“ЗОЛА БРОС” циркийнхэн Олон улсын тэмцээнээс ХҮРЭЛ ЦОМ хүртлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Испани улсын Жирона хотод зохион байгуулагдсан Олон Улсын циркчдийн тэмцээнд Монгол Улсын “Зола Брос” хувийн циркийн “Есөн өрлөг” хамтлагийн залуу уран бүтээлчид оролцож гуравдугаарт бичигдлээ.

Дэлхийн 28 орны уран бүтээлчид оролцсон уг наадмаас ОХУ-ы 8 хамтлаг алт, мөнгөн медаль цом авч, Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Зола Брос” хамтлаг хүрэл цом, “Росгос” циркийн тусгай шагнал авчээ. 

Тус циркийн уран бүтээлчид нь Акробат академид 6-аас 3 жил бэлтгэгдсэн хүүхдүүд бөгөөд уг тэмцээнд 2012 онд Монгол Улсаа төлөөлөн “Есөн өрлөг” хамтлаг оролцож Алтан цом авч байжээ.

“Зола брос” цирк нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд 2015 онд байгуулагдсан бөгөөд одоо 40 гаруй уран бүтээлчидтэй, зорилтод бүлгийн 50 орчим хүүхдүүдэд циркийн урлагийн хичээл зааж байна. Сургалтаар акробат, шидэх банзны үзүүлбэрээр голчлон уран бүтээлээ туурвихаас гадна шидэлттэй акробат, хүч тамирын гайхамшиг, акробат икцентрик, дээсээр наадагч, пүрш, агаарын цагариг, агаарын даавуу, уран нугаралт, тэнцвэр зэрэг төрлөөр хүүхдүүд хичээллэдэг юм.

Тус циркийн дэргэдэх “Есөн Өрлөг” хамтлаг нь өмнө нь олон улсын циркчдийн тэмцээнд амжилттай оролцож 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл цомыг хүртэж байжээ.

Монголын циркийн урлагийг дэлхийд таниулж яваа "Зола брос" циркийн уран бүтээлчдэд өндөр амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top