Монголын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын азотын бордооны хэрэглээний 80 гаруй хувийг ОХУ-ын “Азот" компани дангаараа нийлүүлдэг.
Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үндсэн түүхий эд азотын бордооны томоохон нийлүүлэгч компани болох ОХУ-ын “Азот” компанийн удирдлагуудыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон хүлээн авч уулзжээ.
2021 онд ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр экспортлогч компаниудад хориг тогтоосон үед Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс тус улсын Аж үйлдвэр, худалдааны яамтай хамтран арга хэмжээ авч, анхаарал хандуулан ажилласны үр дүнд энэ оны эхний хагас жилийн байдлаар тэсрэх бодисын үндсэн түүхий эдийн тасалдалд оролгүй, тогтвортой, найдвартай нийлүүлэлт хийгдэж буй аж.
Уулзалтаар 2022 оны сүүлийн хагас жилд уул уурхайн салбарын тэсрэх бодисын түүхий эдийн импортыг тогтвортой байлгах, дэлхийн зах зээл дээр мөрдөгдөж байгаа үнэ ханшийн өөрчлөлтийг харгалзан үзэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэн, шинэ дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнээр харилцагчдаа хангах чиглэлээр санал солилцжээ.
“Азот” компани нь ОХУ-ын азотын бордооны томоохон үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 30 гаруй орны хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын хэрэглэгчдийг хангадаг төдийгүй өөрийн дөрвөн үйлдвэрээр дамжуулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )