Ц.Энхбат: Өнчин өрөөсөн үлдсэн хүүхдүүдээ бодохоор үнэхээр өр өвдөж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Хуулийн байгууллага, тэр тусмаа прокурор хүн хүний эрхийг зөрчиж байгаа талаар хүүгээ харамсалтайгаар алдсан Ц.Энхбат гуай манай сонинд хандсан юм.


 

-Уучлаарай, хүүгээ алдсан хүнд хэцүү үед чинь ийм асуулт тавьж байгаад. Та болсон хэрэг явдлын талаар нэхэн ярихгүй юу?

-Энэ хэрэг явдал болоод бараг таван сарын хугацаа өнгөрч байна. Бүр тодорхой хэлбэл, Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу явах замд  Саяси Нурболат гэгч этгээд 2020 оны наймдугаар сарын 29-ний өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчин, хурд хэтрүүлэн замын хажууд зогсож байсан машиныг маш их хурдтайгаар мөргөсөн байдаг юм. Тэр машинд талийгаач хүү маань эхнэр, гурван хүүхдийнхээ хамт байсан. Асар хурдтай ирж мөргөсний улмаар хүүхдүүдийн маань машин 13 метрийн зайнд шидэгдсэн байдаг юм.

-Тэгэхээр ослын улмаас таны хүү нас барсан байх нь ээ. Үнэхээр харамсалтай?

 -Тийм. Энэ ослын уршгаар хүү маань нас барж, 0-5 насны гурван хүүхэд, эхнэр нь гэмтэл авсан. Өнчин өрөөсөн үлдсэн хүүхдүүдээ харахаар үнэхээр өр өвдөх юм.

-Эхнэр, хүүхэд нь хэр зэрэг гэмтсэн бэ. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж тогтоосон уу?

-Тэд гэмтэл авсан, бага нь ухаан алдсан, хүүхдүүд маань асар их сэтгэл санааны цочролд орсон. Эмнэлгээр их л явцгаасан. Хамгийн аюултай нь авто ослын гэмтлийн хор уршиг олон жилийн дараа гардаг гэх юм. Мэдээж тухайн үед нь Цагдаагийн газар мөрдөн шалгаж, гэмт хэрэгтний бурууг тогтоосон. Гэвч прокурорын шатандаа хохирогчдын эсрэг ажиллаад байна уу даа гэх хардлага төрүүлэх болсон.

-Та тодорхой ярихгүй юу. Яагаад тийм хардлага үүсэх болов?

-Энэхүү хэрэгт хяналт тавьж байгаа Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен гэж хүн бий. Тэр хүн хэргийн  хохирогчдын хүсэлтийг хүлээж авахгүй байгаа. Авах нь бүү хэл бүр эсрэгээр нь ажиллаж байгаад үнэхээр гомдолтой байна..

-Хохирогчдын зүгээс ямар хүсэлт тавьсан юм бэ?

-Бид энэ хэргийн харьяаллыг  Ховд аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлж өгөөчээ л гэж хүссэн. Учир нь хэргийн  хохирогчид болон оролцогчид бүгд Ховд, Увс аймагт амьдардаг. Ганцхан яллагдагч С.Нурболат гэгч л Баян-Өлгий аймгийнх. Ийм байсаар байтал энэ хэргийг Баян-Өлгийн шүүх рүү шилжүүлэх гээд байгаа нь бидэнд үнэхээр их хүндрэлтэй байгаа юм. Өмгөөлөгчийн маань ярьж буйгаар бол Х.Өрен гэгч энэ прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2.9-д “Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт эсвэл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн Шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн Танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно” гэж заасны дагуу хэргийн харьяаллыг Дээд шүүхээр тогтоолгох үүрэгтэй юм билээ. Гэтэл хохирогч бидний болон  өмгөөлөгчийн маань гаргасан хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Хамгийн гомдмоор зүйл нь бол хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тогтоолдоо “...холбогдох хэргийн хувьд хэргийн оролцогч гэрчийн олонхи нь Ховд аймагт байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул” С.Нурболат-д холбогдох эрүүгийн хэргийн харьяаллыг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлэх үндэслэлгүй байгаа гэж улаан цайм бичсэн байна. Гэтэл хэргийн хохирогч миний бэр 0-5 насны гурван хүүхдийн хамт болон хоёр гэрч Ховд аймагт байдаг. Энэ бүхэн нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн мэдүүлэг, нотлох баримтаар бүрэн тогтоогдсон шүү дээ.Увс аймагт дөрвөн гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогч би өөрөө амьдардаг

Хэргийг хянаж байгаа прокурор хүн ингэж бодит байдлыг илтээр үгүйсгэж байгаа нь санаатай үйлдэл гэж бодож байна. Ингэж илт нэг талыг барьж, гэрч, хохирогчдыг хэргийн оролцогч гэж үзээгүй нь хуулийн өмнө бүгд эрх тэгш байх зарчмыг санаатайгаар зөрчиж, яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг л гэж бодож байна.

-Прокурор хүний ёс зүй болон хууль дүрмийг Х.Өрен прокурор зөрчсөн л гэж та хэлэх гээд байнаа даа?

-Тийм ээ. Ганц би биш хуульч өмгөөлөгч хүмүүс хүртэл энэ хэргийн явцыг тэгэж үнэлж байна. Өмгөөлөгчийн маань ярьж байгаагаар бол прокурорын гаргаж байгаа энэ үйлдэл нь маш олон хууль дүрмийг зөрчиж байгаа юм билээ. Би заримаас хэлье. Хүний эрхийн түгээмэл тунхаг, Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг Х.Өрен прокурор зөрчсөн. Энэ нь өөрөө  гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Уг нь хуулиа дээдлэн, хүний эрх, эрх чөлөөг хангах нь ардчилсан нийгмийн оршин тогтнох үндэс суурь биз дээ. Хүний эрхийн гол зарчим бол хүний бие, сэтгэл, соёлын болон нийгмийн ялгаанаас үл хамааран бүх хүнд адил тэгш нөхцөл, боломж бий болгоход орших төдийгүй бүх төрлийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг Монгол Улс Үндсэн хуулиар тунхагласан.  Ялгаварлан гадуурхалт нь аливаа хүнийг арьс өнгө, хэл соёл, угсаа гарал, нас, хүйс, үзэл бодлоор нь ялгаварлан дайсагнах үзэл шүү дээ. Монгол хэлний их тайлбар толинд дурдсанаар энэ нь бусдыг ялгавартай үзэх; гадуурхах; ад үзэх гэсэн утгыг илэрхийлдэг. Харин хууль зүйн утгаараа хувь хүнийг эсхүл хэсэг бүлэг хүмүүсийг дараах онцлог шинжээс нь хамаарч тэдэнд шударга бус, тэгш бус хандахыг “ялгаварлан үзэх үзэл”, “ялгаварлан гадуурхалт” гэдэг.

Гэтэл хэрэг хянаж байгаа прокурор нь санаатайгаар, байгаа зүйлийг, хавтаст хэрэгт бичгийн баримтаар тогтоогдсон, бүр хэргийн оролцогчдыг “оролцогч биш” гэж илтээр үгүйсгэсэн нь санаатай үйлдэл, ёс зүйн зөрчил, тангараг өргөсөн хуульчид байж боломгүй үйлдэл. Ялангуяа прокурор нь Төрийн нэрийн өмнөөс гэмт хэрэгтнийг яллах үүрэгтэй. Гэтэл Х.Өрен яллах ёстой этгээдийнхээ эрх ашгийг хамгаалж, хохирогчийг хохироож, байгааг хэрхэн ойлгох вэ. Арай дэндэж байгаа юм биш үү.

-Яс үндсээрээ нэгнийгээ өмөөрч, ялгаварлан гадуурхах хандлагыг прокурор гаргаад байгаа хэрэг үү?

-Прокурор хүн тангараг өргөсөн төрийн албан тушаалтан. Гэтэл Х.Өрен ганцхан яллагдагч этгээдэд үйлчилж байгаа нь ялгаварлан гадуурхаж байна гэж ойлгогдоод байгаа юм.  Энэ бүхнийг гэрчлэх нэг зүйл бол прокурор хохирогчийн гомдол гаргах эрхийг ноцтойгоор зөрчсөн. Хэргийг  шүүхэд шилжүүлснийг хохирогчдод мэдэгдээгүй. Тиймээс ч шүүх хэргийг “Хохирогчийн хэргийн материалтай танилцуулаагүй, хүсэлтийг шийдвэрлэж тогтоолоо гардуулаагүй, иргэний нэхэмжлэлийг шийдээгүй” зэрэг үндэслэлүүдээр прокурорт буцаасан. Гэтэл Х.Өрен, яллагдагч нар үгсэн тохирсон мэт яг л адил төстэй гомдол гаргаж, Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь бус, хохирлыг барагдуулахгүй гэсэн санаагаар эсэргүүцэл , гомдол гаргасан байдаг. Энэ нь Эрүүгийн хэргийг шийдвэрлэхгүйгээр хугацаа хожиж ял завшуулах гэсэн, мөн прокурор нь Төрийн нэрийн өмнөөс хохирогчийн эрх ашгийг хамгаалах байтал, эсрэгээрээ яллагдагчтайгаа нэгдсэн нөхцөл байдал нь түүнийг энэ хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй болох нь илт харагдаж байна.

-Дээрх үйлдлүүд нь хохирогчийн хохирлыг нь барагдуулахгүй байх арга саам байх вий?

-Ер нь л тийм. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар, энэ үйлдэл нь Хохирогчийн хохирлыг Эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хохирлын материалыг бүрэн бүрдүүлээгүй мөртлөө шүүхээс бүрдүүл гэсэн Захирамж гаргахад эсэргүүцэж байгаа нь нэг талыг барьж хохирогчдыг хохироох гэсэн санаатай үйлдэл  юм билээ. Энэ Х.Өрен гэх прокурор нь өөрөө эмэгтэй хүн шүү дээ. Тийм байж 0-5 насны гурван хүүхэдтэй хохирогчийг хохироож, хань нөхрийнх нь амь насыг хохироосон С.Нурболат гэх  этгээдийн талд үйлчилж, алс холын Баян-Өлгий аймаг руу хохирогчдыг очих боломжгүйг нь мэдсээр байж, хэргийн харьяаллыг Баян-Өлгий аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүх рүү явуулах гэж байгаад гомдолтой байна. Ийм хүйтэн цэвдэг сэтгэл гарган ялгаварлан гадуурхаж, эрх тэгш байх зарчмыг зөрчиж байгаа үйлдэл нь саяхан Улсын Онцгой Комиссоос дөнгөж төрсөн эхийг гэрийн углааштай нь өвлийн хүйтэнд гаргасантай ялгаа юу байгаа юм бэ.  Улс хооронд ялтан солилцоход Эрх зүйн тусгай гэрээгээр зохицуулдаг, их ээдрээтэй асуудал байдаг гэнэлээ. Гэтэл Монгол Улс дотроо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяаллыг шийдэх асуудлыг ингэж хүндрүүлж, яс үндсээр нь илтээр ялган  гадуурхаж, огт үндэслэлгүйгээр хэргийн 12 оролцогчийг хохироож, жалга довны үзэл гаргаж тэдний  эрхийг ганцхан яллагдагч, хэрэгтний эрхээс доогуур тавьж байгааг ялгаварлан гадуурхсан, гэж үзэхээс өөр аргагүй биз дээ.

-Хэрэгт хяналт тавьж байгаа прокуророосоо татгалзах хуулийн заалт байдаг шүү дээ. Та бүхэн прокуророосоо татгалзах хүсэлт гаргасан уу?

-Өмгөөлөгч маань Х.Өренийг татгалзсан боловч шүүх хүлээж аваагүй гэнэ лээ, Улсын Ерөнхий Прокурорын ёс зүйн хороонд хүсэлт өгөхөд зөрчил гаргаагүй гэх хариу өгсөн гэсэн. Хуулийн байгууллага нь хууль зөрчиж, хэргийн оролцогчдыг ялгаварлан гадуурхаж байгаа, гомдол гаргах эрхийг нь зөрчиж байгаа ажилтнаа үндэслэлгүйгээр хамгаалж байгаа тул олон нийтийн дэмжлэгийг хүсэж, эрх бүхий этгээдүүдэд нь мэдэгдэхээр танай сонинд хандаж буй юм.

-Таньд өөр хэлж амжаагүй зүйл юу байна вэ?

-Маш их гомдолтой байна. Прокурорын ёс зүйн дүрэмд прокурор нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч, түүний өмгөөлөгчтэй харилцахдаа ямарваа ялгавартай байдал гаргахгүйгээр тэдэнд хүндэтгэлтэй хандаж тухайн хэргийг шударга зөв шийдвэрлүүлэх итгэл үнэмшлийг төрүүлж чадахуйц мэдлэг, харилцааны соёлтой гэжээ. Тэгэхлээр ийм заалтыг зөрчсөн Прокуророор бид хэргээ шийдүүлэх хүсэлгүй байна. Хууль дээдлэнэ л гэдэг. Прокурорт энэ нь хамааралгүй юм уу.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.159) 2021 оны 02 сарын 03

prokuror ,generaluud dandaa yachaaraa chuuliig gajuuduulj chun ardiig min zovooj tamladag um!!! ,ter Eronchiilogch ,ESaid ,chuul zui yamnii said Nymbaatar tanar ene chereg deer ydaj onchgoi anchaarch unen zoviig oluulaachee, chaana chin chun nas barj , ard n olon onchin chuuchduud zovj bna.

0  |  0
Uvs khun (103.26.193.220) 2021 оны 01 сарын 29

Yaaadag muu kazak nobsh be

0  |  0
нэр(202.21.108.142) 2021 оны 01 сарын 29

дахиад бүүр олон сонин мэдээллийн хэрэгсэлд ханд

0  |  0
зочин-2(64.119.26.121) 2021 оны 01 сарын 29

БӨ аймгийн прокурор нь нутагархах,ялгаварлан гадуурхсан гэж ойлгов. Одоо чинь төрийн бүх шатны боловсон хүчний үйлдэл нэг иймэрхүү болсон гэхэд хилсдэхгүй. Шударга бус үйлдэл гаргагчдын эсрэг тэмцэх л хэрэгтэй.

0  |  0
ar(64.119.21.202) 2021 оны 01 сарын 29

huurhiiduu huuliinhan gedeg huniig neeren tarchlaah umdaa

0  |  0
хүрэл(64.119.20.51) 2021 оны 01 сарын 29

ПРОКУРОРУУД ЧИНЬ ЗАРИМ НЬ ӨӨРСДИЙН ХОНГИЛ ҮҮСГЭЧИХСЭН БАЙДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ. ТУХАЙЛБАЛ ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

0  |  0
Дунд(202.179.26.3) 2021 оны 01 сарын 29

Дээд шатны захралаас улбаалсан дунд ба доод шатны завхрал. Бүгдийг нь зайлуулж бүрэн эрхт улсаа хамгаалцгаая.

0  |  0
Top