БНХАУ, ОХУ-ын хил мөнхийн энх тайвны бүс болно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар цахим уулзалт хийж, БНХАУ, ОХУ-ын сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээний хугацааг таван жилээр сунгажээ.

Хүн төрөлхтний хөгжил олон төрлийн хямралтай нүүр тулахтай зэрэгцэн дэлхий дахин тогтворгүй байдал, эрс өөрчлөлтийн үед алхан орж байгаа энэ үед Хятад, Оросын нягт хамтын ажиллагаа дэлхийн хамтын нийгэмлэгийг эерэг эрч хүчээр сэлбэж, олон улсын харилцааны шинэ жишиг загварыг бий болгож байна гэж Ши Жиньпин мэдэгджээ.

Хоёр улсын энэхүү гэрээ үеэс үед уламжлагдан ирсэн хоёр улсын суурь эрх ашигт нийцсэн нөхөрлөлийн тухай ойлголтыг тодорхойлсон билээ. Энэ нь энх тайван, хөгжилд чиглэсэн эрин үеийн чиг хандлагад нийцэхээс гадна олон улсын харилцааны шинэ хэлбэр, нэг хувь заяатай хамтын нийгэмлэгийг цогцлоох практик бөгөөд амьд жишээ болж байна гэж Ши Жиньпин онцлоод гэрээний үзэл санааг удирдлага болгон Хятад, Орос улс итгэлтэй урагш алхах болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү гэрээ нь Орос, Хятадын харилцааны өнөөгийн байдлыг тодорхойлсон олон улсын эрх зүйн акт болсон гээд энэхүү баримт бичиг хоёр улсын харилцааны хөгжлийн олон зууны эерэг туршлагыг өөртөө шингээж, Орос, Хятадын ард түмний сайн хөршийн харилцаа, нөхөрлөлийн түүхэн уламжлалыг бүрэн тусгасан гэж онцолжээ.

Гэрээнд улсын нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх, цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэхээс татгалзах, бие бие рүүгээ стратегийн пуужин онилохоос татгалзах зэрэг зарчмын тохиролцоог баталгаажууллаа гэж Путин мэдэгджээ.

Түүнчлэн, ОХУ, БНХАУ хоёр улсын хилийг мөнхийн энх тайван, найрамдлын бүс болгохыг эрмэлзэж буйгаа тус гэрээнд тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.214.171.138) 2023 оны 10 сарын 19

bidend aytai yu

0  |  0
Top