М.Батжаргал: ИТХ шүүхийн байгууллага мэт ажиллаж буйд ХАРАМСАЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

Архангай аймгийн ИТХ-аас Засаг дарга М.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж, хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний ярьж буйгаар Засаг дарга улстөрийн ёс зүйн алдаа гаргасан хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл энэхүү шйидвэрт аймгийн Засаг дарга М.Батжаргал ямар байр суурьтай байгааг тодрууллаа.


-Аймгийн ИТХ-ын 8-р хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрт та ямар байр суурьтай хандаж байна вэ?

-Тухайн хуралдаан "2023 оны аймгийн хөгжлийн төлөвлөгөөг батлах" үндсэн зорилттой ээлжит төлөвлөгөөт хуралдаан байсан. Нэгжийн хуулинд орсон өөрчлөлтөөр ИТХ-ын хороод гэж байгуулагдсан бөгөөд хороод тус бүртээ өөрсдийн асуудлаа ярилцаж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлд нэгдсэн байдлаар өгөх ёстой. Гэтэл тухайн өдөр ямар ч салбар хороодоор яригдаагүй Засаг даргыг огцруулах асуудал оруулж ирээд зөвлөлд тавьсан. Зөвлөл үүнийг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Нэгдүгээрт, өмнө нь огт яригдаж байгаагүй асуудал, хоёрдугаарт өргөн барьж байгаа асуудал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Засаг даргын орон нутаг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн төлөвлөгөөний тайланг жилийн эцэст дүгнэх ёстой бөгөөд түүний дараа үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцох ёстой байтал гэнэтийн зохион байгуулалттай, учир битүүлэг ийм асуудал яригдаж байгаад хувь хүний үүднээс харамсаж байна.

-Хурлын шийдвэрээс харахад эрх баригч хоёр намын олонхын санал гэж ойлгогдож байсан?

-Одоогоор би Засаг даргын үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. Тус хуралдаанд МАН-ын 13, АН-ын 1 гишүүн л оролцсон. Олон нийтийн сүлжээнд тавигдаж, яригдаж байгаа шиг олонх болсон, хуульд нийцэхүйц шийдвэр биш. Мөн тус хурал товлогдсон хугацаандаа болоогүй. Шөнийн 02.00 цагт зөвлөлийг шаардаж хуралдаад өглөө 05.00 цагт шийдвэр гаргасан байсан. Үүнд би оролцоогүй. ИТХ-ын ямар ч шийдвэр хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл харамсалтай нь өнөөдөр хуулиа зөрчиж, товлосон цагтаа хурлаа зохион байгуулаагүй атлаа, олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттай тараагдсан улстөрийн шинжтэй гүтгэлгийн мэдээллийг үндэслэл болгон огцруулах шийдвэр гаргасан нь учир дутагдалтай гэж харж байна.

-Таныг АТГ-т шалгагдаж буй, улстөрийн сахилга бат алдсан гэх үндэслэлийг ИТХ-аас дэвшүүлээд байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Архангай аймгийн "Ар Ундарга Ус" ОНӨК бий. Энэ компанийн захиралтай холбоотой олон жил үргэлжилж буй шүүх, санхүүгийн олон асуудал байдаг. Компанийн захиралтай холбоотой 300 сая төгрөгийн асуудал бүхий олон зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлэн өгч тухайн аж ахуйн нэгжийн удирдлагад хариуцлага тооцож, өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу ажлаас нь чөлөөлсөн. Энэ шийдвэртэй маань холбоотойгоор гудамжинд лайв хийх, шөнө оройн цагаар гэр оронд маань согтуу орж ирж, хэл амаар доромжлох, гудамжинд нэр төрийг маань гутааж хашхирах гэх мэт олон ёс зүйгүй үйлдлүүд болсон учраас тус иргэнийг Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж, арга хэмжээг авсан. Гэтэл энэ асуудал улам өргөжиж, ИТХ-ын шийдвэрт үндэслэл болж буй нь харамсалтай.

-Цахир суманд түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгосон гэх хууль бүс шийдвэр гаргасан талаар иргэд АТГ-т хандсан. Үүнд тайлбар өгөөч?

-Энэ шийдвэрүүдийг дандаа ИТХ-ын тогтоолыг үндэслэн гаргасан байдаг. Тухайлбал, Цахир суманд түгээмэл тархалттай ашигт малтмал эрхлэх зөвшөөрөл олгох асуудал сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн шийдвэр, аймгийн Ашигт малтмал кадастрын хэлтсийн дүгнэлт, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэж хайгуул хийх зөвшөөрөл олгосон. Энэ мэт миний бие дааж шийдэх боломжгүй асуудлуудыг үндэслэл болгон, хуулийн зүйл заалтад хамааруулан эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гүтгэлгийг олон нийтийн дунд явуулж байна. Хамгийн гол нь ИТХ шүүх үйл ажиллагааны байгууллага мэт асуудалд хандаж буй нь харамсалтай санагдаж байгаа.

-Одоо тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж сонссон. Ямар шалтгаан байв?

-Сумын иргэдийн зүгээс эрх ашгийн зөрчилтэй шийдвэр гэж эсэргүүцэл зарлаж, тогтоолоо дахин эргэж харахыг хүссэн. Судалж үзээд иргэдийн шаардлага үнэн юм байна гэж үзсэн учраас тусгай зөвшөөрлөө цуцалж, ашигт малтмал кадастрын хэлтсийн бүртгэлээс хасуулсан. Засаг дарга гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй. Цаашид "Цахим Архангай" болох үүднээс иргэдийн санал хүсэлтийг шуурхай сонсож, шийдвэр гаргах тал дээр онцгой анхаарна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
10(139.5.218.54) 2022 оны 10 сарын 05

Золжаргалыг яаж хор найруулах хөөж явууллаа. Өөрийн чинь толгой дээр нэг өдөр хөөгдөх өдөр ирж байгаа биз ллараа

0  |  0
Zochin(66.181.160.106) 2022 оны 10 сарын 05

Ooroo mantai niilj omnoh zasagaa unagaasan man ooriig ni unagalaadaa

0  |  0
Болд(103.57.93.12) 2022 оны 10 сарын 05

Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй.

1  |  0
Зоч(66.181.190.32) 2022 оны 10 сарын 05

Даргаар томилогдохдоо ИТХ-н шийдвэр хуулийн дагуу,халагдах болохоороо ИТХ-н шийдвэр хууль бус гэнэ ээ хошин шогийн гол дүр вэ?

1  |  0
Top