Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди өөрийгөө зээлээс чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22


Боловсролын зээлийн сан бол томчууд толгой өвдөхгүйгээр дэлхийн боловсролыг хүүхэддээ болон өөртөө эзэмших арга замын нэг болоод удаж байна. Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Л.Цог, Б.Саранчимэг, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Н.Энхболд, Н.Ганбямба, А.Ундраа, Н.Энхбаяр, Б.Саранчимэг гээд УИХ-ын гишүүд, сайд дарга нар энэ сангийн зээлд нэр холбогдсон баримт өмнө нь дэлгэгдэж байсан.  

Тус сан өнгөрсөн хугацаанд 1,4 сая суралцагчид (давхардсан тоогоор) 1 их наяд орчим төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Монгол Улсын хүн амын тал хувийг эзлэх хэмжээний суралцагч зээлээр сурсан ч нэг хүн хэдэн ч удаа уг сангийн зээлээр суралцах боломжийг олгож байгаа нь өнөөх эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүст давуу эрх олгосоор байна. 

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр өдгөө Дэлгэрийн Гарди ажилладаг. 2022 оны хоёрдугаар сард томилогдсон тэрээр хоёр сарын дараа өөрийгөө зээлийн төлбөрөөс чөлөөлжээ. 

Д.Гарди нь ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академид Олон Улсын харилцааны мэргэжлээр Олон Улсын хүмүүнлэгийн харилцааны хөтөлбөрийн хүрээнд суралцаж, 2016 онд төгссөн байна. Ийнхүү сурахаар явахдаа БЗД-т байрлах 39 м.кв талбайтай орон сууцыг барьцаа хөрөнгө болгож байжээ. Харин түүний гэрээний биелэлтийг Л.Энх-Амгалан сайд үнэлж, зээлийн гэрээ дуусгавар болсноор тооцсон байна. 

Д.Гарди энэ сангийн өмнөх даргад "Зээлээс чөлөөлж өгнө үү?" гэх хүсэлт явуулж байсан ч хожим даргаар очингуутаа өөрийгөө зээлээс чөлөөлөх хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээсэн байдаг. Гэрээний үүргээ амжилттай биелүүлсэн гэх түүний тайлбар нь "зээлийн төлбөрөө төлсөн" гэх агуулгыг шууд илэрхийлэх боломжгүй. 

Сануулахад, Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гарди нь уг албан тушаалд томилогдохын өмнө БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан юм.

Боловсролын зээлийн сангийн талаар товчхон мэдээлэл дуулгахад, Сургалтын төрийн санг “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөх шийдвэрийг 2016 оны аравдугаар сарын 5-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргаж, сангийн ажлын албаны орон тооны хязгаарыг 32 байхаар тогтоожээ.

Гэвч зуун ямаанд жаран ухна гэгчээр тус сангийн хүний нөөцийн тал орчим хувийг эзлэх хэмжээтэй буюу 10 гаруй удирдах албан тушаалтан байдаг гэдэг. 

Боловсролын зээлийн санг ийнхүү онцолж байгаагийн учир нь өмнөх жилүүдэд 3,2 тэрбум төгрөгийн төсвөөр зээл олгодог байсан бол энэ жил Ерөнхий сайдын, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон бусад хөрөнгө оруулалттай нийлээд 30 тэрбумд хүрч,  10 дахин өссөнтэй холбоотой. Энэ өсөлт, боломж дунд нөгөө л эрх мэдэлтэй, удирдах албан тушаалтны чихээсний хүмүүс гадаадын их, дээд сургуульд суралцах эрхийг эзэгнэх вий гэсэн болгоомжлол байна.

Өндөр боловсролтой гэгдэх УИХ-ын гишүүд ч энэ сангийн зээлээр суралцсан байдаг. Тэд Боловсролын зээлийн сангийн удирдлагуудыг лоббидож зээлээ хаалгасан тухай баримтыг би дараагийн бичвэрээр дэлгэх болно. 

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.107.28) 2023 оны 05 сарын 23

Ер нь бол БЗС-с хэн ч зээл авч болно. Дарга, энгийн иргэн ялгаагүй. Гол нь заавал эргүүлэн төлөх ёстой. Хэний ч зээлийг тэглэж болохгүй. Тэгвэл энэ сан маань хоосрохгүй, ард түмний мөнгөөр дахин санхүүжүүлэх шаардлагагүй болно. Дараа нь ирээдүйд энэ сангаас миний ч, таны ч хүүхэд хүүгүй зээл авч болно шүү дээ.

1  |  0
Зочин(202.21.107.28) 2023 оны 05 сарын 22

БЗС -с зээл хүүгүй авсан хүмүүс эхнээсээ төлж эхэлсэн байна. УИХ-н гишүүн Доржхандын хүүхэд төлбөрөө эргэн төлсөн байна. Zarig.mn сайн байна. Эх оронч байна. Одоо хууль батлах хэрэгтэй. Тэгж байж бүх зээл авсан хүмүүс төлнө.

0  |  0
Зочин(202.21.107.28) 2023 оны 05 сарын 22

Эх орондоо ирээд 5 жил ажиллавал зээл төлөгдсөнд тооцогдоно гэдэг журам 2012 онд хүчингүй болсон байна. Гэтэл зарим этгээдүүд 2012 оноос нэг албан байгууллагад ороод л, 5 жил цалин авчих юм. Нэмээд зээлээсээ чөлөөлөгдчих юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү. Гэтэл энэ зээлийг авч чадаагүй хүмүүс нь төлбөрөө төлөөд сургуульд сурах юм. Яагаад бидний татварын мөнгийг аваад зүгээр хармаалчихваа. Дээрээс нь 5 жилийн цалин зүгээр авчих юм. Уг нь энэ 5 жилийнх нь цалинг буцаагаад зээл төлөхөд нь зарцуулах ёстой. Хүү төлөхгүй байгаа ш дээ. Эсвэл ийм сайхан эргэн төлдөггүй, хүүгүй зээл энэ хорвоо

1  |  0
Зочин(202.21.107.28) 2023 оны 05 сарын 22

Тэтгэлэгийг зөвхөн тухайн гадны улсын сургууль, тухайн улс олгодог. БЗээлийн Сангаас хүүгүй зээл авсан хүмүүс 5 жил цалинтай ажил хийгээд эргэн төлөгдөхгүй тэтгэлэг гэж ойлгоод байх шиг байна. Энэ чинь ард түмний татварын мөнгөөр байгуулагдсан Боловсролыг дэмжих Зээлийн Сан. Хамгийн гол нь яаралтай үед хүүгүй олдож байгаа их хэмжээний мөнгө юм л даа. Банкинд хандаад нэмэргүй, хүүгүй зээл шууд гаргаад өгөх банк олдохгүй л дээ. АНХААР: ЭНЭ ХҮҮГҮЙ ЗЭЭЛ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЖИГД ХҮРТЭЭМЖГҮЙ БАЙНА, МӨН АВСАН ХҮМҮҮС ТӨЛӨХГҮЙ БАЙГАА НЬ АРД ТҮМНИЙГ БУХИМДУУЛЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН САН ЧИНЬ ХООСОРЧИХООД БАЙ

1  |  0
Зочин(202.21.107.28) 2023 оны 05 сарын 22

УИХ-н дарга Г.Занданшатарын эхнэр Г.Отгонгэрэл: Манай хоёр хүүхэд зээлээ төлсөн. Zarig.mn. Таныг дагаад олон хүмүүс зээлээ төлж ард түмний татварын мөнгө эргээд төрдөө ирэх болтугай. Зөв. Эх оронч байна. Одоо хууль батлах хэрэгтэй. Тэгж байж бүх зээл авсан хүмүүс төлнө.

1  |  0
БЗС (202.126.90.38) 2023 оны 05 сарын 22

Нийтлэлд маш их буруу мэдээлэл байна даа. Үнэн зөв мэдээлэл иргэдэд хүргэх үүргээ умартаж хов жив бичсэн байна. Үнэндээ... Ажлаа хийдэггүй нэг нөхөр даргаа шантаажилж төрийн байгууллагын баримт бичгийг эрх мэдлийнхээ хүрээнд авч, хулгайлж ч юм уу аваад бусдад дамжуулсан байна. Энэ дарга бол иргэн хүн. 16 онд төгссөн гэхээр 21 онд чөлөөлөгдөх нь ном журманд нийцэж байна. Ер нь бол яаманд бүр том дарга байхдаа ч чөлөөлөгдөх хугацаагаа хүлээж байгаад чөлөөлсөн нь харин ч шудрага байна. Энэ мэдээллийг тараасан хүн нь өөрөө цалин аваад суудагч журмаа уншиж үзээгүй хуучин захирлын эрх муужгай к ...

0  |  1
чимэддорж(124.158.68.201) 2022 оны 09 сарын 23

энэ зээл хүн болгонд олддоггүй юм шалгуур нь сурлага онц байх ёстой гэдэг гэхдээ онц сурсан ядуу айлын эсвэл энгийн иргэний хүүхэд хэзээч явж байгаагүй нэг шалтаг хэлээд хасчихдаг Эсвэл явах гэсэн улсад нь биш Бангладеш,Непал зэрэг оронд шашны сургуульд яв гэх мэт нөгөө шудрага зарчим хэрэгжүүлэх өнөөдрийн дарга нар бас л биш байна. Өөрөө зээлээр сурсан тэгээд чөлөөлүүлсэн Гардийг шудрага ажиллана гэдэгт итгэхүү

0  |  0
Иргэн(66.181.191.178) 2022 оны 09 сарын 23

Монголчууд гадаад ба дотоодод арван жилийн сургуулиудад мөн их сургуулиудад сурч байхдаа шалгалтуудын асуултуудыг урьдчилаад авчихдаг тул өнөөгийн боловсон хүчин хэтэрхий мангуу юм. Яаж асуултуудыг урьдчилаад авдгийг хүн бүр мэддэг.

0  |  0
иргэн(103.229.120.142) 2022 оны 09 сарын 23

зээл авсан л бол эргэж толдог тогтолцоотой болох хэрэгтэй .тэгэхгуй бол тэрбумтангууд зээлээр сураад эргэн толохгуй байна гэдэг арай л биш байна шуу.ядахдаа монготэй хун шиг нунжигтэй байл даа

1  |  0
Oogii(202.9.46.236) 2022 оны 09 сарын 22

Bi basan oilgoson gvi

0  |  0
зочин(103.57.94.214) 2022 оны 09 сарын 22

зээлээ төлсөн үү ойлгомжгүй байна

1  |  0
Top