ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Өнөөдөр 2020.04.20. Энэ оны 110 дахь өдөр бол он дуусахад 256 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 53 минутад мандлаа. 19 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -3 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хар тамхины эсрэг олон улсын өдөр тохиож байна. Мөн НҮБ-ын Хятад хэлний өдөр юм.

Энэ өдөр Монгол Улсын Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн төрсөн өдөр. Дэлхийн оддоос Их Британийн жүжигчин Вероника А. Картрайт, Америкийн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Жессика Лэнг, жүжигчин Кармен Электра, модель Миранда Керр, Оросын рэппер Баста, Канадын хоккейч, олимпын аварга Брент Сибрук, Ирландын хөл бөмбөгч, хаалгач Шей Гивен зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1962: Монголын Ардчилсан хувьсгалт хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч Санжаасүрэнгийн Зориг энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө бусдын гарт амиа алдсан юм.

2013: Монгол хүн анх удаа Хойд туйлд хөл тавьжээ. Уулчин Г.Өсөхбаяр энэ өдөр хойд мөсөн далайг явган туулж, дэлхийн зулай, туйлын 90 градусын цэгт төрийн далбаагаа мандуулжээ.

2015: Монголбанк нацист Германыг ялсны 70 жилийн ойн баярт зориулан дурсгалын мөнгөн зоос гаргав. Зоосон дээр Москвагийн Кремлийн цамхаг, Эх орны дайны одонг дүрсэлж, “70 лет Великой Победы” гэж бичжээ. 2500 ширхэг үйлдвэрлэсэн зоосон мөнгө 25 гр жинтэй, 925 сорьцын мөнгөөр хийгдсэн, 500 төгрөгийн номинальтай байв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922: Зөвлөлт Гүржийн нутагт орших Өмнөд Осетийн нутаг автономит эрхтэй болжээ.

1945: Нацистын Германы Лайпциг хотыг АНУ-ын цэргүүд эзлэн авав.

1946: “Үндэстнүүдийн Лиг”-ийг татан буулгаж, Нэгдсэн үндэстний байгууллагыг байгуулжээ.

Энэ өдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, хараал жатгыг буцаах, газар лусын зан үйл, өр барагдуулах, буг дарахад сайн бол ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top