Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.
БОДЛОГЫН АЛДААНЫ ХОХИРОГЧ НЬ ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ БОЛДОГ
-2000 оны үед БОЯ-нд газрын алба гэж байсан. Гэтэл Ерөнхий сайдын мэдэлд очоод, дараа нь БХБЯ руу шилжсэн. Удалгүй МХЕГ-т байгаль орчны хяналтыг бас нэгтгэсэн. Ингэснээр яам “шүдгүй арслан, эхгүй хүүхэд” шиг өнөөдрийг хүрч байна. Тодорхой хэлбэл, өнгөрсөн 20 жилд байгаль орчны салбарт энэ тогтолцоо үр дүнгээ өгөхгүй байгаа нь харагдлаа. Энэ алдааг засах талаар олон жил ярьж байгаа ч шийдэж чадахгүй, магадгүй шийдүүлэхийг хүсэхгүй байна. Та ямар алхам хийх вэ?
-Байгаль орчны яамыг газраас нь салгаж ойлгож яаж болох вэ дээ. Энгийн түвшинд ч ойлгогдохгүй. Агаарт ажилладаг болж таарч байна. Яамны бодлогыг сүүлийн найман жил барьж ажилласан газрын дарга маань гавъяаныхаа амралтанд гарах гэж байгаа юм байна. Тэгээд шинэ сайддаа сануулж хэлсэн хэдэн чухал зүйлийн нэг энэ. Шүүмжлэл нь бүгд яаманд хаяглагддаг ч газрын асуудлыг гол нь Барилга, хот байгуулалтын яам, нийслэл, орон нутаг гээд олон байгууллага зэрэг мэддэг, зөвшөөрөл олгохоос гадна хоорондын уялдаа холбоо хангалтгүй явж иржээ. Үүний горыг иргэд, аж ахуйн нэгж амсаж, эрсдэлд ордог.
Хоёр жишээ татъя. Хойшоо зуслангийн замд татмын нугад үйлчилгээний төв барьсан нь барилгын бат байдалд эрсдэлд үүсэхээс гадна голын усны нөөцийг даржээ. Үерийн усны далан буулгаж барилга барьсан учраас бороо орохоор хороолол усанд автдаг явдал ч байна.
Энэ бол зөвхөн энэ орон сууцны асуудал биш. Хамгаалалтын далангийн урд барьсан учраас их хэмжээний үер хот руу орж ирэх аюултай. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй, дураараа дургиж газар олголт хийх нь ямар эрсдэлтэй болохыг энэ хоёр баримт илтгэнэ. Мэргэжилтний хэлсэн үг энэ. Хамгийн аюултай нь ийм баримт хоёроор тогтохгүй. Тиймээс БХБЯ хот суурин газрын асуудал дээр л яамтай хамтарч ажиллах нь оновчтой гэж мэргэжлийн хүмүүсийн хэлээд буйг бид чихнийхээ хажуугаар өнгөрөөж боломгүй. Барилга, байгууламжуудыг барьж байгуулах, ашиглалтын ангиллаар нь тооцож нягтлах зэрэг асуудлыг хариуцдаг утгаар нь газрын албыг БХБЯ-нд шилжүүлсэн байдаг.
Ой, ус, амьтан, ургамал, эрдэс баялаг гээд байгаль орчны бүхий л үзэгдэл юмсын оршин тогтнох гол нөхцөл, эх суурь нь газар юм. Тиймээс газрын бодлого яамны салшгүй, маш чухал асуудал. БОАЖЯ аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэрийн газрыг товлох, улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг удаа дараа тавьсан ч шийдэгдээгүй байна. Энэ мэтчилэн яамны дэргэд газрын асуудал хариуцсан алба байх шаардлага бодитой бий. Бид яамны шинэ бүтэц хийж байна. Үүнд, байгаль орчны хамгаалал, зүй зохистой ашиглалтад ач холбогдолтой газрын асуудал, бодлого хариуцсан нэгжтэй болно. Үүнээс гадна байгаль орчинд хяналт тавих, гарсан зөрчлийг таслан зогсоох чиг үүрэг яаманд алга. Энэ нь МХЕГ-ын эрх хүрээний асуудал болж, харин шүүмжлэлийг нь яам үүрдэг зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагааны уялдааны хүрээнд том эрх ашгаа тооцож шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Жишээ нь, уул уурхайн компанийн хууль зөрчсөн үйл ажиллагааг илрүүллээ ч техник, тоног төхөөрөмжийг лацдаж түдгэлзүүлэх эрхгүй. Энэ асуудлыг ул суурьтай судалж, шийдвэрлэх шаардлагатай.
-Салбарынхны хамгийн их эмзэглэдэг, шүүмжлэлтэй ханддаг асуудал нь БОАЖЯ-ны хүний нөөцийн бодлого. Мэргэжлийн, туршлагатай боловсон хүчин нь үе үеийн сайд нарын үзэмжээр халагдаж, солигдсоор чадваргүй багтай үлдсэн гэж. Та ЭМЯ-ыг хэрхэн зангидаж, чадварлаг баг бий болгосонтой адил энэ удаад бас зоригтой өөрчлөлт хийж чадах уу?
-Ажиллаад үзэхээр мэдэгдэнэ дээ. Байгаль орчин бол асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг, хамгийн гол нь эх оронч, газар шороогоо хамгаалдаг, ирээдүй хойчоо боддог үр хүүхэддээ хайртай хүн ажиллах ёстой салбар. Бид үр хүүхэд, ирээдүй хойчдоо хөгжил дэвшил, унаган байгаль үлдээх үүрэгтэй. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньрүйтэй уулзах үеэр урд хөрш нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх таван цогц бодлогыг тодорхойлохдоо байгаль орчныг онцолжээ. БНХАУ-ын дарга Си Жинпин “Ногоон уул-Цэнхэр ус” хэмээн тодотгоод, “Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд байгалийг золиослох ёсгүй. Эрүүл саруул, аз жаргалтай амьдралын үндэс нь Ногоон уул-Цэнхэр ус” гэсэн байна. Хятадууд байгаль орчноо маш сайн хамгаалж буй талаар Элчин сайд ярьсан. Улс орнууд байгаль орчиндоо хэрхэн анхаарч, ач холбогдлыг нь чухалчилж буй нэг л жишээ энэ. Цаашид сэтгэлтэй, чадварлаг, мэргэжлийн баг, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж тулгамдаж буй асуудлаа шийдвэрлээд явна. Энэ бол миний үүрэг. Тэр тусмаа Засгийн газарт мэргэжлийн, хийж бүтээх эрмэлзэлтэй залуучууд, чадварлаг баг бүрдсэн. Тэдэнтэйгээ үг хэлээ олж, ногоон хөгжлийн бодлогыг хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэг маш чухал хэсэг буюу хүнээр бол зүрх нь юм. Тэрхүү үнэлгээ хэрхэн хийгдэж, хэрхэн батлагдаж, хэрхэн дагаж мөрдөхөөс их зүйл шалтгаалдаг. Гэтэл өнөөдөр БОАЖЯ-ны үнэлгээний асуудал хариуцсан хүмүүс нь өөрсдөө үнэлгээний хувийн компанитай талаар яригддаг. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж үзэх үү?
-Ер нь манай салбарын, тэр дундаа яамны боловсон хүчин, хүний нөөцтэй холбоотой асуудал их яригдаж байна. Та ч бас ноцтой асуудал хөндлөө. Мэдээлэл ч багагүй ирж байна. Танилцаж, бодитой эсэхийг судалж, баталгаажуулж байж асуудалд хандана. Үнэлгээний асуудал хариуцсан төрийн албан хаагч бизнестэй, тэр тусмаа өөрийн эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр хувийн компанитай байх нь хуулиар хориотой, эрх ашгийн зөрчил гэж үздэг. Ийм зөрчил байгаа бол таслан зогсооно. Байгаль орчны ашиглалт, хамгаалалтыг хянах гол механизм нь нөлөөллийн байдлын үнэлгээ юм. Ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, түүнээс сэргийлэх арга зам, шийдэл, зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг энэ үнэлгээний үр дүнд гаргадаг. Аж ахуйн нэгж, байгууллага үнэлгээний дүгнэлт, арга аргачлал, таван жилээр баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Цаашид үнэлгээний байгууллагын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, хууль, журмын дагуу шударга ажиллаж буй, эсэхэд хяналт тавьж ажиллана.
“УРТ НЭРТЭЙ” ХУУЛЬ, УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ,
УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫГ ХАМГААЛАХ ТАЛААР ХАТУУ БОДЛОГО БАРИМТАЛНА
-Байгаль хамгаалагчийн ажлыг малчин, эсвэл нутгийн жирийн нэг идэвхтэй хүн хийнэ гэсэн ойлголттой байдаг. Мэдлэг чадвартай, боловсролтой залуучууд уулын мухарт очиж ажиллахгүй гэж ярьдаг. 2012 оны үед байгаль хамгаалагчийг чадавхжуулж, хүчтэй болгох асуудал нэлээн яригдаж байсан ч одоо бүр мартагдчихлаа. Унааны ганц морь, мотоциклтой, хэрэг зөрчлийг зогсоох, шаардлага тавих, сануулахаас өөр эрх мэдэлгүй байгаль хамгаалагчаас хэн ч айхгүй байна. Тэднийг илүү хүчтэй болгох ямар боломж байна вэ?
-Ажил аваад хамгийн түрүүнд анхаарч байгаа асуудлуудын нэгийг та хөндлөө. Байгаль хамгаалагч мэдлэг боловсролоос гадна орон нутгаа мэддэг, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн байх нь чухал. Улсын хэмжээнд 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байгаагийн тал нь яамны, үлдсэн нь орон нутагт харьяалагддаг. Яамны шууд харъяа тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын хувьд жил бүр сургалтанд хамрагдаж, унаа, дүрэмт хувцас, аяны болон бие хамгаалах техник хэрэгслээр 3-5 жил тутамд хангагддаг. Саяхан байгаль хамгаалагчдаа мотоциклиор хангасан. Ойрын үед машин бусад техник хэрэгслээр ээлж дараатай хангана. Мөн шалгалтанд хамруулж байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгож байна. Бид аймаг, нийслэлийн Засаг дарга нарт байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг хуулийн дагуу зарцуулж, байгаль хамгаалагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, орон тоог нэмэх, урамшуулал олгох шаардлага тавьж ажиллана. Яамны зүгээс МХЕГ-тай хамтран аймгуудын БОАЖГ-ын 112 байгаль хамгаалагчид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх өгсөн. Энэ асуудлыг 2014 оноос хойш хөөцөлдөж, энэ онд үр дүнд хүрсэн байна.
-УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн 50 гаруй хувийн эзэмшлийн “Аспайр Майнинг Лимитед” ХХК-ийн охин компани болох “Хургатай хайрхан” ХХК, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд буюу Тэсийн голын эх, ай савд нүүрс олборлолтын “Овоот” төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна. Хэрвээ Тэсийн голын ай савд уул уурхайн томоохон олборлолт эхэлбэл Хөвсгөлийн мөн цэвдэгт бүс нутагт төдийгүй Завхан, Увс нуурын экосистемд сөргөөр нөлөөлж, хэтдээ асар их уршгийг дагуулахыг анхааруулдаг. БОАЖЯ энэ талд ямар байр суурьтай ажиллах вэ?
-Энэ талаар одоогоор мэдээлэлгүй байна. Яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс энэ асуудлыг хянах үүрэгтэй. Дээрх талбайнууд Усны тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу тогтоосон хамгаалалтын бүсэд хамрагдсан, эсэхийг харгалзах ёстой. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүн мөн чухал. Тодруулаад танд хэлье. Ер нь “Урт нэртэй” хууль, Усны тухай хуулийг хэрэгжүүлэх, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, усны сан бүхий газрыг хамгаалах талаар хатуу бодлого баримтлан ажиллах болно. Ус бол амьдралын ундарга учраас хүн болгон энэ асуудалд хатуу чанга байна гэдэгт эргэлзэхгүй байна.
-Өнгөрсөн жилүүдэд Засгийн газар, БОАЖЯ уул уурхайн ашиглалт, хайгуулын цөөнгүй тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Засгийн газраас гарсан ямар нэг шийдвэрийн дараа ААН-үүд шүүхэд хандана, унана, ялагдана, дахин шүүхдэнэ гэх мэтээр “зууралддаг” тогтолцоо бараг ёс мэт боллоо. Тэрчлэн шүүхээр компани ялаад дахин ухдаг жишиг ч байна. Эсвэл цуцалсан лицензээ дахин өөр компанид олгодог зэрэг асуудлыг цаашид яах ёстой вэ?
-Ашиглах, хамгаалах асуудал давхар явах ёстой атал хамгаалах чиглэл хоцорч, улмаар хоцорч яваад байгаа гэж дээр хэлсэн минь энэ л дээ. Тухайлбал, Гутайн даваа-Хөмүүл голын эхийг улсын тусгай хамгаалалтад авсантай холбогдуулж яам дүгнэлт гаргасны үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосны газраас хоёр компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байна. Одоогийн байдлаар Архангай, Баянхонгор, Өмнөговь, Завхан, Увс, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч 34 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 43 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасан байна. Яам дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлдэг. Энд шийдвэр гарна. Гайгүй сайн хамтраад ажиллачихна гэсэн итгэл байна. Таны хэлж байгаатай санал нэг байна. Хууль зөрчсөн ч буцаад үйл ажиллагаа нь сэргэдэг жишээ олон. Захиргааны хэргийн шүүх байгаль орчныг хэрхэн яаж доройтуулж, нөхөн сэргээхгүй орхиж, гол усыг бохирдуулж, экосистемд хохирол учруулсныг газар дээр нь үзэж танилцсаны дараа шийдвэр гаргадаг байх нь чухал. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талд шийдвэр дийлэнх нь гараад байгаа нь учир дутагдалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тал талдаа дүгнэлт хийж хамтарч ажиллах шаардлагатай. Хан-Уул дүүрэгт гэхэд Туул голын орчимд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох чиглэлээр 84 компанид лиценз олгосноос 54-ийг цуцалсан ч 22 нь эргэж сэргэсэн тухай ХУД-ийн Засаг дарга мэдэгдсэн. Аж ахуйн нэгжүүд голоос хайргыг шууд шанагадаад авч байна. Хайрга бол голын усны түвшинг хамгаалж байдаг гол давхарга. Нөгөө талаас “...барилга болон бусад салбарын бизнест сөргөөр нөлөөлнө. Таван жилийн дараа л хайрга, дайрга олборлох өөр орд барилгынханд зааж өгөөд зогсоож болно” гэж Өргөдлийн байнгын хороон дээр Туул голыг хамгаалах асуудал хэлэлцэхэд албаны хүн хэлж байсан. Энэ бол хүлээх боломжгүй шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудал. Ажил хариуцсан хүмүүстэй ярьж хөөрч эхэлсэн.
ЗАЙСАНГИЙН АМЫГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС ГАРГАХ САНАЛ ГАРГАХГҮЙ
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар УИХ “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” гэж заасны дагуу хилийн заагийг өөрчлөхөөр заасан байдаг. Зайсангийн амыг улсын тусгай хамгаалалтаас гаргах уу?
-Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амыг Улсын тусгай хамгаалалтаас гаргах, хилийн заагт өөрчлөлт оруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Өнөөдөр Богд уулын буга бусад амьтан буугаад ирж байгаа тухай иргэд тэр дундаа тэнд амьдарч буй оршин суугчид өөрсдөө ярихаас гадна зураг авч, бичлэг хийж, сошиал орчинд тавьдаг. Бэлчээрлэх, амьдрах, хооллох ундлах газар нь хумигдсан учраас амьтан уруудсан нь тэр. Түүгээр ч зогсохгүй амьтдын цус ойртсон талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Бас л сэтгэл өвдмөөр асуудал шүү. Ер нь газар дэлхий дээр биднээс гадна араатан жигүүртэн, амьд амьтан амьдардаг. Бид түүнийг нь булаагаад байна гэдгээ тооцож, асуудалд хандахгүй бол хүн талаасаа бодсон ч нүгэл үйлдэж буй хэрэг. БОАЖЯ Зайсангийн амыг улсын тусгай хамгаалалтаас гаргах санал гаргахгүй.
-Зайсангийн амны суурьшлын бүсийн асуудлыг яаж цэгцлэх вэ?
-Эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх талаар судалж тодорхой арга хэмжээ авна. Одоогийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орон сууц, барилга байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмж жил бүр орсон орлогыг дархан цаазат газрын экосистемийг тэнцвэржүүлэх, байгаль хамгааллын ажилд зарцуулах, Богдхан уулын зүүн болон баруун талд амьтан чөлөөтэй шилжин нүүх гүүрэн экологийн гарцыг барьж байгуулах, сэргээн нутагшуулах зэрэг ажлыг зохион байгуулах саналыг газар, хэлтсээс танилцуулсан. Мөн 118 аж ахуйн нэгж, иргэнд дархан цаазат Богд уул, Горхи-Тэрэлжийн аманд газар олгох, хугацаа сунгах, эрх сэргээх, хэсэгчлэн цуцлах зөвшөөрөлд тамга даруулахаар оруулж ирсэн. Нэг бүрчлэн судалж, мэргэжлийн баг, хуульчид ажиллуулж байж шийднэ. Газрынхаа төлбөрийг төлөхгүй луу унжиж, эрхээ албаар цуцлуулаад шинээр лиценз авдаг залилагчид ч байдаг юм байна.
Нэг зүйлийг онцлоход, 2013 онд УИХ-ын тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Зайсан орчмын газрыг орон сууц, олон нийтийн бүс болгон ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Газрын асуудлыг төрийн байгууллагууд, ялангуяа мэргэжлийн байгууллагын байр суурийг сонсож байж шийдвэрлэх шаардлагатайн бас нэг бодит жишээ энэ.
-Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 20,5 хувьд хүрлээ. Засгийн газраас 2020 онд багтааж 25, цааш 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Үнэндээ энэ нь тооны араас хөөцөлдсөн “шоу” биш үү. Учир нь УТХ-д авсан газар нутгийн хэмжээг га талбайгаар нь тооцвол 30 гаруй саяд хүрсэн. Гэтэл тэнд төрийн нүд, чих алга. Иймд тоогоо нэмэх бус, хамгаалалтын менежментийг сайжруулах талд Та бодлогын ямар өөрчлөлт хийх вэ? Жишээ нь, Хустайн БЦГ, Их Нартын БНГ-ын хамгаалалтыг Байгалийн нөөцийн хамтын менежментийн хувьчлалаар хувийн байгууллагад хариуцуулсан нь үр дүнгээ өгч байна. Иймэрхүү байдлаар зарим газрын хамгаалалтыг хувьд өгөх боломжтой юу?
-Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх, тоог нэмэгдүүлэх 30 хувьд хүргэх асуудал зүгээр нэг тооны араас хөөцөлдсөн зүйл биш. Тухайлбал, БОАЖЯ, Олон улсын Де Нэйчэ Консерванси байгууллага, салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран экологийн ач холбогдолтой газруудыг олон шалгуураар улсын хэмжээнд тогтоож, экологийн ач холбогдлоор нь гурван үе шаттайгаар ангилан 2030 он хүртэл улсын тусгай хамгаалалтад авах газруудыг нарийвчлан тодорхойлсон. Хамгааллын менежментийн хувьд Хустайн байгалийн цогцолборт газрын жишгээр төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байна.
-Эзэнгүй орхигдож эвдэрсэн газар 9,0 мянгаад га талбайгаар хэмжигдэж байна. Эзэнгүй гэхээр төрийн толгой дээр буучихдаг. Гэтэл энэ газрыг нөхөн сэргээхэд 160 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ?
-Ерөнхий сайд нөхөн сэргээлтийн ажилд онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн. Улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогоор нөхөн сэргээх шаардлагатай эзэнгүй орхигдсон найман мянган га талбай байгаа гэж үзсэн. БОАЖЯ орон нутаг, хууль хяналтын байгууллага болон Экологийн цагдаагийн албатай хамтран нөхөн сэргээлт хийгээгүй орхисон талбайн эзэн холбогдогчийг тогтоох, хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн. Одоогоор улсын хэмжээнд 24,3 мянган га газрыг нөхөн сэргээх шаардлагатай. Нэг га талбайг сэргээхэд 20 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоонд үндэслэн төсвийг 160 тэрбум төгрөг гэж үзэж байгаа юм билээ. Зарим нь ч социализмын үед олборлолт хийгээд орхисон, дийлэнх нь лиценз дамнуулан наймаалж эзэн нь олдохгүй болсон газар гэсэн тайлбар авсан. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг хууль, журмын дагуу Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлдэг. Өнөөдрийн байдлаар 16 тэрбум төгрөг дансанд төвлөрсөн байна. Нөхөн сэргээлтийн ажил шат дараатай хийгдэнэ. Бидний анхаарч буй гол асуудлуудын нэг нөхөн сэргээлт. Энэ бол амаргүй бөгөөд хөрөнгө мөнгө шаардах ажил.
-Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Дүнд нь, өмнө нь 500 см3 багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий тоног төхөөрөмж ашигладаг байсан нь 3500 см3 болж нэмэгдсэн. Ингэснээр зарим компани олон хариуцлагаас мултрахын тулд бичил уурхайчид болон нөхөрлөл байгуулах замаар олборлолт хийж байна. Алсдаа асар уршигтай энэ журмыг яаралтай хүчингүй болгох ёстой гэдэгт санал нийлэх үү?
-Энэхүү журам нь эвдэрсэн газрын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзсэн. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагын шалгалтаар уул уурхайн компаниудын татвар нэмэгдэж буйн улмаас бичил уурхай болон нөхөрлөл байгуулах замаар олборлолт хийх, мөн онцгой хортой химийн бодис болох мөнгөн ус, цианид натри зэргийг хууль бусаар ашиглах, нөхөн сэргээлт хийхгүй орхих зэрэг олон зөрчил илэрч байна. Энэ журамд өөрчлөлт оруулахаар яамдаас санал авч байгаа.
ГОВИЙН БҮСИЙН УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛД
ТЕХНОЛОГИЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗРЫН ДООРХ УС АШИГЛАХЫГ ҮЕ ШАТТАЙ БУУРУУЛНА
-БОАЖЯ 2019 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулсан. Уг өөрчлөлтөөр төлбөрийн доод хязгаарыг 50-60 хувиар багасгаснаар томоохон бохирдуулагчид илүүг төлж, үүний хэрээр усаа дахин ашиглах, шинэ технологи нэвтрүүлэх сонирхлыг зогсоосон гэж үздэг. Тэгэхээр бохирдуулагч нь илүүг төлөх бодлогоос яам ухарсан гэж үзэж болох уу?
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн мөн чанар нь усны нөөц хомсдож, бохирдохоос хамгаалахад чиглэгдсэн. Ус бохирдуулсны төлбөрийн дээд болон доод хэмжээг өөрчилж, бохирдол ихэссэн тохиолдолд төлбөр нэмэгдэж, хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг ус бохирдуулсаны төлбөрөөс гурван жилийн хугацаанд чөлөөлөх, ус бохирдуулсаны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах юм. Хэн усыг бага бохирдуулж байна тэр хөнгөлөлт эдэлнэ, харин бохирдол ихсэх бүрт төлбөр нэмэгдэхээр байгаа. Энэ бол хуулиар тогтоож өгсөн эдийн засгийн хөшүүрэг юм. Хуулийн сайн муу, амьдралд хэрэгжих боломжтой, эсэхийг цаг хугацаа харуулна.
-2017 оноос хойш БОАЖЯ нууруудыг сэргээх нэрээр бизнес хийж байна гэж яригдах боллоо. Жишээ нь, Ганга нуурыг сэргээх нэрээр гурван цэгт өрөмдлөг хийж ундаргыг нь хайж олоод, нэгээс нь суваг татаж, усыг дээш соруулан нуур руу цутгах байдлаар зүгээр л ууршуулж байна. Үүнд, байгаль хамгаалагчийн байр сууц гэж 35 сая, нийт 400 гаруй сая төгрөг зарцуулчихаад байна. Дэлхийд байхгүй ийм технологи хэрэглэх гэж байгааг усны чиглэлийн эрдэмтэд хэчнээн эсэргүүцээд тусыг олоогүй...
-Сэтгүүлчид мэргэжлийн онцлогоо дагаад эх оронч сэтгэлзүй илүүтэй хөгжсөн байдаг гэж үздэг. Тиймээс ч байгаль орчин, эх орны сэдэвтэй асуудалд хүч түрэн орж ирдэг. Байгаль орчны салбарт хэвлэл, мэдээллийн хэрэгсэл тэр дундаа мэргэшсэн сэтгүүлчдийн үүрэг оролцоо, дуу хоолой чухал. Энэ дашрамд хэлэхэд, байгаль ээжээ хайрлан хамгаалж ирсэн эцэг, өвгөдийнхөө уламжлалыг хүүхэд залуучууддаа өвлүүлэх, эх орон, үзэсгэлэнт газар, ховор амьтан, ургамлаа дархлан хамгаалах чин сэтгэлтэй болгох чиглэлд ажиллах төлөвлөгөөтэй байна. Боловсрол, Соёлын сайд нартайгаа ч ярьж буй зүйл бий. Тодорхой баримтын тухайд одоогоор мэдээлэлгүй байна. Хэрэв ийм зүйлд оролцсон хүн байгаа бол цаашид хамтарч ажиллах боломжгүй шүү дээ.
-Өгий нуурыг сэргээх зорилгоор өнгөрсөн хоёр жилд нийт 4,0 тэрбум төгрөг улсын төсвөөс авсан. Лав 2,0 тэрбум төгрөгөө дууссан мэдээ бий. Уг нь тус нуурыг хэрхэн сэргээх талаар монгол, япон эрдэмтдийн судалгаагаар батлагдсан бэлэн аргачлал байдаг. Гэтэл төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ядаж л эхлээд бохирдлыг арилгах, урсацыг нэмэгдүүлэх суваг шуудуу татах гээд зайлшгүй шаардлагатай ажлуудыг хийсэнгүй гэх шүүмж байна?
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гол нуур хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс, бэлчээр хуурайшин цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Өгий нуур нь Улаанбаатар хотод хамгийн ойрхон байдаг цэвэр цэнгэг устай нуур. Тэр ч утгаараа гадаад, дотоодын аялал жуулчлал, амралт зугаалгын гол бүс нутаг юм. Сүүлийн жилүүдэд нуурын ус багасч, бохирдол нэмэгдэн, экосистемийн тэнцвэр алдагдах болсон. Иймээс Өгий нуурыг хамгаалах, усны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор гол цутгал болох Хөгшин Орхон руу Орхон голоос ус татах ажлын зураг төсөл, төсвийг боловсруулсан. Өгий нуурыг сэргээх сувгийн ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна гэсэн мэдээ аваад байна.
-Уул уурхайн гол бүс нутаг говийн аймгуудад төвлөрснөөр гүний усны хэрэглээний асуудал тун хүнд боллоо. Газрын доорх ус нь 5000-аас дээш жилийн насжилттай бөгөөд эргэж нөхөн сэргэхдээ таван мянгаас 50 сая жилийн хугацаа шаарддаг. Иймд уул уурхайн компаниудын гүний усны хэрэглээг огцом хязгаарлах, зөвхөн саарал ус ашиглах, технологийн горимд нь өөрчлөлт оруулах талаар нэн яаралтай бодлогын ямар өөрчлөлт хийх вэ?
-Уул уурхайн томоохон орд газрууд говь тал, хээрийн бүс нутагт байна. Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга, Хармагтай, Бор-өндөр, Багануур, Шивээ овоо гэх мэт. Мөн нефть, төмөрлөг, алт зэс хайлуулах, нүүрс угаах зэрэг боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолборууд барихаар “Монгол Улсын Алсын хараа 2050”, Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Эдгээр бүс нутагт томоохон гол мөрөн, ил задгай ус байхгүй, хур тунадас бага орж, ууршилт нэмэгдэж байгаагаас усны нөөцийн хомсдолд орж болзошгүй гэж судлаачид анхааруулдаг. Иймд говийн бүсийн уул уурхайн үйлдвэрлэлд технологийн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг үе шаттай бууруулах арга хэмжээ авах зорилгоор ”Хөх морь” төслийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санаачилгаар эхлүүлсэн. Энэ жил говийн бүсийн газрын доорх цэнгэг усны ордуудыг хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээнд хамруулах зорилгоор шинээр 20 цооног өрөмдөж холбох ажил хийж байна. Ер нь Орхон, Хэрлэн голд урсацын тохируулга хийж, усыг нь хуримтлуулчихвал өмнийн говьд шинээр байгуулах томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц болон бусад төслийн ус хангамжийн асуудлыг зохистой шийдвэрлэх боломжтой болно гэж усны мэргэжилтнүүд дүгнэсэн.
МОНГОЛЫГ СОНИРХОХ ГАДНЫХНЫ ТОО 159 САЯД ХҮРСЭН
-2019 онд Засгийн газар аялал жуулчлалын салбарт түүхэндээ байгаагүй өндөр төсвийг баталж, ач холбогдол өгсөн. Гэвч “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай бодлогын ажлуудад зориулагдсангүй. Жишээ нь, олон улсын үзэсгэлэн яармагуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн үнэлж, цэгнэж, заримыг “нүд аних”-ын хооронд хэдэн зуун сая төгрөгийг зугаалгад зориулчихсан. Цаашлаад БОАЖЯ бодлогын яам уу, сургалтын яам уу гэж андуурам ажлууд төлөвлөж, зарцуулсан. Энэ мэтээр буруу төлөвлөж, үргүй зарцуулсан хүмүүстэй эргэж хариуцлага тооцох систем байна уу?
-Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилт тавьж, санхүүжилтийг 1,0 тэрбум байсныг 2019 онд 6,3 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн. Төсвийг үр ашигтай зарцуулах, үйл ажиллагааг эрэмбэлэх нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна. Засгийн газрын гишүүний хувьд “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого”-ын баримт бичгийг хэлэлцэхэд санал бодлоо илэрхийлж байсан. Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр манай улс 2015 онд дэлхийн 136 орноос 102-т эрэмбэлэгдэж байсан бол 2019 онд 140 улсаас 93-т жагсаж, үзүүлэлт сайжирсан үнэлгээ авсан. КОВИД-ын улмаас гадны жуулчин авч чадаагүй ч Монголыг сонирхогчид улам нэмэгдэж байна. Интернэтээр тогтмол хайлт хийж буй гадныхны тоо 159 саяд хүрчээ. Цаашид цахим орчин, технологийн дэвшлийн маркетинг түлхүү ашиглаж буй олон улсын чиг хандлагад нийцүүлсэн менежмент хийх шаардлага бий. “Монголын аялал жуулчлалын гадаад сурталчилгааны стратеги төлөвлөгөө” боловсруулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажил эхэлсэн. Үйлчилгээний чанараар Монгол Улс дэлхийн улс орнуудаас сүүлээсээ 20 дугаарт бичигдсэн. Энэ чиглэлээр дорвитой ажиллах хэрэгтэй. БНСУ-тай хамтран аялал жуулчлалын сургалтын хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулах, мэргэжлийн сургалтын төв байгуулах ажлыг ирэх хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлнэ.
-БОАЖЯ 2020 онд аялал жуулчлалын салбарт 11,6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Гэвч коронатай холбоотойгоор бүх ажил зогсоод байна. Тэгвэл энэ мөнгийг “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан ажилд зарцуулж болохгүй юм уу. Жишээ нь, дотоодын аяллын маршрутын дагуу боловсон жорлонд суугаад, усанд ороод, түр отоглоод хөдөлдөг цэгүүдийг байгуулах зэргээр бүтээн байгуулалтын ажлыг хийж болох уу?
-Тантай бүрэн дүүрэн санал нийлж байна. Мөнгө хөрөнгө, цаг хугацаа байгаа дээр нь бэлтгэлээ базааж эхний ээлжинд дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлье. Гадаадын жуулчдыг хүлээж авах бэлтгэл хангая гэж бид төлөвлөж байна.
-Төв цэвэрлэх байгууламж 2024 онд ашиглалтад орно гэж тооцсон. Судалгаанаас харахад тэр хүртэл 300 сая шоометр бохир ус Туул голд шууд хаягдах нь. Ийм их бохир нийлбэл Туул гол аажимдаа “амь тавина” гэж эрдэмтэд анхааруулсан бөгөөд технологийн шийдлээр сааруулах боломжийн талаар санал гаргасан. Яам энэ асуудлыг судалж байна уу. Ямар арга хэмжээ авах вэ?
-Яам чиг үүргийн дагуу энэ асуудлыг анхаарсаар ирсэн нь гарцаагүй. Миний хувьд хамгийн сэтгэл эмзэглүүлдэг сэдэв энэ. Таны асуултуудад ч тодорхой хариулсан. Өргөдлийн байнгын хороонд байхад хамгийн олон иргэний гарын үсэгтэй ирсэн өргөдлийн нэг нь Туул гол, нөгөө нь утаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд манай яам Улаанбаатар хотын захиргаа, БХБЯ, УУХҮЯ, МХЕГ, ЦЕГ зэрэг төрийн байгуулага, ТББ, иргэн, аж ахуйн нэгж, дөрөв дэх засаглал бүгд хамтран ажиллах шаардлагатай. БХБЯ хоногт 160-180 мянган м3 бохир усыг биологийн аргаар цэвэршүүлэх 10 био картыг энэ онд ашиглалтад оруулна. Өөрөөр хэлбэл, бактер үржүүлж бохир усны цэвэрлэгээний түвшинг 90 хувьд хүргэх урьдчилсан тооцоолол хийгдээд байна. Энэ нь шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл хугацаанд Туул голын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх үйл ажиллагаа юм. Яамны зүгээс Туул голын бохирдлыг бууруулах, бохирдсон усыг цэвэршүүлэх судалгаа шинжилгээний болон зарим төслийн ажлыг үе шаттай хийж байна. Мянганы сорилтын сан, олон улсын байгууллагуудтай хамтран голын ёроолыг цэвэршүүлэх төсөл хэлэлцээний түвшинд явж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа шинэ цэвэрлэх байгууламж барих ажил 2019 онд эхэлж 2023 онд ашиглалтад авах урьдчилсан тооцоотой байна. Нэг таатай мэдээ гэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлахдаа тус улсын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпеотой Мянганы сорилтын сангийн шугамаар “Цэвэр усан хангамжийг сайжруулах үйлдвэр” барих санамж бичиг байгуулсны үр дүнд нийслэлчүүдийн эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усны хангамжийн асуудал 30-40 жилдээ толгой өвдөхгүй болно. Цэвэр усаа жорлонд урсгахаа зогсоож, шаардлага хангасан саарал усыг зориулалтын дагуу ашигладаг болох томоохон зорилт дэвшүүлэн ажиллана.
-40 гаруй төрлийн бүтээгдэхүүн гарган авдаг хушны самрыг монголчууд зүгээр л түүхийгээр нь Хятад руу их хэмжээгээр экспортолдог. 1990-ээд оноос хойш хушны самрын эрэлт нэмэгдсэнээр хушин ойн нөөц 40 хувиар хорогдож, маш их доройтсоныг тогтоосон. Энэ ховор баялгаа түүхийгээр экспортлох нь зөв үү. Энэ байдлаараа хушин ой мөхөхөд хүрвэл яах вэ?
-Ойн тухай хуульд их ургацын жил ахуйн болон үйлдвэрийн, дунд ургацын жил ахуйн, бага ургацын жил аль ч зориулалтаар самар түүхийг хориглоно гэж заасан. 2018-2019 онд бага ургацын жил тохиосон учир үйлдвэрийн зориулалтаар түүлгээгүй. 2020 оны ургацын мэдээ гараагүй байна. Мөрдөгдөж буй журмын дагуу Ойн судалгаа, хөгжлийн төв жил бүрийн наймдугаар сарын 25-ны дотор аймгийн ойн ангиудаас самрын ургацын мэдээ авч, яаманд хүргүүлсний үндсэн дээр самар түүх, эсэх шийдвэр гардаг. Ер нь байгалийн баялгаа зохистой ашиглах, нөхөн сэргээх гэсэн чиг үүргийн өмнө хайрлан хамгаалах бодлого нь тэргүүлнэ гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ бол төрийн бодлого, үүнийг хэрэгжүүлэх нь сайдын үүрэг гэж бодож байна. Албархаг, модон сонсогдож болох ч бид хойч ирээдүй, өөрсдийн үр хүүхэддээ хөгжил дэвшлийг унаган байгальтай нь үлдээх үүрэгтэй гэдгийг давтан хэлье.