М.Нандинцэцэг: Сонгодог урлаг улс орны чансааг тодорхойлдог

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Сонгодог урлаг тэр дундаа балет бол гоо сайхан, залуу нас, авьяас билгийн илэрхийлэл болсон төрөл юм. Дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 15, 16, 17-нд “Жизель” балетыг толилуулах гэж байна. “Жизель” балетын гол дүрд тоглох тус театрын балетын гоцлооч М.Нандинцэцэгтэй сонгодог урлагийн талаар ярилцлаа.


-Анх хэдэн настайдаа балетын урлагтай хувь заяагаа холбосон бэ. Шантрах үе байсан уу?

-Таван настайгаасаа эхлээд Д.Дашлхагва багшид шавь орж балетаар хичээллэж эхэлсэн. 12 настайгаасаа Хөгжим бүжгийн коллежид суралцаж 2017 онд төгсөж байсан. Бидэнд тоглож наадах цаг зав хомс. Нэг өдөр бэлтгэл таслахад л багшдаа зэмлүүлнэ шүү дээ. Нэг удаа манай ангийн охин модон шаахайгаа мартчихсан гэхээр нь дөрвүүлээ яваад хичээлээ тасалж байлаа. Ирээд багшдаа загнуулсан /инээв/. Бэлтгэлийн дундуур шантрах үе олон гарна. Заримдаа бүх зүйл болохгүй үе гэж байна.  Хөлд цэврүү үсэрнэ, хумс хугарна, өвдөг, шагай өвдөнө. Энэ бүхнийг даваад гэмтэлтэй байсан ч бүжиглэдэг. Ер нь сонгодог урлагаар хичээллэснээсээ хойш их тэвчээртэй, хатуужилтай  болсон юм шиг санагддаг. Хэр баргийн зүйлд уйлахгүй, гүргэр болсон. Тайзан дээр хэдий гялалзаж, инээмсэглэж байгаа хэдий ч маш их өвдөлтийг тэсэж давсан байдаг.

-Анх тайзан дээр гараад хэр догдолж, сандарч байсан бэ?

-Коллежоо төгсөхийн өмнөх жил ангиараа “Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглож УДБЭТ-ийн тайзан дээр гарч байсан. Эхлээд догдолдог юм билээ.  УДБЭТ-т ороод 2018 оны дөрөвдүгээр сард жинхэлж байлаа. Жинхлээд “Дэггүй Лиз” балетын Лизийн дүрд гоцолж байлаа. Тэр үед харин хариуцлагыг мэдэрч, техник, ур чадвар, жүжиглэлт гээд бүх зүйл дээрээ анхаарч байтал нэг л мэдэхэд жүжиг дуусаж байсан. Ер нь гоцлол бүжигчин тоглолтын төгсгөлд хамгийн урд ганцаараа гараад үзэгчдэд ёслох мөч надад хамгийн сайхан санагддаг.

-“Хунт нуур” бүжгэн жүжигт үе, үеийн балетын эмэгтэй гоцлоочид өөрийгөө сорихыг хүсдэг. Хар, цагаан хунд тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Та 2019 онд “Хунт нуур”-т энэ хоёр дүрийг хоёуланг нь бүтээж байсан шүү дээ. Тэр үед эрс тэс хоёр өөр дүр бүтээхэд сэтгэл зүй ямар байсан бэ?

-Өөрийгөө “Хунт нуур”-т гоцолно гэж төсөөлж байгаагүй. Бэлтгэлийн дундуур л хасагдах байх даа л гэж бодож байсан ч бүх чадлаа шавхан  бүжиглэж балетаа амжилттай дуусгасан. Өмнө нь “Хунт нуур”-ын массын хэсэгт бол олон удаа гарч байсан. Эхний хоёр тоглолт маш хурдан дуусаад өнгөрсөн. Дараа дараагийн тоглолт нь өөрт илүү нарийвчилж харагдаж, өөрийнхөө алдааг олж харж засах, тайзтайгаа харьцах, тухайн жүжгийнхээ философийг илүү гүн гүнзгийн мэдрэх гээд их л урт удаан өрнөж байх шиг санагддаг болсон.

Томоохон бүжгэн жүжигт тоглоход бие ядрахаас илүү сэтгэл зүй ядарсан байдаг. Эхлээд цагаан хун дээр тоглоход илүү эвтэйхэн, хар хун дээр хэцүү санагдаж байсан бол 2022 он гараад нэгдүгээр сард тоглоход цагаан хун нь хэцүү, хар хун нь амархан болчих шиг санагдсан. Тоглолт бүр дээр дүр нь өөрийгөө авч явдаг юм болов уу гэж бодогдсон. “Хар хун” гээд кинон дээр гардаг шиг тухайн жүжиг балетчин хүний сэтгэл зүйд маш хүнд тусдаг, сэтгэлийн тээштэй явдаг байхгүй юу. Хүмүүс энэ киног өнгөцхөн, буруу ойлгодог юм билээ.

Цагаан хунгийн бүх зүйл нь цэвэр цэмцгэр, ариун сайхны хамгийн дээдийг харуулах ёстой учраас бүжигчнээс нарийн техник шаарддаг. Мөн балетын төгсгөлд маш их ядарсны дараа 32 эргэлт орж ирдэг. Сэтгэл зүйгээ маш сайн бэлдэж байж л хийхгүй бол алдаа гаргах магадлал ихтэй. Үе үеийн хунгууд, бүжигчид  “Хунт нуур” балетчинаас сэтгэл зүйгээ хүчтэй байлгахыг шаарддаг гэж хэлдэг.

-Тун удахгүй алдарт “Жизель” бүжгэн жүжиг тоглогдоно. Энэ жүжиг бас их драмтай, шархалсан сэтгэл зүрхний шаналан зовлонг илэрхийлдэг шүү дээ. Бэлтгэлээ хэр базаасан бэ?

-УДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Д.Дашлхагвын найруулгаар "Жизель" балетыг шинэчилсэн тавилтаар 2020 оны арванхоёрдугаар сараас тоглож эхэлсэн. Энэ удаагийн тоглолт тун удахгүй эхлэх гэж байна. Миний хувьд "Жизель"-д 2019 оноос тоглож байна. Хамтрагч маань Д.Нацагдорж гэдэг балетчин байсан. Эхлэхээс нь өдий хүртэл хичээллэсэн учраас хоёр жил өөрийгөө бэлдсэн гэж болно. Бэлтгэлийн дундуур бэртэл авсныг эс тооцвол шаргуу хичээллэсэн. Ариун нандин, гэнэн хонгор охины хайртай хүндээ гомдсон уйтгар гуниг, шаналан зовлон галзуурал, үхлээр дуусдаг шүү дээ. Тэр их сэтгэл зүйн драмыг бүжгэн жүжгээрээ гаргахын тулд сэтгэл зүй, харцнаасаа эхлээд бүх зүйл дээрээ ажиллаж байна даа.

-Балетчин хүнд бэртэл авна гэдэг хамгийн хүнд тусдаг байх...

-Цар тахлын үеүдэд бага зэрэг жин нэмснээс болж хөлөнд ачаалал өгсөн. Ер нь хэвийн байх ёстой жин бол 160 см өндөртэй хүнд 45 кг байдаг л даа. Дээшээ 2-3 кг нэмэхийг л зөвшөөрдөг. Тэрнээс их болбол бүжигчин хүнд өөрт нь хэцүү, ачаалал их өгдөг.  Би  цар тахлын эхний нэг жил таван кг нэмсэн байсан. Бэлтгэлийн үед шууд бэртэл аваагүй ч бага багаар бэртэл аваад явсан байна лээ. Жингээ нэмэхгүйн тулд байнгын дасгал хөдөлгөөнөөс гадна хоол ундаа зохицуулах хэрэгтэй байдаг. Бид тоглолт дөхөөд ирэхээр хоолоо багасгаж, сахар давсны хэрэглээгээ танадаг.

-“Жизель” бүжгэн жүжгийг шинэ тавилтаар тавина гэлээ. Яг юу юу нь өөрчлөгдсөн бэ. Ямар шинэлэг зүйл, гэнэтийн бэлэгтэй байх бол?

-УДБЭТ-ын туслах балетмейстер Д.Дашлхагва хөгжмийн найруулга, бүжгийн дэглэлт гээд бүх зүйл дээр нь өөрчлөлт хийсэн. Мөн тайз, хувцас, зарим нэг үзэгдэл дээр өөрчлөлт оруулж илүү сонирхолтой болгосон гэж болно. Хуучин найруулга дээрээ Жизель хайрт Альбертыгаа авраад булшиндаа буцаад ордог бол шинэ найруулга дээрээ тэнгэр рүү нисэн одож, сүнс нь амарлидаг.

Тус жүжгийн эхний үзэгдэлд бодит ертөнцийн амьдралыг харуулдаг бол дараагийн үзэгдэлд хийсвэр сэтгэлгээний сүнсний амьдралыг үзүүлдэг. Энэ хэсэг үзэгчдийн сэтгэлийг их дэнслүүлдэг болов уу. Миний хувьд дурласан, шархалсан, цөхөрсөн, шатсан, шаналсан охины сэтгэл зүйг тэр чигт нь  цацлахаас илүү нарийн чимхлүүр хэлэмжээр тансаг, нандин өгөхийг эрмэлздэг.

-Сонгодог урлагийг сонирхон үздэг үзэгчдийн тоо хэр нэмэгдсэн бэ. Мөн үзэгчдийн соёл хэрхэн өөрчлөгдөж байх шиг анзаарагддаг вэ?

-Цар тахлын дараа манай театрыг зорин ирэх үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Тасалбар нь эхний өдрөө л зарагдаж дуусдаг. Мөн үзэгчдийн зүгээс дахин дахин тоглох хүсэлт тавьдаг боловч бид өөрсдийн биеийн хүчээр л явдаг учраас олон тоглоод байх боломжгүй байдаг. Тиймээс балетыг цаг тухайд нь үзэж гоо зүйн таашаал мэдрэх  нь үнэ цэнтэй.  Үзэгчдийн соёл ч их өөр болсон байна лээ. Залуус маань маш ухамсартай, боловсролтой, ухаалаг болжээ. Ташрамд дуулгахад “Жизель” балетын тасалбар өнөөдрөөс эхлээд худалдаалагдаж эхэлсэн.

-Урлагийн хүн байх, тэр тусмаа эмэгтэй хүн балетчин байх нь хувийн амьдрал хэр орхигддог бол. Гэр бүл, үр хүүхэд төлөвлөх гэхээр тайзан дээрээ гэрэлтмээр байдаг. Энэ хоёр бодол зөрчилдөх үү?

-Хувь хүн өөрөө л хүсвэл хэзээ ч үр хүүхэдтэй болж болно. Миний хувьд би дөнгөж 23 настай залуу байна. Тиймээс ойрын хугацаанд тийм төлөвлөгөө байхгүй. Хөл хүнд болсон ч дасгалаа хөнгөн хийгээд явж болдог. Балетчин Г.Батчимэг эгч маань хоёр ихэр хүүхэд тээж байхдаа “Жизель”-д тоглоод явж байсан шүү дээ. Гэхдээ болгоомж, техник шаардагдана. Надад ажлаа сайн хийх, олон улсын чанартай тэмцээн уралдаанд өөрийгөө сорих бодол байна. Ирэх зургаадугаар сард эх орондоо болох уралдаанд өрсөлдчихөөд долоодугаар сард Солонгос улсад болох тэмцээнд явах төлөвлөгөөтэй байна.

-Тайзан дээр гэрэлтэж буй хунгийн дүрд эсвэл Жизельд үзэгчдийн зүгээс сонин содон бэлэг илгээж байсан тохиолдол байдаг уу?

-Цэцэг л авч байсан /инээв/.

-Сонгодог урлаггүй их хотыг та юутай зүйрлэх вэ?

-Цар тахлын хоёр жилд нийгэм соёл урлагаар их цангасан байна. Тэр дундаа сонгодог урлаггүй их хот гэж үгүй.  Тийм гэгээгүй цар тахлын өдөр хоногууд ямар хар бараан байлаа даа. Бүүдгэр саарал өнгө л төсөөлөгдөж байна, яг л гэрэлгүй айлтай адил. Тэгэхээр сонгодог урлаг хүн төрөлхтний сэтгэлгээ төдийгүй улс орны чансааг тодорхойлдог.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.123) 2022 оны 04 сарын 13

1980-1990онуудад ямар гоё бүжигчид төгсөж ирж блаадаа,Москва Ленинград,Пермь ......Манай байранд лав 2гоё эгч байдаг бсан

0  |  0
Үзэгч(103.229.120.123) 2022 оны 04 сарын 16

Би охиныг үзэж бсан ,дуурийн театр гол дүрийн жүжигчидээ яаж сонгодог юм бол?Даанч харамсалтай гоё өндөр нуруутай Балеринанууд байхгүй болсон бналээ

0  |  1
Зрчин(103.229.120.123) 2022 оны 04 сарын 13

Хуучнаа үгүй хийж ярьдаг охин бна уу гэж бодол төрлөө!

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 05 сарын 13

Улс орны чансааг эдийн засгийн чадавхи нь тодорхойлдог юм аа, хий хоосон урлаг тэр тусмаа сонгодог нэртэй хэт хоцрогдсон хуучинсаг урлаг юуг ч тодорхойлохгүй ш дээ

1  |  4
Top