Өнөөдөр 2022.08.22. Билгийн тооллын 26. Жилийн 234 дэх өдөр бөгөөд он дуусахад 131 өдөр үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 56 минутад мандлаа, орой 19 цаг 54 минутад жаргана.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 15 градус, шөнөдөө 4 градус дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр ОХУ-д Төрийн далбааны өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Оросын кино найруулагч Алексей Сидоров, Америкийн «Backstreet Boys» хамтлагийн гишүүн Ховард Дуэйн Дороу, жүжигчин Кристен Кэролл Уиг, Оросын жүжигчин Марат Башаров, Бразилын кино жүжигчин Родриго Санторо, Оросын хөл бөмбөгч Артём Зюба, Германы биатлоны тамирчин, дэлхийн хоёр удаагийн аварга Лаура Дальмайер, Их Британийн дуучин Дуа Липа зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1956 оны энэ өдөр Монгол, Хятад, Орос улсын төмөр замын төлөөлөгчдийн хоёрдугаар хурал Бээжин хотод эхэлжээ.
2001 оны наймдугаар сарын 22-27-нд Бээжин хотын урилгаар Улаанбаатар хотын Засаг дарга М.Энхболд тус хотод айлчлав. Айлчлалын үр дүнд хоёр хот “Бээжин-Улаанбаатар хотын найрсаг солилцох тэмдэглэл”-д гарын үсэг зуржээ.
2006 оны энэ өдөр Гандантэгчилэн хийд Далай ламыг айлчлалаар ирэхэд нь угтан авахаар бэлтгэж байв. Энэ нь Далай ламын Монгол Улсад хийсэн долоо дахь айлчлал юм. Энэхүү айлчлал нь шашин хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой аж.
2009 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сьерра-Леонед НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн VII ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулав.
2011 оны наймдугаар сарын 22-23-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсад айлчилжээ.
2011 оны энэ өдөр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсад айлчлав.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1910 оны энэ өдөр Солонгос Японд нэгдэх гэрээ байгуулж байв.
1988 оны энэ өдөр Австралид коала баавгайн дүрс бүхий анхны цагаан алтан зоос гарчээ.
2012 оны энэ өдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэв.
Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ.
Энэ өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Энэ өдөр эм эмнэлгийн элдэв үйл хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, тал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, нохой худалдан авахад муу.
Хол газар явах бол урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )