Хунтайж Чарльз Канадын уугуул иргэдээс уучлал гуйсангүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

 

Канадад уугуул иргэдийн хүүхдүүдэд зориулсан хуучин сургуулиудын бүсэд өнгөрсөн онд олдсон олон зуун хүүхдийн булшийг тойрсон дуулиан намжаагүй, үргэлжилсээр байна. Эдгээр сургууль нь XIX, XX зуунд Англикан сүмийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Канадын уугуул иргэд Их Британийн хатан хаан II Элизабетаас эдгээр сургуульд сурагчид өвчин болон харгис хандлагын улмаас олон тооны хүүхэд амиа алдсаны төлөө уучлал гуйхыг шаардаж, шаардлагыг Канадад энэ сарын 17-19-нд айлчлал хийх хунтайж Чарльзд гардуулахаар төлөвлөж байна гэж мэдээлж байсан билээ. Тэгвэл хунтайж Чарльз уугуул иргэдээс уучлал эрээгүй байна. Түүнтэй хийсэн уулзалтын дараа Канадын Уугуул иргэдийн ассамблейн тэргүүн Розанна Арчибалд хунтайж уучлал эрээгүй ч өнгөрсөн үед Канадын эрх баригчдын хийсэн алдааг хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Энэ нь эвлэрэх замыг нээж байна гэж Арчибалд онцолсон байна. Хэдийгээр энэ нь хангалтгүй ч уугуул иргэдийн шархыг эдгээхэд чиглэсэн нэг чухал алхам боллоо гэв.

Уэльсийн хунтайж, Корнуолын гүнгийн авхай нар хатан хааны хаан ширээнд суусны 70 жилийн ойг тохиолдуулан Канад улсад гурван хоногийн айлчлал хийсэн билээ. Их Британийн хатан хаан нь албан ёсоор Канадын төрийн тэргүүн юм.

Айлчлалынхаа үеэр хунтайж Чарльз, гэргий Камиллагийн хамтаар уугуул иргэдийн хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулсан “Зүрхний цэцэрлэгт хүрээлэн”-д очиж, эдгээр сургуулиудад суралцаж байсан зарим төлөөлөлтэй уулзсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top