Украин сард 5-6 тэрбум ам.доллар зарцуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

 

Украины эрх баригчид сард 5-6 тэрбум ам.доллар зарцуулж байна гэж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-ийн тэргүүн Саманта Пауэр Дэлхийн банкны тэргүүнтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ. Вашингтоноос Украинд зориулсан 7.5 тэрбум ам.долларын төсөл хангалтгүй байна гэж Пауэр онцолсон байна.

Тавдугаар сарын сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нийт 40 тэрбум ам.долларын дүн бүхий тусламжийн ээлжит багцыг баталсан. Үүнээс 20 тэрбум гаруй ам.долларыг цэргийн тусламжийн хэлбэрээр олгох бол есөн тэрбум ам.долларын эдийн засгийн тусламж, дөрвөн тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бол дөрвөн тэрбум ам.долларыг АНУ-ын Төрийн департаментын шугамаар цэргийн дэмжлэг болгон олгохоор болжээ.

Украины Сангийн сайд Сергей Марченко эл тусламжаас зөвхөн 7.5 тэрбум ам.доллар төсөвт нь орж ирнэ гэж мэдэгджээ. Тэрбээр Украины төсвийн алдагдал сард таван тэрбум ам.долларт хүрч байна гээд санхүүжилтийн гол эх үүсвэр нь гаднын урсгал хэвээр байна гэж онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top