Эрчим нь нэмэгдсэн инфляцын эсрэг мөнгөний бодлогыг нэмж чангаруулах уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

2022 оны тавдугаар сард улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 15.1 хувь, өмнөх оны эцсээс 7.9 хувиар өссөн байна.

Инфляц 15.1 хувь гарсны 56.3 хувь буюу 8.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 20.8 нэгж хувь, өмнөх сараас 0.4 нэгж хувиар нэмэгджээ.

Сануулахад,  инфляц  дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 6.4 хувь, өмнөх сараас 2.3 хувиар өссөн.

Тэгэхээр инфляцын өсөлтийн эрчим өмнөх сараас нэмэгдсэн байна.

Дөрөвдүгээр сарын статистик гарсны дараа Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ "Монголбанк ийм үед мэдээж үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхад гол анхаарлаа хандуулж байна. Инфляц сүүлийн статистикаар ѳндѳр хэвээр байгаа боловч ѳсѳлтийн хурдац нь саарч, бага зэрэг тонгойж эхэлсэн нь нааштай үр дүн юм. Мѳнгѳний бодлогын хороо өнгөрсөн 1-р улиралд үнийн түвшний өсөлт эрчимжсэн нѳхцѳлд инфляцын цаашдын хүлээлт эвдэгдэхээс сэргийлж бодлогын хүүг нэлээд огцом ѳсгѳж, дунд хугацаанд тогтворжуулах зорилгоор шийдэмгий арга хэмжээг авсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Цаашид ч Монголбанк инфляцыг зорилтот түвшинд хүргэхэд чиглэн бодлогын бүх арга хэрэгслээ ашиглах болно. Харин Төв банкны арга хэрэгслээр нөлөөлөх аргагүй үнийн өсөлт дээр УИХ, ЗГ-аас бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийн огцом савлагаанаас сэргийлэх арга хэмжээг авсан нь удахгүй үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тов ёсоор энэ сарын 20-24-ний хооронд хуралдаж, шийдвэр гаргах ёстой. Инфляцын эрчим эргэн нэмэгдэж буй нь мөнгөний бодлогыг нэмж хатууруулах шийдвэр гаргахад хүргэх үү гэсэн асуултыг дагуулж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top