АНУ-ын баруун эргийг нөмөрсөн түймэрт 33 хүн амиа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14


АНУ-ын баруун эргийг нөмрөөд буй ой, хээрийн түймрийн улмаас нас барсан хүний тоо 33-д хүрчээ.

Орегон болон Калифорни мужид хуурай халуун агаар хүчтэй салхитай хавсран түймрийг улам дэвэргэж байгаа бөгөөд Үндэсний цаг уурын алба аюулын улаан дохиог асаажээ.

Олон хүн ор сураггүй алга болоод байгаа тул амиа алдсан хүний тоо өсөж болзошгүй гэж албаны эх сурвалж онцолсон байна. Өнгөрсөн ням гарагаас эхлэн /2020.09.13/ нохойтой эрэн хайх, аврах багийнхан Орегон мужийн өмнөд хотуудад үнс нурам болсон дүүргүүдэд дайчлагдан ажиллаж байна. Тус мужид өдгөө 35 түймэр асаж байна.

Калифорни мужид 17 мянга орчим гал сөнөөгч 29 томоохон түймэртэй тэмцэж байна гэж Калифорнийн гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлжээ. Сүүлийн гурван долоо хоногт тус мужид дөрвөн мянга гаруй барилга, байгууламж үнс нурам болж, 1.2 сая гаруй га газар шатжээ. Түймрийн утаа Калифорни мужийн  тэнгэрийг бүрхэж, тэнгэр улаан өнгөөр будагдаж, агаарын чанар доод түвшинд хүрсэн ч нарыг халхаж, агаарын температур бууж, чийгшлийг нэмэгдүүлсэн нь гал сөнөөгчдөд түймрийн цурманд оруулахад дөхөм болжээ.

Агаарын чанарын технологийн “IQAir” компанийн мэдээллээр, өнгөрсөн бямба гарагт /2020.09.12/ дэлхийн агаарын хамгийн бохирдолтой таван хотоор АНУ-ын баруун эргийн хотууд нэрлэгджээ. Портлэнд хотын оршин суугчид түймрийн утааг гэртээ нэвтрүүлэхгүйн тулд хаалганы зайг алчуураар хаах, гэртээ N95 амны хаалт зүүхэд хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top