ОЛОН ӨНГӨ: Зөвшөөрөлгүй үзэл бодол

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 22

Хүний эрх, эрх чөлөөний гол цөм бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм. Гэтэл Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасны дагуу бусдын эрх, эрх чөлөө, нэр төрд халдаагүй, гутаах, гүтгэх, доромжлох үйлдэл хийгээгүй үзэл бодлоо чөлөөтэй тайван замаар илэрхийлснийхээ төлөө ЦЕГ-аас “Зөвшөөрөлгүй үзэл бодол”-оо илэрхийлсэн гэж үзэж зөвшөөрөл авахыг шаарджээ.

Цар тахлын болон Жагсаал цуглааны тухай хууль нь Үндсэн хуультайгаа зөрөлдөж байна. Ард иргэд нь улстөрч, эрх мэдэлтэнгүүдтэй зөрчилдөхөд хүрэх вий. Хууль нь хуультай, хүн нь хүнтэй тэрсэлдэх үед юу болдгийн хамгийн ойрын жишээ нь хилийн зурвасаас хэдхэн км-ийн зайд орших Казахстан улс харуулсан шүү дээ. Манай улсад үүнтэй адил үйл явдал жил хүрэхгүй хугацааны өмнө үүсэхэд Засгийн газар нь огцорч байлаа.

Гэтэл өнөөдөр нийслэлийн инфляц нь 15 хувьд шүргэж, бохирдлын хэмжээ нь аюулгүй түвшнөөс 27 дахин ихсэж, амьсгалын замын халдвар авах тохиолдол нь 2.7 дахин, үр зулбалт 3.5 дахин нэмэгдсэн байна. Цар тахлаар өдөрт мянга, мянгаараа өвдөж, хамгийн багадаа нэг хүн үхэж байхад шүү дээ. Түлшээ их түлж утааг ихэсгэж, өөрсдөө ус хольж шатахуунаа чанаргүйжүүлж, машин их унаад түгжрэл үүсгэж, хөлийг нь хорихгүй болохоор халдвар тарааж, их бараа захиалж байгаа болохоор хил дээр гацаагаад байна гэж өдрөөс өдөрт өвдөж, үхэж буй хүмүүсийн тооноос илүүтэйгээр ард иргэдээ бууртгаасаар л байх уу.

Эцэст нь энэ их гомдлоо тайлж, Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх гэтэл “Зөвшөөрөлгүй үзэл бодол” гэж зөрчлийн тухай хуулиар айлгаж байна шүү дээ. Өнөөдөр 92 хувь нь жаргалтай байна гэж байсан энэ улсын иргэдийн нөхцөл байдал ийм байхад айдаст автахгүй яах юм бэ. Иргэдийг айдас, доромжлол эсвэл найдвараар удирддаг гэж улс төр судлаач Доминик Моизи үздэг. Харин өнөөдөр Монгол Улсын иргэд айдас, доромжлолоор биш итгэл, найдвараар удирдуулж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсэж байна.

О.ГАНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top