АНХААРЛЫН ТӨВД: Калифорнид онц байдал зарлалаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28


АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом тус мужид газар аваад буй ой хээрийн түймэртэй холбогдуулан онц байдал зарлажээ.

“Кинкэйд” гэж нэрлэгдээд буй түймрийн улмаас 180 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд энэ нь тус мужийн түүхэн дэх хамгийн олон хүнийг хамарсан нүүлгэн шилжүүлэлт юм. Мужийн гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр 79 барилга, байгууламж галд өртөөд байна. Мужийн хэмжээнд 30 мянга гаруй барилга байгууламжид аюул нүүрлэжээ. “Кинкэйд” түймэр 12 мянган га газар тархаад байгаа бөгөөд үүний дөнгөж 10 хувийг цурамд оруулжээ.

Байгалийн гамшгаас болж “Pacific Gas and Electric” компанийн нэг сая гаруй хэрэглэгчид цахилгаангүй байна.

Ой хээрийн түймрийг унтраахаар 3000 гал сөнөөгч дайчлагдан ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт хүчтэй салхи, хэт хуурай агаарын улмаас тус мужийн хэмжээнд хэд хэдэн газар ой хээрийн түймэр гараад буй юм.  
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top