Ойрын өдрүүдэд говийн нутгаар 34 хэм хүрч хална

О.Должин | Zindaa.mn
59 минутын өмнө

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүхэн, бороо хуртай, цаг агаар таатай байсан бол ойрын өдрүүдэд нийт нутгаар харьцангуй тогтуун байх төлөвтэй байна.

Долдугаар сарын 17-ны Баасан гарагт Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн говийн сумдаар өдөртөө 30-34 хэм хүрч хална. Харин 18-ны Бямба гарагт Говь-Алтай, Баянхонгорын говийн сумд, Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг болон Дундговийн зүүн өмнөд хэсгээр 32-34 хэмийн халуун байх төлөвтэй байна.

Долдугаар сарын 19-ний Ням гарагт Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар өдөртөө 28-30 хэм дулаан байна.

Хур тунадасны тухайд, 17-ны өдөр баруун болон хангайн бүс нутгаар, 18-ны өдөр хангай, төв, зүүн бүс болон говийн бүсийн зарим нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Харин 19-ний өдөр Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим сумын нутгаар мөн түр зуурын бороо орох төлөвтэй байна.

Улаанбаатар хотод долдугаар сарын 15-нд өдөртөө 24-26 хэм, 16-18-ны өдрүүдэд 22-24 хэм дулаан байна. Мөн 18-ны Бямба гарагт түр зуурын бороо орох магадлалтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top