Инфляцын ѳсѳлтийн хурдац саарч эхэлсэн нь нааштай үр дүн гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ  оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 6.4 хувь, өмнөх сараас 2.3 хувиар өссөнийг  Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Улаанбаатар хотын инфляц  15.2 хувьтай гараад буй.

Тэгвэл Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдал, инфляцын төлөвтэй холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ.

"Сүүлийн үеийн гадаад орчны томоохон шокууд санхүүгийн сектор болон бодит эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Ковид-19, экспортын саатал, геополитикийн хурцадмал байдал зэрэг нь манай эдийн засагт гадаад зах зээлтэй холбоос (худалдаа, төлбөр тооцоо гм) болон зах зээлд оролцогчдын хүлээлт зэрэг сувгуудаар дамжин нөлөөлж эдийн засгийн идэвхжил саарлаа. Инфляцыг авч үзвэл 60% орчмыг нь импортын бараа бүтээгдэхүүний үнийн ѳсѳлт бүрдүүлсэн байна. Үүний цаана олон улсын зах зээл дээрх хүнс, газрын тосны үнийн ѳсѳлт, тээвэр ложистикийн асуудлууд бий.

Монголбанк ийм үед мэдээж үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхад гол анхаарлаа хандуулж байна. Инфляц сүүлийн статистикаар ѳндѳр хэвээр байгаа боловч ѳсѳлтийн хурдац нь саарч, бага зэрэг тонгойж эхэлсэн нь нааштай үр дүн юм. Мѳнгѳний бодлогын хороо өнгөрсөн 1-р улиралд үнийн түвшний өсөлт эрчимжсэн нѳхцѳлд инфляцын цаашдын хүлээлт эвдэгдэхээс сэргийлж бодлогын хүүг нэлээд огцом ѳсгѳж, дунд хугацаанд тогтворжуулах зорилгоор шийдэмгий арга хэмжээг авсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Цаашид ч Монголбанк инфляцыг зорилтот түвшинд хүргэхэд чиглэн бодлогын бүх арга хэрэгслээ ашиглах болно. Харин Төв банкны арга хэрэгслээр нөлөөлөх аргагүй үнийн өсөлт дээр УИХ, ЗГ-аас бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийн огцом савлагаанаас сэргийлэх арга хэмжээг авсан нь удахгүй үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Санхүүгийн тогтвортой байдлын тухайд гэвэл хүндрэлийн үед ч дотоодын эдийн засагт санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж байна. Ѳмнѳх оны мѳн үетэй харьцуулахад зээлийн ѳсѳлт 20 гаруй хувиар буюу хангалттай хэмжээнд өссөн, зээлийн хүү 14% буюу түүхэн бага түвшинд байгаа нь Тѳв банкны бодлогын зорилттой нийцтэй юм" гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top