Өнөөдөр 2020.04.24. Энэ оны 114 дэх өдөр бол он дуусахад 252 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 46 минутад мандлаа. 19 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 0 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Лабораторийн амьтдыг хамгаалах өдөр. Дэлхийн улс орнуудаас Балбад Ардчиллын, Замбид Хүүхдийн эрхийг хамгаалах, Гамбид Бүгд найрамдах улсын өдөр тохиож байна.
Энэ өдөр “Алтан бөмбөрцөг” наадмын ес, Греммийн хөгжмийн наадмын 10 удаагийн шагналт жүжигчин, дуучин Барбара Стрэйсэнд, Италийн хөл бөмбөгч Алессандро Костакурта, Дэлхийн аварга, Украины таван төрөлтийн тамирчин Ханна Мельниченко, Бельгийн хөл бөмбөгч Йан Вертонген, Өмнөд Солонгосын жүжигчин Ким Тэ Ри зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1956: БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав.
1997: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 69 дүгээр зарлигаар “Цэргийн шинэчлэлийн бодлого” баримт бичгийг баталжээ.
2017: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасан юм.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1953: Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллд сир буюу “хөлөг баатар” цол олгожээ.
1965: Доминиканы бүгд найрамдах улсад төрийн эргэлт болж, Засгийн эрхийг шилжүүлснээр тус улсын иргэний дайн намжив.
1996: АНУ “Терроризмтой тэмцэх, цаазын ял оноох тухай” хуулийг баталжээ.
2004: АНУ Ливид 18 жилийн турш тогтоогоод байсан эдийн засгийн хоригоо цуцлав.
Энэ өдөр үс засуулбал нас ахар болно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр гэр бүрэх, гараг тахих, хагалгаа хийлгэхэд сайн бол мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас тавих, архи уух, тамхи татахад таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )