Энэ долоо хоногт банкуудад 95 сая ам.доллар нийлүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Төгрөгийн ам.доллартой харьцах албан ханш 3,278.69  байна.  Төв банк энэ долоо хоногт хоёр удаагийн дуудлага худалдаагаар банкуудад нийтдээ 95 сая ам.доллар нийлүүллээ.

Нэг сарын өмнөхтэй харьцуулахад төгрөг ам.долларын эсрэг 87 төгрөгөөр сулраад байна.

Гадаад валютын улсын нөөц  долдугаар сард 2878.6 сая ам.доллар байсан бол наймдугаар сарын байдлаар  2695.6  сая ам.доллар болсон. Валютын нөөц өмнөх сараас 6.36 хувиар, оны эхнээс 38.26 хувь,  жилийн өмнөхөөс 39.20 хувиар буурсан.

Төв банкны ерөнхийлөгч  энэ долоо хоногт Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах үеэрээ “Сүүлийн улирлуудад түүхий эдүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан хэдий ч экспортын биет хэмжээ төдийлөн сэргэж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлж, төлбөрийн тэнцэл эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Улмаар нүүрсний экспортын орлого хүлээлтээс бага байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын орох урсгалд сөргөөр нөлөөлж, валютын ханшинд дарамт үүсгэж байна. Энэ нь мөнгөний бодлогын тохиргоог үргэлжлүүлэн хийх, гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хадгалах шаардлагыг нэмэгдүүлж байна.  Түүнчлэн, гадаад суурь хүү өсөж байгаа нь дотоод хүүг нэмэгдүүлж, төгрөгийн өгөөжийг хадгалах шаардлагыг нэмэгдүүлж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top