УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг өөрчлөн зохион байгуулна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Нэгдсэн шуурхай штабт өнөөдөр ажиллаж, тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өглөө.

Коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдал тогтворжсонтой холбогдуулан Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, Шар түвшинд шилжүүлсэн.

Дэлхий даяар цар тахалд нэрвэгдсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабыг байгуулсан билээ. Өнгөрсөн хугацаанд Нэгдсэн шуурхай штаб гадаад улс орнуудаас өөрийн улсын иргэдийг эх орондоо ирэх боломж нөхцөлийг хангах, нийт 644 удаагийн чартер нислэгээр 81 161 иргэнийг татан авах ажлыг зохион байгуулсан байна.

Шадар сайд С.Амарсайхан “Бид бүгд цар тахлын урьдчилан тааварлахын аргагүй нөхцөлд ажлаа эхлүүлж байсан. Тухайн үед ДЭМБ-ын гаргасан судалгаагаар 40-50 мянган хүний амь эрсдэх тооцоолол гарч байсан ч та бид хамтдаа хичээсний үр дүнд цар тахлын учруулах хохирлыг 20 дахин бага үзүүлэлттэйгээр даван туулж байна. Үүнд Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын оруулсан хувь нэмрийг Улсын онцгой комиссын даргын хувьд өндрөөр үнэлж байна” хэмээгээд цаашид Коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдал, цаг үетэйгээ холбогдуулан Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангах, малын вакцинжуулалтын ажилд тусалж, хяналт тавихыг үүрэг болгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top