Жүжигчин О.Энхтуул “Опал” жүжгээр театрын тайзнаа эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Найруулагч М.Батболдын гурав дахь бүтээл “Опал” аравдугаар сарын 1-нээс тоглогдоно.

“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Broadway” театрын алдарт бүтээл болох эл жүжгийг  “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шуугиан тариад амжсан М.Батболд найруулж байна.

Жүжгийн гол дүрийг тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээж буй гэдгээрээ онцлогтой. Ийнхүү тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж байна.

Мөн энэхүү жүжигт Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Ариунчимэг, Т.Сэргэлэн гэсэн нийт долоон жүжигчин дүр бүтээж буй бөгөөд тэд нэгэн тайзан дээр хоршин тоглох нь ээ. Жүжиг "Хүн театр"-т тоглогдох юм байна.

“Орфей” театр энэхүү бүтээлээрээ өнөө цагийн хүмүүс бидэнд хамгийн ихээр дутагдаад байгаа итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулахаар зорьж буй ажээ. Мөн өмнөх бүтээлүүдээс өнгө аяс агуулгын хувьд өөр, харьцангуй бага орон зайд, цөөн үзэгчдэд тоглож, үзэгчид тайз хоёрыг нэг дор оршоож, амьд театрын гайхамшгийг харуулахыг зорьж буй гэнэ.

Та бүхэн жүжгийн тасалбарыг ticket.mn сайтаас авах боломжтой юм байна. Жүжгийн тасалбар 120 мянга, 150 мянган төгрөгийн сонголттойгоор борлуулагдаж буй.

Ташрамд сонирхуулахад, тус театрын хамт олон энэхүү жүжгээ аравдугаар сарын 10-нд монголд ажиллаж, амьдарч буй олон улсын үзэгчдэд зориулж, англи орчуулгатайгаар тоглохоор зэхэж буй юм байна.

Жүжгийн тухай болон зохиолчийн тухай мэдээлэл өгөх нь: “Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж, хүн зоны сэтгэл, тархинд гэрэл түгээсэн байна. Одоо ч гэсэн гэрлээ түгээсэн хэвээр. 2022 он гарсаар хоёр ч улсад тавигдаад буй. Энэхүү зохиолоор бүтсэн кино хүртэл байдгийг дуулгая.

Эл жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа 34 театрын зохиол, 27 кино дэлгэцийн бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан, нэрийн хуудас болсон жүжгийн зохиол нь “Everybody loves Opal”.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top