалгааг өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулжээ.  Судалгаанд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 1000 гаруй иргэд хамрагдаж, эдийн засгийн өнөөгийн төлөв, ойрын ирээдүйн хандлагын талаар мэдээлэл өгсөн байна.

Тодотгоход, Хэрэглэгчийн итгэлийн индекс нь эдийн засгийн ерөнхий байдал болон хэрэглэгчид өөрсдийн санхүүгийн байдлын талаар  хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг. Иргэдээс ирэх зургаан сар болон нэг жилийн хугацаанд үнийн түвшин, валютын ханш, зээл, зээлийн хүү болон орон сууцны үнийн талаарх хүлээлт, томоохон хэмжээний худалдан авалтын төлөвлөгөөний тухай  тандаж, цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн эдгээр үзүүлэлтийн талаар ирээдүйн таамаглал гаргадаг судалгаа юм. Хэрэглэгчийн итгэлийн индекс болон үүнтэй  төстэй индексүүдийг АНУ, Англи, Австрали, Тайланд, Украин, Хонконг, Хятад, Чех, Япон зэрэг олон улс оронд тооцож гаргадаг. Эдийн засгийн ерөнхий байдлыг харуулдаг гол үзүүлэлтүүдийн нэг гэж судлаачид тодотгодог.

Тэгвэл Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл 2022 оны гуравдугаар улиралд өмнөх улирлаас буурсан байна. Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 66.8 байгаа нь жилийн өмнөхөөс 16.1 пунктээр бага байна. Гуравдугаар  улирлын үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулан авч үзье.

Бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийг харуулдаг Өнөөгийн байдлын индекс энэ улиралд 109.5-аас 91.2 болж буурсан. Харин хэрэглэгчдийн бизнесийн нөхцөл, орлого болон хөдөлмөрийн зах зээлийн ойрын ирээдүйн хүлээлтийг харуулдаг Ирээдүйн хүлээлтийн индекс 80.3-аас 58.8 болж эрс буурчээ.


Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал

Хэрэглэгчдийн эдийн засгийн өнөөгийн байдлын үнэлэмж буурсан байна. Бизнесийн нөхцлийн талаарх үнэлэмж эрс муудсан. 5.5 хувь нь бизнесийн нөхцөл “сайн” гэж хариулсан нь 3.4 пунктээр бага байна. 60.1 хувь нь бизнесийн нөхцөл “муу” гэж хариулсан бөгөөд энэ нь 16.2 пунктээр өндөр байна. Хэрэглэгчдийн хөдөлмөрийн зах зээлийн үнэлгээ холимог байна. 26.4 хувь нь ажлын олдоц “элбэг” гэж хариулсан нь өмнөх улирлаас 2.6 пунктээр өндөр, 36.4 хувь нь ажил олоход “хэцүү” гэж хариулсан нь өмнөх улирлаас 5.8 пунктээр өндөр байна.

 

Эдийн засгийн ойрын ирээдүйн төлөв

Хэрэглэгчдийн эдийн засгийн ойрын ирээдүйн талаарх хүлээлт эрс муудахад бизнесийн нөхцөл болон орлого муудна гэсэн хүлээлт нөлөөлсөн байна. Хэрэглэгчдийн 11.9 хувь нь ойрын ирээдүйд бизнесийн нөхцөл “сайн” байна гэж хариулсан нь өмнөх улирлаас 5.4 пунктээр бага, 34.9 хувь нь бизнесийн нөхцөл “муу” байна хариулсан нь өмнөх улирлаас 11.3 пунктээр өндөр байна. Хэрэглэгчдийн 12.7 хувь нь орлого өснө гэж үзсэн нь 5.3 пунктээр бага, 15.5 хувь нь орлого буурна гэж үзсэн нь 2.8 пунктээр өндөр байна. Харин ажлын олдцын хувьд хэрэглэгчид тодорхойгүй байдалтай байна. 8.7 хувь нь ажлын олдоц сайжирна гэж үзсэн нь 3.6 пунктээр бага байгаа бол 21.1 хувь нь муудна гэж үзсэн нь 1.6 пунктээр бага байна.

 

Хэрэглэгчийн итгэл ба эдийн засгийн өсөлт

Хэрэглэгчийн итгэлийн индексийг олон улс орнууд үнэлж мэдээлдэг бөгөөд тухайн орны эдийн засгийн төлөв байдлыг сайн харуулж чаддаг гэж үздэг. Монгол Улсад ч ХИИ-ийг улирлаар үнэлж эхэлснээс хойшхи динамикийг харвал эдийн засгийн өсөлттэй ойрхон хамааралтай байна. ХИИ-ийн индекс хэвийн буюу 100 ба түүнээс дээш утгатай улирлуудад эдийн засаг дунджаар 6.1 хувийн өсөлттэй байсан бол ХИИ 100-гаас бага утгатай улирлуудад эдийн засаг 2.6 хувийн өсөлттэй байна

2022 оны гуравдугаар улиралд хэрэглэгчдийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлэмж болон ойрын ирээдүйн хүлээлт аль аль нь өмнөх улирлаас гутранги байна. Өнөөгийн өндөр инфляц болон инфляцыг бууруулах зорилготой мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байгаа нь хэрэглэгчдийн ойрын ирээдүйн хүлээлтийг бууруулж байна.



Ирэх 6 сарын хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй иргэдийн хувь 76, ирэх нэг жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй иргэдийн хувь 73 байна. Хэрэглэгчид инфляцын түвшинг ирэх 6 сар болон нэг жилийн хугацаанд харгалзан 11.6 болон 14.0 хувь байна гэсэн хүлээлттэй байна. Хүлээгдэж буй инфляцын ойрын 6 сар болон жилийн дараах түвшингүүд өмнөх улиралтай харьцуулахад өссөн байна.

Эндээс үзвэл иргэдийн дийлэнх нь үнийн түвшин өснө гэж үзэж байна. Хоёрдугаар улиралд иргэдийн инфляцын хүлээлт саарах хандлагатай байсан ч энэ улиралд инфляцын хүлээгдэж буй утга эргээд өссөн байна. Түүнчлэн инфляцын талаарх тодорхой бус байдал өндөр байна. Хөдөө амьдардаг хэрэглэгчид Улаанбаатар хотод амьдардаг хэрэглэгчидтэй харьцуулахад ирэх нэг жилийн хугацаанд үнийн түвшин арай бага өснө гэж хүлээж байна. Хотод жилийн хүлээгдэж буй инфляц 14.4 хувь байгаа бол хөдөө 13.3 хувь гэж гарлаа. 6 сарын инфляцын хүлээлт хот болон хөдөөний хэрэглэгчдийн дунд ойролцоо байна.



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top