Түрүүлсэн хүн “ТЭНГЭР ХАРСАН” нь

2022 оны 07 сарын 09

Наадам дөхөхөөр л хүн бүрд янз бүрийн дурсамж, тэр дундаа хүүхэд насных нь гэгээн сайхан үе харван орж ирдэг биз ээ. Надад л лав тэгдэг юм. Харин тэднийгээ бичиж тэмдэглэж явсангүй.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Ариг усны гол, Хөхөө толгой гэж газар байх. Тэнд өдгөө ч бий Хөхөө харуулын овоо гэж жижигхэн овоо байдаг. Хэдийгээр жижигхэн ч гэлээ олон зууны үүх түүхтэй юм гэнэ билээ. Учир нь Хөвсгөл далайн эргэн тойронд олон зууны өмнөөс Хөхөө харуул, Ханх харуул, Хатгал харуул гэх харуул зангийн газруудыг байгуулж, хүмүүс томилон суулгадаг байж. Яг л ингэж томилогдож ирсэн өвөг дээдэс нь энэхүү овоог анхлан босгож, өдгөө хүртэл тахин шүтэж яваа.

...Аймгийн төвд наймдугаар анги төгсөн нутагтаа очоод удаагүй байтал Хөхөө харуулын овоог тахихаар болов. Хүргэн ахтайгаа хамт овооны наадамд ногт ганзагалаад очлоо доо. Нутгийн сайхан ах нар хир харгүй сайхан барилдацгааж, ах хүү ямартай ч гурав даваадахлаа. Ингээд гурвын давааны дараа хүүхдийн барилдаан болов. Ах ч намайг бүртгүүлж, “Энэ хэд дотор чамайг давах нөхөр алга” хэмээн намайгаа дээш шидэж байна. Хэдийгээр бие жижиг ч гэсэн өнөө хэдээсээ ах болоод ч тэр үү, үнэхээр ч 16 хүүхэд бүртгүүлсэн барилдаанд төвөггүй явсаар үзүүр түрүүнд үлдчихлээ. Ингээд өөрийгөө А.Сүхбат /тухайн үед ч үнэхээр шуугиулж байсан даа/ гээд бодчихсон нөхөр дотроо бол харцага шонхор, хангарьдын дэвэлтээр дэвсээр зүүний магнайд гарсан юм даг. Харин хажуунаас нь харахад элээ, хэрээ бүү хэл болжморын дэвэлт ч үгүй л амьтан байж таараа шүү дээ, хөөрхий. Ингээд өөрөөсөө гурав дүү, тавдугаар ангийн нөхөртэй өрлөө дөө. Тэр хооронд хүргэн ах миний дээлийн захыг мушгиад сугандаа хавчуулчихсан хэрнээ “Одоо болоо юм биш үү дээ. Буугаад өгчихвөл чамайг чадахгүй дээ уначихлаа гэж хэн ч хэлэхгүй” гэж байна шүү. /Энэ хэсэг мэдээж худлаа/

Зүлэг ногоон дэвжээний баруун урд хэсэгт өрж байхад л хүүхдийн барилдаанд түрүүлсэн хүүхдийн бай халзан цагаан хонийг хэрхэн авч явах тухай бодогдоод л. Тэр хол газар амьдаар нь дүүрээд явах чанга. Мууллаа гэхэд гэдэс дотор арилгах гээд бөөн ажил яах билээ гээд түмэн бодол. Эцэст нь ерөөсөө л амьдаар нь авч очоод ээждээ өгье, яасан их баярлах бол гэж бодоод зүүн дөрөөгөө суллан эмээлийнхээ хойгуур суугаад өнөө халзан хонио урдуураа дүүртэл нүд харанхуйлаад явчихлаа. Сэхээ ороод нүдээ нээтэл хүмүүсийн уухай, инээд хослон чих шуугиж, хөх тэнгэр л харагдаж байна шүү, хөөрхий минь. Бодолдоо түүртэн урагшаа алхсан намайг өнөө хүүхэд гайхалтай уран өмссөн, би тэртээ холд шороо манарган нүүрээрээ газардсан тухай сумын наадамд төвөггүй гурав давчихдаг байсан ах маань буцах замын туршид ярин элгээ даран инээж, ам зүгшрээгүй хээр даага арагш чангаахад алдан алдаж явж билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top