Г.Ёндон: Цаашид гадаад зах зээлд түлшний үнэ буурвал дагаад манайд буурна

2022 оны 08 сарын 22

ОХУ-ын Роснефть компаниас 2022 оны наймдугаар сард манай улсад нийлүүлэгдэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний импортын хил үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буурсан байна. Үүнтэй уялдаж, дизель түлш Аи-95 шатахууны үнэ литр тутамд 300₮-өөр буурлаа.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон дараах мэдээллийг хэвлэлүүдэд өглөө.


Тэрээр "Улсын хэмжээнд шатахуун, түлшний 30 хоногоос дээш нөөцтэй байна.

АИ-95, АИ-98 түлшний үнэ зах зээлийнхээ жамаар явдаг. Үүний дагуу гадаад зах зээл дээр гадаад улсуудын эдийн засгийн өсөлт буурсан болон зарим асуудалтай холбоотойгоор гадаад зах зээлд түлшний үнэ буурсан. Үүнтэй уялдуулаад Монгол орж ирж байгаа хил үнэ дээр өөрчлөлт гарсан тул энэ дагуу АИ-95 дизелийн үнэ буурсан. Өмнө нь гадаад зах зээлийн үнэ өсөхөд үнийг өсгөчихөөд, буухад нь манайд үнийг буулгадаггүй гэх иргэдийн гомдол байсан. Цаашдаа үнэ буувал буулгаад явна.

АИ-92 бензиний хувьд ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийсний үр дүнд долоодугаар сараас 35,3 хувиар хямдруулж, 830 ам.долларын гэрээ хийж, он дуустал тогтворжуулах шийдвэр гарсан. Ойрын хугацаанд бид Роснефть компанитай хэлцэл хийж, цаашдаа ямар байдлаар явах вэ гэдгээ ярилцана. Бид таван жилийн хугацаатай гэрээний дагуу явж байсан. Гадаад нөхцөл байдлаас үүдэн тэр үнийг барих боломжгүй болж, бид эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Урт хугацаандаа бид нефьт боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил, газрын тосны нөөц олборлолтыг нэмэгдүүлэх, нүүрснээс шатахуун гаргах төслүүдэд анхаарах шаардлагатай байна" гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top