Цементийн хомсдол барилгын салбарыг, том зургаараа эдийн засгийг хойш нь ЧАНГААЖ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

“Цемент бол барилгын талх” гэж мэргэжилтнүүд тодорхойлдог. Тэгвэл Монголын барилгын  салбар  гол түүхий эд болох цементийн хомсдолд нэрвэгдсэнээр  бүтээн байгуулалтын олон ажлууд гацсан, удааширсан байдалтай байна.

Ковидын улмаас хил гаалийн гацаа, тээвэр ложистикийн зардлын өсөлт зэрэг амаргүй нөхцөл байдалтай тулсан ч нөөц бололцоогоо дайчлан өдийг хүрсэн барилгын салбар энэ он гарсаар ид бүтээн байгуулалт өрнөдөг урин дулаан цагт цементийн хомсдолд дахин нэрвэгдсэнийг хаа хаанаа мэдэж буй.

Цементийн хомсдол үүсэхэд нөлөөлсөн нэг биш нэлээд олон үндэс шалтгаан бийг талууд тайлбарлаж байгаа. Дотоодын тээвэрлэлтийн хүндрэл үүссэн, зах зээлийн 20-30 хувийг хангадаг “Хөтөлийн цемент шохой” ТӨХК  тоног төхөөрөмжийн засвараас үүдэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхгүй саатсан,  үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ хумьсан, “МАК” компанийн  импортоор авдаг шуудай нь дууссан, дундын ченжүүд үнэ хөөрөгдсөн гэхчлэн янз бүрийн л асуудлууд өнгөрсөн саруудад яригдсаар өнөөдрийг хүрсэн.

Хамгийн гол нь  энэ мэт олон асуудлууд дорвитой шийдэгдэлгүй өнөөдрийг хүрснээр Монгол Улсын барилга, дэд бүтцийн салбарын үйл ажиллагаа хумигдсан нь эдийн засагт ч, иргэдийн амьдралд ч сөргөөр нөлөөлж байна.

Энэ салбарын үйлдвэрлэл үндсэн түүхий эдийн дутагдалд орсноор хүнээр жишвэл цусны эргэлт нь саатаж, эрүүл мэнд нь “хэвийн бус “ байдалтай байна гэсэн үг.

Сануулахад,  БХБЯ-ны зүгээс цементийн хомсдол, үнийн хөөрөгдлийг богино хугацаанд цэгцэлж, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хангахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг энэ оны зургадугаар сард өгч байсан билээ. Тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Өнөө жилийн хувьд тээвэрлэлтээс шалтгаалж бүх үйлдвэрүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн... Дотоодын тээвэрлэлтийн хүндрэл цементийн үйлдвэрүүдэд жилд хоёр удаа тохиолддог. Барилгын ажил ид эхлэх үед болон намрын ногоо хураалттай холбоотойгоор вагоны хомсдол үүсдэг. Энэ асуудлыг бид урьдчилаад төмөр замын байгууллагуудад тавьж байсан...” гэсэн бөгөөд “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийн тасалдлыг шийдвэрлэхээр яамны зүгээс анхаарч, цементийн тээвэрлэлтийг бүрэн анхаарч, тулгамдаж буй асуудлыг шийдэхээр  ажиллаж байгаа гэж байв.

Гэсэн ч цементийн хомсдол өнөөдрийг хүртэлх хугацаанд барилгын салбарыг, том зургаараа улсын эдийн засгийг хойш нь чангаасаар байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаарх Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг аваад үзэхэд уул уурхай, барилгын салбаруудын үзүүлэлт “хасах” үзүүлэлттэй гарсан. Бүр тодруулбал, барилгын салбарын үйлдвэрлэл цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үеийн түвшиндээ хүрч чадаагүй байгаа юм. Үүнд, цементийн хомсдол голлон нөлөөлсөөр өнөөдрийг хүрч буйг салбарынхан хэлж байна.

Түүнчлэн импортын цементийн гаалийн албан татварыг түр хугацаанд тэглэх шийдвэрийг Засгийн газар цаг хугацааны хувьд нэлээн оройтож гаргалаа, бүтээн байгуулалтууд ид явагдах ёстой байсан өнгөрсөн саруудад зохицуулалтууд хийгдэх хэрэгтэй байлаа гэж үзэх талууд ч байгаа юм. Эдийн засагт чухал нөлөөтэй барилга үйлдвэрлэлийн салбар удаан хугацаанд түүхий эдийн хомсдолд орсны сөрөг нөлөөлөл нь иргэдэд ч хүндрэл учруулж байна. Эдийн засгийн цаашдын төлөвт ч эрсдэл дагуулж буй юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.191.178) 2022 оны 09 сарын 21

Монголчууд Хятадыг үзэн яддаг хирнээ хятадын цемент ба хятадын барилгын материалаар барьсан орон сууцнуудад сүйд болно. Цэвэр монголоороо амьдрахын тулд хөдөө эсгий гэртээ амьдраач ээ!

0  |  0
Зочин(64.119.17.65) 2022 оны 09 сарын 21

Цүнх баригч урвагч оймс Наранбаатраа халах хэрэгтэй .Тэгэж байж хэвийн байдал даа орно.Поп , ажил 2 бол тэс ондоо зүйл

1  |  0
tulga(202.126.89.51) 2022 оны 09 сарын 21

гарчиг нь ямар ч утгагүй. том зургаараа гэж юуг хэлж байна вэ.

0  |  0
зочин(202.55.191.194) 2022 оны 09 сарын 21

хөтөлийн цементийн үйлдвэрийг эвдсэн наранбаатард хариуцлага тооцох хэрэгтэй

1  |  0
Top