ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Өнөөдөр 2020.08.28. Энэ оны 241 дэх өдөр бөгөөд он дуусахад 125 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 05 минутад мандлаа. 19 цаг 42 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 8 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Испанид “Улаан лоолийн баяр”-тай бол Черногорт Эзэн хаант улс тунхагласны баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Сара Ремер, Америкийн кино найруулагч Дэвид Финчер, Японы видео тоглоом зохион бүтээгч, Покемоны “эцэг” Сатоши Тажири, мэргэжлийн сүмоч Фүтэно, Испанийн хөл бөмбөгч Боян Кркич зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1937: ЗХУ-ын ДХАК-ын орлогч сайд Фриновский Монголд айлчлах үеэрээ “Японоос Монголыг эзлэх” төлөвлөгөө гэгчийг Дотоод яамны сайд Х.Чойбалсанд гардуулсан. Улмаар энэ өдөр өндөрлөсөн “Заговор-1” /Хуйвалдаан-1/ гэсэн уг бичигт даруй дайчлан баривчлах шаардлагатай 115 хүний нэрсийг орос хэлээр бичиж машиндан, мөн “П.Гэндэнгийн мэдүүлгийн хуулбар” гэгчийг бас гардуулсан нь” П.Гэндэн, Г.Дэмидийн удирдсан хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын хэрэг” гэгч ор үндэсгүй зүйлийн суурийг тавьж, Монголд цуст хэлмэгдүүлэлт эхэлжээ. Энэ 115 хүний нэрсийн дотор Монголын төр засгийн дээд албан тушаалтнууд, “Ж.Лхүмбийн хэрэг” гэгчид урьд нь холбогдож байсан 67 хүн ба тэр үеийн нийгэм, улс төр, соёл, цэргийн нэрт зүтгэлтнүүд байв.

1995: Монголд эдийн засгийн хоёрдогч зах зээл нээгдэж, үнэт цаасны арилжаа явуулж эхэлжээ. Үүгээр Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа эхлүүллээ.

1998: УИХ Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлав.

2007: БНХАУ-ын Өнгөт Металл ХК Монгол Улсын Сүхбаатар аймаг болон Монголд байгуулах төмөрлөгийн уурхайд хамтарсан хөрөнгө оруулсан барилгын ажил дуусч, ашиглалтад оржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1937: Японы алдарт “Тоёота” компани үүсэн байгуулагдав.

1946: Монгол Улсыг НҮБ-д элсэхэд АНУ хориг тавьжээ.

1961: Канадын Торонтод “Хоккейн алдрын танхим” нээгдлээ.

1963: Мартин Лютер Кинг “Надад мөрөөдөл бий” алдарт үгээ хэлжээ.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ.

Энэ өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top