Хөх, бөгс хийлгэхийг сошиалаар уриалах нь ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Энэ бол цахим орчинд тавигдаж, олон нийтэд хүрдэг нэлээд өндөр хандалттай мэдээлэл. Бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийг татах үүднээс энэ мэт сурталчилгааг олон нийтийн дунд түгээдэг бөгөөд бид ч үүнтэй эвлэрч, байдаг л зүйл мэт хүлээн авдаг болоод уджээ.

Хэдийгээр тухайн үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч, ийнхүү олон нийтийн сүлжээнд тавьж буй боловч эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн байгууллагын хувьд үүнийг хуулиар хориглодог байх юм. Тодруулбал, Зар сурталчилгааны тухай хуулийн 13.8-д "Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно" гэж заасан байдаг. Тэгвэл дээр дурдсан жишээ энэхүү зүйл заалтыг зөрчөөд зогсохгүй үйлчлүүлэгчийнхээ нэр төрд бүдүүлгээр халдсан үйлдэл юм.

Олон нийтийн дунд "Өгзөг" хэмээн хочлуулдаг байлаа гээд тухайн байгууллага ямар ч ёс зүйгүй үйлдэл гаргаж, "Мөөмтэй боллоо" хэмээн даапаалах нь реклам сурталчилгаа гэхээс илүүтэйгээр ёс зүйгүй байдлыг нь илтгэж байгаа хэрэг.

Хэдхэн хоногийн өмнө яг үүнтэй ижил тохиолдол буюу "Ард" нэгдлээс гаргадаг "Лэнд.мн" зээлийн төвийн албан ёсны фэйсбүүк хуудсанд Лил Памфтай холбогдсон гэх "Ж" бүсгүйн нэрийг оролцуулан зүй бус үг хэллэг бүхий рекламыг олон нийтэд түгээсэн бөгөөд тэрхүү мэдээллээсээ хойш тав хоногийн дараа "Уучлал хүссэн" постыг нийтэлсэн юм. Тэднийг ШӨХТГ-аас зар сурталчилгааны хуулийг зөрчсөн хэмээн үзэж, торгуулийн арга хэмжээ авсан билээ.

Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас "Озоны дусал" гэгчийг олон нийтэд сурталчлахын сацуу балчир хүүхдүүдэд тарьж буй талаарх мэдээлэлд хяналт шалгалт хийсэн талаараа хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлсэн юм.

Тодруулбал, "Сисди мед” ХХК нь өөрийн “Sisdi medical wellness” твиттер хаягт “Улирал солигдон ханиадны вирус дэгдэж буй энэ эрсдэлтэй үед бяцхан үйлчлүүлэгчид маань биеийнхээ дархлааг дэмжиж Озонтой дуслаа хийлгэж суугаа нь мундаг биш гэж үү, мөн Озонжуулсан усаа уухаа ч тэд мартаагүй. Бяцхан үрс эрүүл байг” гэх агуулга бүхий зар сурталчилгаа нийтэлжээ.

Үүнийг нийтлэгдсэний даруй Эрүүл мэндийн сайд асан Ж.Амарсанаа өөрийн сошиал хуудсандаа "Галзуурал" хэмээх тодотголтой нийтлэл оруулж, залуу үеэ хордуулахаа болихыг сануулсан юм. Хормын төдийд олон нийтийн анхааралд орж ирсэн тус үйл явдлыг ийнхүү ШӨХТГ-ынхан яаралтай хянаж, шалгасан байх юм.

Гэтэл хяналт шалгалтын явцад уг компани нь Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх үйл ажиллагааны чиглэлд нь:

  • Гоо сайхны ариун цэврийн барааны худалдаа.
  • Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа
  • Онлайн худалдаа
  • Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах; гэж заасан байсан аж.

Маш энгийнээр ойлгоход ямар ч эрүүл мэндийн үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй "цагаан халаадтай хүмүүс"-т хүүхдийнхээ эрүүл мэндийг даатгаж байгаа гэсэн үг юм. Дээр нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас "Озоны эмчилгээний тухай ямарваа нэгэн заавар, эмчилгээний удирдамж батлаагүй бөгөөд олон улсын болон Монгол Улсын эмнэл зүйн удирдамжид байдаггүй эмчилгээ" хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.

 

Тус компани нь Зар сурталчилгааны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эмчлэх, сувилах, ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулж Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлжээ.

 

Энэ мэт олон нийтийг төөрөгдүүлсэн, баттай ноттой биш, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц мэдээллүүд сошиал орчинд, цензургүй тарж байна. Тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг "Гоо сайхны эмнэлэг"-үүдийн сошиал зар сурталчилгаа хэрээс хэтэрч эхэллээ. Хяналт, шалгалтын байгууллага нь үүнд тодорхой хэмжээний хяналтыг хийдэг ч бүрэн гүйцэд хараандаа оруулах нь цаг хугацаа шаардсан ажил юм.

Тиймээс иргэд бид өөрсдөө асуудалд хянамгай хандаж, сайн мууг ялгаж сурах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Эцэст нь сануулахад, Та эмчлүүлэх гэж буй байгууллагынхаа сошиал хуудсандаа тавьсан сайхан бүсгүй, эмнэлгийн үүдэнд хадсан нэр алдартай хүмүүсийн зураг зэргийг хараад л итгэл үнэмшилтэй болдог бол маш буруу хандлага юм. Хүн бүр адилгүй, хүлэг бүхэн жороогүй шүү дээ !!!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top