Д.Дашдондов: Аливаа юм хэт олшрохоороо үнэ цэн нь буурдаг

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 07

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Д.Дашдондовтой ярилцлаа.


-Таныг утга, уран зохиол, соёл боловсролд их зүйл бүтээсэн ч маш даруухан амьдарч ирсэн хүн хэмээн олон хүн ярьж байхыг сонсжээ. Одоо ч даруухан л зусаж байна уу, та?

-Багаасаа борог амьдралд дассан болохоор байгаа юмаа өөд нь татаад л амьдарч явна. Сэтгэл зөв байхыг л илүү чухалчилдаг. Ялангуяа эд мөнгө, тансаг амьдралд шунадаггүй. Гэртээ байж, ойр зуур алхаж явах л наддаа сайхан.

-Аав л ээжийг орлох өсөж төрсөн нутаг гэдэг юу юунаас үнэтэй зүйл. Нутгаадаа хэр гүйж байна?

-Би Говь-Алтай аймгийн Халиун суманд төрж өссөн. Домогт Хар-Азарга, Хан тайширын нуруу, Халин, Олонбулагийн хоолойд сурагч ахуйдаа зунжин хонь хариулж, хэдэн адууныхаа эрэлд мордож явсан болохоор нутгаа санадаг. Сэтгэлийн хүлгээрээ л их гүйх юм даа.

-Алтай уулс бол авьяас билэгт олон уран бүтээлчдийг хөл тэнцүүлсэн нутаг. Нутгаадаа гүйхээр уран бүтээлийн ганзага хоосонгүй л ирнэ биз?     

-2002 онд Алтай хотод болсон М.Цэдэндорж найрагчийн мэндэлсний 70 жилийн ойн ёслолд оролцож, алдарт Бурханбуудай уулын өвөр, Уст Чацрангийн голын эхэнд орших их найрагчийн төрсөн гэрийн бууринд очиж, сумын төвд уншигч зохиолчдын уулзалт хийн хоноод буцах замд миний төрсөн өдөр таарч билээ. Санжийн Пүрэв ах, Дондовынхоо төрсөн гэрийн буурийг үзнэ гэснээр Олонбулаг орж, Голын эхэнд байх буурин дээрээ авга эгч Т.Бадамсүрэнгээрээ заалган найрагч нөхдөө дагуулан очиж байлаа. Ирээд л “Есүхэй” дуурийн цомнолоо бичсэн. Дараа нь “Бөртэ” шүлгэн жүжиг, “Ану хатан” дуурийн цомнолоо бичсэн. Нутаг минь онгод хөглөсөн гэж сүслэн боддог доо. 2019 оны зун нутагтаа гэр бүлээрээ яваад ирсэн. Баянхутгийн овоондоо нутаг орноо магтсан шүлэг уншиж, Тэнгэр овоондоо гарч хийморио сэргээснийх байх тэр оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг яруу найргийн төрөлд “Зохист гүн” номоороо хүртсэн. Нутгаасаа ирээд хэвлүүлсэн ном л доо. 2019 онд бичсэн долоон эрхин сонет, өмнө бичсэнтэйгээ арван эрхин сонетоос дагнан бүрдсэн ном л доо. Монголын яруу найргийн түүхэнд энэ төрлийн анхны ном болсон. Нутгийн уул уснаас эрчис авдаг л юм байна.

-Таны амьдралын замналыг харахад боловсролын салбараас эхлээд соёл урлаг, утга зохиол, сэтгүүлзүйн салбарт дөч шахам жил ажиллажээ. Тэгэхээр та бол соёл урлаг, утга зохиолын салбарын зовлон жаргалыг хамгийн их мэдэрсэн байх учиртай. Энэ салбарт тулгарч буй бэрхшээл юу байна?

-Хүнийг хүн болгох, үндэстний оршин тогтнох дархлааг тогтоох нандин чанараа гээх тийшээ манай соёл урлаг яваад байна уу даа гэж бодогдох боллоо. Хүүхдэд улайг бүү үзүүл, мөнгөнд бүү шунуул гэдэг сэн. Кино гэхэд л хүчирхийллийг их сурталчлах болоо юу даа. Хүүхэд үзэж л байгаа шүү дээ. Урлагийн байгууллагууд дорвитой том шинэ бүтээл туурвихаа болиод удаж байна. Мөнгө байхгүй л гэх юм. Хөгжмийн зохиолч С.Тараа бид хоёр “Цогт хун тайж” дууриа тайзанд тавиулах гээд чадахгүй дөрвөн жилийн нүүр үзэж байна. Бас Б.Мөнхболдтой “Мутрын гэгээ” дуурь хийж буй ч бас мөнгөний асуудалтай тулгарч байна.

-Тэгвэл соёл урлаг, утга зохиолын салбарт харагдаж байгаа гэрэл гэгээ нь юу байна вэ. Болж бүтэж байгаа зүйл нь?

-Олон улсын дуурийн дуулаачдын том уралдааны тэргүүн байрын шагналыг манай дуучид олноороо хүртэж байгааг сонсоход магнай тэнийх юм. Нэр хүндтэй том наадмын шагнал хүртсэн дэлгэцийн бүтээлүүд гарч байна. “Хү” хамтлагийн залуус дэлхийг дуу хөгжмийн хүчирхэг шинэ өнгө аясаараа доргиож буй гээд ололт амжилт байна. Манай уран бүтээлчид чадалтайгаа харуулж байгаа нь тод сайхан гэрэл гэгээ юм даа.

-Нийгмээ ч дагасан уу, эсвэл нийгмийн өөрчлөлтийг далимдуулсан авьяас билиг мөчид хүмүүсийн ч шуурга юм уу манай утга зохиолын салбар тэр чигтээ шилжилтийн үедээ байсаар байна гэх хүмүүс бий. Таны хувьд ямар бодол тээж явах юм. Та дуугарах ёстой хүмүүсийн нэг шүү дээ?

-Үзэл бодол чөлөөтэй болсон нь уран зохиолд ч хүчтэй нөлөөлж элдэв урсгал нэвтэрсээр байгаа нь зүй тогтол байх. Аливаа юм хэт олшрохоороо үнэ цэн нь буурдаг. Утга зохиолын ажилтан, судлаач, зохиолч бэлтгэдэг олон сургууль буй болж. Мөнгө л байвал болсон болоогүй юмаа зохиол гэж хэвлүүлсээр л байгаа. Энэ нь уран зохиолын ертөнцийг бүүдийлгэж шилжилтийн үедээ байгаа мэт харагдуулаад байх шиг ээ. Авьяастай, мэдрэмжтэй хэсэг нь сэтгэлгээний гэгдэх шинэ хандлагад аль хэдийн шилжсэн гэж боддог.

-Ерээд оноос авьяас билэг тааруу нөхөд уран зохиолын талбарт орж ирчихээд Монголын уран зохиолын үнэт өвийг үгүйсгэж, уламжлалт бүхнийг хараан зүхэж байгаа нь нууц биш. Нэг хэсэг нь энэ үнэт өвийнхөө төлөө тэмцэж байна. Энэ бүхний цаана эртний сайхан уран зохиол, үе үеийн бичгийн мэргэдийн бүтээлээр дамжуулан авч үлдэх эх сайхан хэл байгаад л хамаг учир бий. Таны хувьд ч тэдний нэг гэж боддог. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Аливаа туйлшрал хортой. Манайд ийм туйлшрал анзаарагддаг нь нууц биш. Авах гээхийн ухаанаар хандах ёстой л доо. Эх хэлний нарийн нандин эрдэнэс ахмад үеийнхний бүтээлд байдаг. Энэ сайхан өвийг улам хөгжүүлэн авч явах нь манай хэл соёлын дархлаатай хамаатай асуудал шүү. Үндэсний уран зохиол бол дэлхийн уран зохиолын салшгүй нэг хэсэг нь биз дээ. Эх хэлнийхээ яруу тансаг баялаг үг хэллэг, үгийн яруу сайхан, сэтгэлгээний болон хэлний онцлог зэрэгт дулдуйдсан, идэвхтэй зарчмыг баримталсан уран зохиол нь улс үндсээрээ бахархах, амьдралд идэвхтэй, ирээдүйдээ итгэлтэй хүн төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй шүү дээ. Харин энэ бүхэн нь бусад хэлэнд тэр бүр сайн бууж орчуулагдах боломжгүй. Харин сэтгэлгээ, уран санаа, нарийн мэдрэмж, гүн ухаарал зэрэг нь аль ч хэлэнд буудаг байх. Тиймээс уран санаатай, яруу сэтгэмж сэтгэлгээтэй, гүн бодрол, нарийн мэдрэмжид тулгуурласан баймааж дэлхийн уран зохиол болно. Гэтэл сэтгэлгээ гэдэг нэрийн дор үгийн гажсан утгаар хөөцөлдөх хандлага их болжээ. Уран зохиолын амин чухал бүрэлдэхүүн болох уран санаа, яруу сайхан хэллэг, торгон мэдрэмж, гүн ухаарлыг орхиж өөрөөр сэтгэж буй нь энэ гээд элийрэх нь эх хэлнийхээ яруу сайхныг эвдэх, сэтгэлгээг булингартуулах гэмтэй гэж боддог. Зарим нь гүн ухааны гээд хоосон цэцэрхэх нь ч байна. Авьяаслаг зохиолч бол төрөлхийн зөн совин сайтай, мэдрэмтгий, уран яруу сэтгэлгээтэй, хөгжимлөг, дүрслэн бодох өндөр чадвартай байх шиг. Үүн дээр оюуны өндөр чадвар, боловсрол, мэдлэг, уйгагүй шаргуу чанар, мэрийлт нэмэгдэж байж амжилт олно л доо.

-Өнөөдөр гэхэд уран зохиолд судлал шүүмжлэл гэх зүйл унтарсан. Тойрон хүрээлэгчдийн дунд л бөхөж явна. Чойжилжавын Билигсайхан, Хорлоогийн Сампилдэндэв гээд галтай хүмүүсийн залгамж алдагдсан гэдгийг танай үеийнхэн хүлээн зөвшөөрч байна лээ. Харин өөрсдийгөө судлаач гэж нэрлэсэн нөхөд нь хүний бүтээлийг бус өөрсдийгөө судалдаг бололтой. Хараад байхад цахим орчинд “Би” гэсэн нөхөд л байна. Та ч үүнийг анзаарсан байх?

-Би утга зохиол судлаач биш, физикийн багш хүн. Энэ талаар юу хэлэхсэн билээ. Уран зохиолд, ялангуяа судлал шүүмжлэлд тал тохой татах, нутгархах, багш шавирхах, бүлгэрхэх хандлага уншигчдыг төөрөгдүүлж, уран зохиолын хөгжилд чөдөр болдог нь тоогүй. Туйлшрахгүй, голч байвал хэрэгтэй л байх.

-Та боловсролын салбарт ажиллаж байсан хүн. Уран зохиолыг боловсролын суурь тогтолцоонд илүү нухацтай яаж суулгаж өгөх ёстой вэ. Яагаад гэхээр өсвөр насны хүүхдийн дунд уран зохиолын тухай ойлголт гэж алга болжээ?

-Боловсрол олгохын хамт зөв монгол хүнийг төлөвшүүлж байж л улс орон хөгжинө. Хүний төлөвшилд үндэсний уран зохиол л илүү үр өгөөжтэй гэж боддог. Үгээр сэтгэдэг шүү дээ. Үгийг зөв хэрэглэж сургах, бодол санаагаа зөв найруулгатай өгүүлбэрээр илэрхийлэх чадвар эзэмшүүлэх нь хамгийн чухал. Хүүхдийг багаас нь номтой нөхөрлөж сургахад л маш их анхаармаар байна даа.

-Их утга зохиолд хөтөлсөн багш тань хэн бэ. Утга зохиолд хөл тавьсан цагийн сайхан хууч дэлгээч?

-Бага сургуульд байхаасаа л толгой холбон шүлгэрхүү юм бичиж байсан. Уг нь зураг, хөгжим сэтгэлийг минь их татдаг байв. 1967 онд “Алтайн хөгжил” сонинд анхны шүлэг минь хэвлэгдэж билээ. Юун шүлэг байх вэ чааваас, сарыг магтсан дүрслэл байсан санагдана. Тооны төрлийн хичээлд ангидаа эхний гурав дотор явдаг байсан болохоор багш нар энэ талыг минь дэмждэг байж дээ. МУИС-ийн физикийн ангид багш нарынхаа ятгалгаар орж байлаа. Уран зохиолын тухай ямар ч ойлголтгүй олон жил явсан. Толгой холбосон шүлгэрхүү юм л бичдэг байж. Тухайн үед улсын ажил л чухал тул миний хувьд хэдий дуртай ч яруу найраг “амьдрал” биш байж. Нямбуугийн Нямдорж багш л надад жаахан гэгээ оруулсан даа. Одоо бол яруу найраг амь минь л юм даа.

-Ардын уран зохиолч Б.Догмид “Дөлөөн Дон”-ыг уншиж хөг авдаг гэдэг. Бүтээл номыг нь уншиж байж нэг тийм сэтгэлийн хөг авдаг зохиолчид байдаг даа. Тийм зохиолчид хэн бэ. Унших дуртай ном ч гэж байдаг?

-Д.Урианхайн шүлгүүдийг унших дуртай. Сэтгэлгээ, сэтгэмжийн шүлэгчдийн ном, богино мөртүүд унших дуртай. Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгэн жүжгүүдийг унших сайхан шүү. Сайхан шүлэгтэй залуусын алийг нь гэх вэ, уншдаг шүү.

-“Сарны гүмүда” , “Навчсын дуулал”, “Бурхад эзгүй хорвоо”, “Сэтгэлийн урлан” тэргүүтэн олон номыг тань уншигчийн хувиар мэднэ. Одоо ямар уран бүтээл туурвиж байх юм?

-Сүүлийн хоёр жилд бичсэн сонетийн хувилбаруудаараа “Алс дэргэд” яруу найргийн ном хэвлүүлсэн. Итали хувилбараар 20 гаруй, англи хувилбараар 200 гаруй, бусад хувилбараар гучаад, мөн бүл сонет, хэлхээ сонет, эрхин сонет гээд сонетийн хувилбаруудаар дагнан бүтээснээрээ монголын яруу найрагт анхных болсон байх гэж хувьдаа баяртай сууна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top